Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
“Эрүүгийн эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Монголын хуульчдын холбооноос “Эрүүгийн эрх зүйн шинэтгэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 2 сарын 28-ний өдөр тэнхим, цахим хослуулан нийт 65 шүүгч, прокурор, өмгөөлөгчийг хамруулан зохион байгууллаа.  Тус хэлэлцүүлэгт Монголын хуульчдын холбооны ерөнхийлөгч П.Одгэрэл оролцож, хэлэлцүүлгийг судлаач, доктор Б.Өнөрмаа чиглүүлэн, “Эрүүгийн хуулийн системчлэл” сэдвийг  судлаач, доктор Т.Золбоо, “Эрүүгийн хуулийн хэрэглээ ба онол” сэдвийг УДШ-ийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр, “Хүний эрхийн хязгаарлалт ба эрүүгийн хууль” сэдвийг ХҮЭК-ын гишүүн, доктор Б.Энхболд, “Эрүүгийн болон захиргааны хариуцлага /хуулийн уялдаа холбоо/” сэдвийг МХХ-ны Эрүүгийн эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч Ж.Батмөнх нар хэлэлцүүлж, оролцогчтой ярилцлаа. 

Хэлэлцүүлгийн зорилго нь Эрүүгийн эрх зүйн болон Хууль зүйн салбаруудын төлөөлөл болсон панелистуудаас бүрдсэн ба Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухааныг дэмжих, хууль батлах үйл ажиллагаанд мэргэжлийн дэмжлэг үзүүлэх, бодлогын судалгаа болон бодлогын нөлөөлөл хийх зэрэг хуулиар хамгаалсан үүргээ хэрэгжүүлэх хүрээнд салбарынхаа бодлогыг тодорхойлох юм. Хэлэлцүүлэгт хөндөгдсөн зүйлсийг танилцуулахад:

Т.Золбоо: Эрүүгийн эрх зүй бол бие даасан эрх зүй бид үүнийгээ бие даасан системээр нь хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байна. Бид насанд хүрээгүй этгээдийн эрх зүй, эрүүл мэндийн эрх зүй гэх мэт Эрүүгийн эрх зүйд багтах олон асуудлыг системчлэх шаардлагатай байна.  

Ч.Хосбаяр: Хууль зүйн стандартын асуудал их чухал байгаа, стандартыг тогтоох хэрэгтэй. Энэ нь юунд хэрэгтэй вэ гэвэл хуульчдаа бүгдийг нь жигд хөгжүүлэхэд л оршиж байгаа юм. Стандарт хүний хүч чадал, эрмэлзэл, авьяас чадварыг нэг зүгт чиглүүлж өгөх юм зүйл юм. Чадварлаг хуульчид нь өөрийгөө хөгжүүлээд явдаг харин шинэ залуу хуульчид нь төөрөгдлийн байдалтай явж байна, хэнээс асуухаа мэддэггүй. Стандарт тавьчихвал хэнээс ч асуух шаардлагагүй тэрийгээ л бариад явна. Эрүүгийн хуулийн тодорхой гэмт хэргүүдийн шинж, тайлбар ойлгомжгүй байна. Жишээ нь илтэд худал мэдээлэл тараах гэмт хэргийн талаар. Илтэд  байх гэдэг эрх зүйн том зарчим. Жишээ нь худал мэдээлэл тарааж байгаа сэтгүүлчийн хувьд тэрийг өөрөө худал гэдгийг нь мэдэх буюу анхнаасаа ойлгомжтой энгийн нүдээр, зэвсэглэсэн биш нүдээр, судалгаа шинжилгээ хийхгүйгээр ойлгомжтой зүйлийг тараасан бол сэдэлтийн цаана гэмт санаагаар тараасан гэж үздэг. Тэрнээс биш сэтгүүлч өөрөө төөрөгдөөд худал мэдээлэл тараасан бол иргэний эрх зүйгээр гэм хор хохирлыг нь төлөх, нэр төрийг сэргээх асуудал яригдана, Эрүүгийн хариуцлага яригдахгүй. 

Өнөөдөр конвенц яаж хэрэгжиж байгааг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэг дээр ярья. Авлигын эсрэг 20-оод конвенц дэлхийд байна. Тэнд юу яригддаг вэ гэхээр. Авлигын гэмт хэрэг гэдэг бол 2 үндсэн шинжтэй эхнийх нь албан тушаалын байдлаа урвуулсан шинж байна. Мөн бусдад ашиг хонжоо харж, давуу тал болгосон 2 шинж байна. Энийгээ ямар арга замаар хийж байгаа вэ гэдгээр нь ялгаад тус тусдаа гэмт хэрэг болгоод өөрийнхөө Эрүүгийн хуульдаа үндэснийхээ эрх зүйн тогтолцооны онцлогтой нийцүүлээд тусгаарай гэж байдаг. Манайх орчуулахдаа хийх ёсгүй зүйлээ үйлдээд эсвэл хийх ёстой зүйлээ үйлдэхгүй байхаар давуу байдал олгосон гэж. Үүнийг хуучны онолоор субъект, субьектив, объект, объектив талаар нь хуваасан байдаг. Үйлдэл нь албаа урвуулах үйлдэл юм. Давуу байдал олгож байгаа нь нэмэлт объектив нөхцөл байдлаар орж ирсэн. Тэгтэл өнөөдөр үүний үндсэн үйлдлийг давуу тал олгох гээд 22.1-г зүйчилсэн.     

Б.Энхболд: Олон улсын гэрээ конвенцын тухай саналаа судлаачийн хувьд хэлье. Эрүүгийн хуулийн 1.2.4 дээр “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” Мөн 1.2.5 дээр “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж заасан 2 агуулга өөр юм шиг харагдаад байгаа. Гэтэл манай шүүхийн практик дээр олон улсын гэрээ конвенцыг хэрэглэх нь илүү ач холбогдолтой гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн хийдлийг нөхөж зүйчлэл хийж байгаа нь асуудалтай байна гэж би харж байгаа. Өөрөөр хэлбэл нийтийн эрх зүйн эх сурвалж эрүүгийн эрх зүйн эх сурвалж хоёрын ялгаа энд гарч байгаа. Өнөөдөр бид эрүү шүүлт гэдгийг бүгд өөрөөр ойлгож байгаа, яг конвенцоор тодорхойлсон юм гэдгээ баталж эрүүгийн хуульд томьёолохын тулд энэ олон улсын гэрээ конвенцыг ашиглана гэдэг санаа үүнд яваад байхад бид шууд конвенцоор зүйлчилж байгаа нь өөрөө их том хийдэл бүр цаашилбал маш том алдаа гэж би харж байгаа. Энэ нь юунаас харагддаг вэ гэхээр, жишээ нь эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа, хэрцгий харьцаж хүний нэр төрийг доромжлох гэдэг нь 3 өөр ойлголт. Энийг бид 1 утгаар байнга томьёолж ярьдаг. Ерөнхийдөө хүний эрхийн нэр томьёо олон улсын ойлголтуудыг зөв бий болгоход ялгааг нь салгахгүй бол болохгүй.  

Ж.Батмөнх: Залуу хуульчийнхаа хувьд зохион байгуулалтын шинжтэй юманд санаа зовниж явдаг. Эрүүгийн хуультай холбоотой ч бай процессын хуультай ч холбоотой бай хуулийн ажлыг хэсэг гэж явдаг. Ажлын хэсэг гээд прокурорын төлөөлөл шүүхийн төлөөлөл өмгөөлөгчийн төлөөлөл гээд явдаг. Ажлын хэсэг хуулийн төсөл дээр нэг дутуу юм байдаг. Буцаад нөгөө ажиллаж байгаа шүүгч, прокурор, өмгөөлөгч нартаа явж байгаа явцын талаар болоод агуулгынхаа талаар мэдээлэл огт өгдөггүй. Үүнээсээ болоод яг хууль хэрэглэж байгаа шүүгч, прокурор, өмгөөлөгч нар хууль хэрэглээний нэгдмэл байдал дээр зөрүү үүсдэг. Одоо эрүүгийн хуульд хэдэн удаа нэмэлт өөрчлөлт орж байгааг та бүхэн мэдэж байгаа. Өмнөх хуулийнхаа зохицуулалтыг ойлгоогүй араас нь хөөгөөд явж байхад дараагийн өөрчлөлт нь ороод эхэлчихдэг тэгээд л дараагийнх руугаа орчихдог. Өөрөөр хэлбэл бид араас нь хөөж явдаг, өмнө биш дараа нь хөөж явдаг. Миний хувьд хүсдэг юм юу байдаг вэ гэхээр ажлын хэсэгт орж байгаа хүмүүс энэ прокурор, шүүгч, өмгөөлөгч нартаа хуулийнхаа батлагдаж байгаа агуулгынхаа талаар мэдээлэл өгч түүнтэй санал солилцдог байгаасай гэж хүсэж байна. Одоо бол хуулиас гадна хамгийн том асуудал энэ УДШ-ийн тайлбарууд байгаад байна. 

Гэмт хэрэг болон зөрчлийн уялдаа холбооны талаар яривал зүгээр гэж бодож байна. 

Эрүүгийн хариуцлага гээд бүгд бол мэдэж байгаа, Эрүүгийн хуульд тодорхойлсон. Эрүүгийн хариуцлагын зорилгыг ч мэдэж байгаа. Харин зөрчил дээр юу гэж ойлгож байна вэ? Зөрчлийн зорилго хаанаа байна? Юундаа байна вэ? ЗтХ хүлээлгэж байгаа энэ хариуцлага нь яг Эрүүгийн хариуцлагадаа уялдаж чадаж байна уу үгүй гэдэг асуудал. Хэд хэдэн кэйс авч үзье.

Энэ төрийн албан хаагчийн үйлдэж байгаа хууль бус үйлдлүүд байна. Тухайлбал авлигын хэрэг. Авлигатай тэмцэх газраас энэ хүн авлигын гэмт хэрэг үйлдсэн байна аа гээд шалгадаг. За гэтэл тэр хүн нь ямар нэгэн байдлаар хууль бус үйлдэл хийсэн ч гэсэн гэмт хэргийн шинжгүй байж за тэгвэл зөрчлөөр шийдэх үү? Үндсэн хуульд заасан шударга ёсны зарчим хэрэгжиж байна уу үгүй гэдэг асуудал. Шударга ёсны зарчмын гол агуулга бол эрүүгийн хариуцлага. Ямар нэг хариуцлага бол гарцаагүй байх ёстой. Энэ хүн гэмт хэрэг ч байсан зөрчлийн хариуцлага хамаарахгүй байсан ч гэсэн төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль баталчихсан ёс зүйн хариуцлага яагаад хүлээж болохгүй гэж? Энэ талаар гэмт хэрэг биш болоод явсан ч гэсэн хойноос нь зөрчлөөр шийдээд ёс зүйн хариуцлага хүлээж байна уу гээд хянаж байгаа механизм манай дээр байхгүй. Одоо манай дээр бол гэмт хэрэг биш боллоо зөрчил боллоо шийдэж байна уу үгүй юу гээд  хяналт тавьж байгаа судалгаа хийж байгаа газар байхгүй.

П.Одгэрэл: Өнөөдрийн хэлэлцүүлэг маань маш чухал цаг үеэ олсон хэлэлцүүлэг гэж үзэж байна. Яагаад цаг үеэ олсон юм бэ гэвэл Монгол улсад бид бүгдээрээ мэдэж байгаачлан сүүлийн жилүүдэд ардчиллын үнэт зүйл, шударга ёсны, хууль дээдлэх ёсны, авлигын бүх талын үзүүлэлтээрээ Монгол улс маань улам л ухраад байна. Одоо 4 жил болгон мөрийн хөтөлбөрөө гаргаад л төр засаг нь явдаг, явах тусмаа л ухраад байдаг өөрөөр хэлбэл энэ хууль дээдлэх ёс гэж бараг байхгүй болж байна авлигал гэдэг маань хэмжээнээсээ хэтэрлээ. Энэ бүхэнд өнөөдрийн хуулийн тогтолцоо яаж нөлөөлж байгаа вэ?  Энэ бүхнийг засаж залруулахын тулд хуульчид дуу хоолойгоо яаж нэгтгэх вэ гэдэг асуудал чухал байгаад байна. Яагаад гэвэл МХХ мэргэжлийн байгууллага, МХХ үндсэн чиг үүрэг нь бол нийгэмдээ шударга ёс хууль дээдлэх ёсыг хэвшүүлэх тийм үндсэн чиг үүрэгтэй.  

Энэ хүрээндээ шударга ёсны байдал хууль ёсны зөрчлийн байдлаас хамаараад хуульчдын маань нэр хүнд шалдаа унаж байгаа байхгүй юу. Тэгэхлээр энийг бид яаж сайжруулах вэ гэдэг асуудал дээр Монголын хуульчдын холбоо хуульчдынхаа дуу хоолойг нэгтгэхийн тулд мөн сүүлийн үед захиргааны эрх зүйчид цугларч тухайн салбарынхаа хөгжлийн талаар ярилцлаа. Өмнө долоо хоногт иргэний эрх зүйчид бас цугларч энэ салбарынхаа хөгжлийн талаар ярилцлаа, өнөөдөр Эрүүгийн эрх зүйчид цугларч энэ салбарынхаа хөгжлийн талаар ярих гэж байна. 

Энэ бол маш чухал бас амаргүй яагаад гэвэл Өнөрмаа доктор хэллээ анх удаа ингээд ярьж байна гээд 100 гаруй жил бас хэвшсэн юм байна.  Эрүүгийн эрх зүйн хувьд ноднин жил хууль зүйн яаман дээр нэг илтгэл тавигдсан юм. Хууль зүйн сайд, Нарангэрэл академич энэ илтгэл дээр  Эрүүгийн эрх зүйн шинэчлэлийг 90 хувь нь энэ эрүүгийн эрх зүйн салбарт шинэчлэлт хийх зайлшгүй  шаардлагатай юм байна гэсэн судалгааны үр дүн гарсан байна лээ. Тэгэхлээр ямар их өөрчлөлтийг шаардаж байна, энэний төлөө бид эрх зүйчид  ялангуяа эрүүгийн эрх зүйчид анхаарал тавих ёстой хоорондоо ярилцах ёстой. 

Судлаач хүний хувьд иргээд харж байхад эрүүгийн эрх зүй дээр 2 том шинэчлэлт зайлшгүй гэж боддог юм. 1-т хариуцлагын тогтолцоо, өнөөдөр энэ нийгэмд хариуцлагын тогтолцоо байхгүй болчихсон гэж ярьж байна. Хамгийн худлаа хэлдэг хулгай хийдэг хүмүүс нь дээр гараад суучихсан хариуцлага тооцох байтугай дээр гараад суучихсан. Хариуцлагын тогтолцооны гол ноён нуруу юу байдаг юм бэ гэхээр эрүүгийн ял, эрүүгийн бодлого байдаг. Энүүгээр л хязгаарлана  гэтэл энэ маань амьдрал дээр үйлчлэхгүй байна. Тэгэхлээр энэ хариуцлагын тогтолцоо эрүүгийн эрх зүйн шинэчлэлт манлайлж явах ёстой.

Дараагийн нэг шинэчлэлт бол хууль хэрэглээний стандартыг нийгэмд бие болгох хэрэгтэй алийг нь торгоод алийг нь торгодоггүй юм, алийг нь баривчлаад алийг нь баривчилдаггүй юм ийм тэгш бус байдал байж болох уу? Энэ бол болохгүй, ялангуяа эрүүгийн эрх зүйн салбарт ийм нэгдсэн стандарт хууль хэрэглээний том шинэчлэлт зайлшгүй хэрэгтэй. 

Бид нар дасаад ирсэн юмыг өөрчлөх гээд байна, өнөөдөр цугларч ярьж байна гэдэг маш чухал энийг нэг хүн хийдэггүй юм аа энэ эрх зүйн шинжлэх ухаан гэдэг чинь  салбар  салбараараа хөгждөг юм аа. Энэ бол мэргэшсэн хуульчдын ажил юм аа, хуульчдын дуу хоолой мэргэшсэн хуульчид тэнд хууль хийдэг юм аа, мэргэшсэн хуульчид тэнд хуулийг хэрэгжүүлдэг юм аа, шинжлэх ухааныг хөгжүүлдэг юм аа гэдгийг төлөө бид нар дуу хоолойгоо өргөх ёстой.   

 

Б.Өнөрмаа: Уг хуулийн системчлэл сэдвийн хүрээнд юу ярьж болох вэ гэвэл Эрүүгийн хууль зөрчлийн хууль нарын давхцал юм. Нэг харахад гэмт хэрэг юм шиг эсвэл зөрчил ч юм шиг. Хамгийн сонгодог жишээ нь хамгийн их яригддаг гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эрхийг хамгийн их ярьдаг хэр нь зөрчлийн хуульдаа хүүхдийг өмсөх хувцас, идэх хоол, орон байраар зориуд гачигдуулсан бол гээд зөрчил болгож оруулсан мөртлөө Эрүүгийн хуульд хүүхэдтэй хэрцгий харьцах гээд оруулаад ирсэн. Эднийг ямар нүдээр харж яаж яалгах нь тодорхойгүй. Жишээ нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг нь энгийн бүрэлдэхүүнтэй хэрэг болоод явдаг, хүнийг хүчээр авч явах, нөгөө конвенцоо буруу орчуулсан байх жишээний. Хамгийн хэрэгждэггүй заалт нь Монгол улс хүний эрхийг дээдэлнэ, хангана гээд байдаг ялгаварлан гадуурхах гэмт хэрэг. Мөн улс төрийн сонгуулийн дараа намын үзэл бодлоор нь хоморголон халдаг. Гэтэл хүнийг улс төрийн үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхсан албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн тохиолдол нэг ч байхгүй. Хүнийг үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахаас гадна бэлгийн чиг хандлага хүйсийн баримжаагаар ялгаварлан гадуурхаж байгаа. Эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийн 60-65 гаруй хувь нь Захиргааны хэргийн шүүхээс “хуулийг илтэд гажуудуулсан” гэсэн үндэслэлээр хүчингүй болсон байхад дахин дахин хууль зөрчиж шийдвэр гаргаж байгаа боловч захиргааны хариуцлага хүлээхгүй байна. Дээрх хууль бус шийдвэрийг хүчингүй болгоход гаргаж буй шүүхийн зардал мөн шүүхийн ачааллыг зохиомлоор нэмэгдүүлж айгаа энэ процесст хэн ч хариуцлага хүлээхгүй байна. Хууль дээдлэх зарчим төрийн албан хаагч тангараг өргөснөөр нэг мөр хэрэгжиж байх ёстой атал албан тушаалтнууд хуулиа дээдлэхгүй байгаа, хууль хэрэгжихгүй байгаа асуудалд та бүхэн дуу хоолойгоо хүргэх хэрэгтэй байна. 

Энэ мэдээ танд ямар санагдав?
2
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24