Орчуулсан МХХ-ны гишүүн хуульч, судлаач Мятавдоржийн Мөнхбат
Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага /ОУШХБ/ 2000 оноос хойш дэлхийн хүн амын шилжилт хөдөлгөөний тайланг хоёр жил тутам гаргаж эхэлсэн бөгөөд 2022 онд 11 дэх тайланг танилцуулж байна. Энэ удаагийн тайлангийн гол зорилго нь дэлхий дахинд хүн амын шилжилт хөдөлгөөний талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулахад оршиж байгаа бөгөөд хүн амын шилжилт хөдөлгөөний талаархи үндсэн мэдээ, мэдээлэл, түүнчлэн шилжилт хөдөлгөөний нэн чухал асуудлуудыг дараахь 2 хэсэгт батгаан гаргажээ.
1 дүгээр хэсэгт: Хүн амын шилжилт хөдөлгөөн ба шилжигсэдийн талаарх түлхүүр ойлголт (шилжилт хөдөлгөөний талаарх статистик мэдээ),
2 дугаар хэсэгт: Хүн амын шилжилт хөдөлгөөний нарийн төвөгтэй, шинээр үүсэж буй асуудалд нотолгоонд суурилсан, тэнцвэртэй дүн шинжилгээ.
ДЭЛХИЙН ХҮН АМЫН ДИЙЛЭНХ НЬ ХАРЬЯАТ УЛСДАА АМЬДАРСААР БАЙГАА Ч 30 ХҮН ТУТМЫН НЭГ НЬ ШИЛЖИН СУУРЬШИЖ БАЙНА.
Шилжилт хөдөлгөөний талаархи илтгэл, хэлэлцүүлэгийн эхлэл нь ихэвчлэн тоо баримт байдаг. Олон улсын нийгэм, эдийн засагтай холбоотой өргөн цар хүрээний өөрчлөлт, шинээр бий болж буй чиг хандлага, хүн ам зүйн өсөлтийг шилжилт хөдөлгөөнтэй холбон ойлгох нь ерөнцийг ойлгож, ирээдүйгээ төлөвлөхөд туслах юм. Өмнөх тайлангийн хугацаанд буюу 2020 онд дэлхий дээр 281,000,000 орчим гадаадад шилжин суурьшигч бүртгэгдсэн нь дэлхийн нийт хүн амын 3.6 хувьтай тэнцэж байна.
Ерөнхийдөө сүүлийн тавин жилд гадаадад шилжин суурьшигчдын тоо өссөөр байна. 2020 онд харьяат улсаасаа өөр улсад амьдарч буй нийт 281 сая хүн бүртгэгдсэн нь 1990 оныхоос 128 саяар их, энэ нь 1970 оны тоон үзүүлэлтээс гурав дахин их байна гэсэн тооцоолол гарчээ.
Олон улсын хэмжээнд шилжин суурьшигчийн мөнгөн гуйвуулга 2000 онд 126 тэрбум ам.доллар байсан бол 2020 онд 702 тэрбум ам.доллар болтлоо өссөн байна. Коронавируст халдвар (COVID-19) цар тахлын улмаас дээрх мөнгөн гуйвуулга их хэмжээгээр буурах таамгийг дэвшүүлж байсан боловч, 2020 оны мөнгөн гуйвуулгын хэмжээ 2019 оныхоос дөнгөж 2.4 хувиар буурчээ.
Гадаад шилжин суурьшигчдын мөнгөн гуйвуулга гэдэг нь өөрийн харьяат улсдаа эсхүл, харьяат улсдаа үлдсэн гэр бүлдээ хийдэг мөнгөн гуйвуулга гэж үздэг.
1 https://worldmigrationreport.iom.int/wmr-2022-interactive/
2 Тайланд үзүүлсэн график мэдээллийг https://worldmigrationreport.iom.int/wmr-2022-interactive/ линкээс
дэлгэрэнгүй үзнэ үү. Энэхүү тайланг дэлхийн байгаль орчны бодлогын хүрээнд цаасан хэлбэрээр гаргаагүй
байна.
Гадаад шилжилт хөдөлгөөний талаархи зөрүүтэй мэдээлэл, тодорхойлолт, үнэн зөв статистик гаргахад учирч буй бэрхшээлийг үл харгалзан Дэлхийн банк гадаад шилжин суурьшигчдын мөнгөн гуйвуулгын талаарх олон улсын шилжүүлгийн мэдээллийг нэгтгэдэг. Дэлхийн банк нь албан бус мэдээллийн сувгийг ашигладаггүй тул мөнгөн шилжүүгийн бодит дүн нь Дэлхийн банкны мэдээллээс их байх магадлалтай.
Энэтхэг, Хятад, Мексик, Филиппин, Египет улс (буурах дарааллаар)-ууд 2020 онд мөнгөн гуйвуулга хүлээн авагчдын эхний тавд орсон байна. Нийт шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын хэмжээ Энэтхэг улсад 83.2 тэрбум ам.доллар, Хятад улсад 59.5 тэрбум ам.доллар байгаа нь бусад орнуудаас хамаагүй өндөр дүнтэй байна.
Өндөр орлоготой орнууд байнга шахуу мөнгөн гуйвуулгын илгээгч улс болдог. АНУ мөнгөн гуйвуулга илгээгч улсын жагсаалтыг 2020 онд нийт 68 тэрбум ам.долларын шилжүүлгээр тэргүүлсэн /олон арван жилийн турш АНУ энэхүү жагсаалтыг тэргүүлсэн/ бол Арабын Нэгдсэн Эмират Улс 43.2 тэрбум доллар, Саудын Арабын Хант Улс 34.6 тэрбум доллар, Швейцар Улс 27.96 тэрбум доллар болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улс 22 тэрбум долларын шилжүүлгээр удаалжээ.
ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ “АУГАА СААД”
КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19) ЦАР ТАХАЛ
Коронавируст халдвар (COVID-19) цар тахлын халдвар дамжуулах чадвар, вирусын омог, өвчний хүндрэл зэрэг шинжээрээ улс орнуудын бодлого боловсруулагчдын тооцоолоогүй хил хязгаарыг давж тархсан, сүүлийн зуунд тохиолдсон хамгийн хүнд тахал юм.
Дэлхийд нүүрэлсэн эрүүл мэндийн хямралд хариу арга хэмжээ авахад (жишээлбэл, вирусын шинжилгээ, өвчний эмчилгээ, вакцинжуулалтын хөтөлбөр боловсруулах) гол анхаарлаа хандуулах шаардлагатай байсан бөгөөд үүний нэг хэлбэр нь дэлхийн өнцөг булан бүрт байгаа хүмүүсийн хөдөлгөөний эрх чөлөөнд хийсэн хязгаарлалт байсан. Энэ арга хэмжээ нь олон улсын хэмжээнд хүн амын шилжилт хөдөлгөөнд ихээхэн нөлөөлжээ.
Дэлхийн улс орнуудын засгийн газар вирусын тархалтыг хязгаарлах янз бүрийн арга хэмжээ авч, 2020 оны эхэн үеэс эхлэн цаг хугацааны явцад хэд хэдэн хязгаарлалтыг хийсэн.
Оксфордын Их Сургууль дэлхийн улс орнуудын засгийн газруудаас COVID-19 цар тахлын эсрэг бодлогын түвшинд “гэртээ байх” зөвлөмж, ажлын байр, сургуулийн үйл ажиллагааг зогсоох, олон нийтийн арга хэмжээ, улс доторх дотоод шилжилт хөдөлгөөн, олон улсын аялал жуучлалыг хязгаарлах зэрэг хариу арга хэмжээг бүртгэсэн байна.
Дэлхийд COVID-19 цар тахлын оргил үе буюу 2020 оны 3 дугаар сарын сүүл, 4 дүгээр сарын эхэн үеэс олон улсын хэмжээнд дотоодын болон гадаадын аялал жуулчлалыг хязгаарлах арга хэмжээг яаралтай авч хэрэгжүүлжээ.
Дэлхийн зарим улс орнууд гадаадын иргэдийг өөрийн улсдаа нэвтрүүлэхийг бүрмөсөн зогсоосон бол зарим нь хязгаарлалттай буюу тодорхой улсын иргэдийг нэвтрүүлэхийг хориглосон, зарим улс нь бүх хүнийг, тэр дундаа өөрийн иргэдэд хориг тавьж хилээ бүрмөсөн хааж байжээ. Гэхдээ зарим улс өөрийн улсын хилээр нэвтэрч буй зорчигчдыг нэвтэрсэн даруйд тодорхой хугацаанд (ихэвчлэн 10-14 хоног) тусгаарлах хорио цээрийн арга хэмжээ авч байсан байна.
Дэлхийн дийлэнх улс орнууд зорилтот болон ерөнхий хөдөлгөөний талаарх зөвлөмж, хязгаарлалтыг гаргасан бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр цар тахлыг зарласнаас хойш нэг жилийн дараа олон улсад гадаад аялал жуулчлалын зарим төрлийн хязгаарлалт хэвээр байсан хэдий ч дотоод хөдөлгөөний хязгаарлалт цаг хугацааны явцад буурчээ.
Цар тахлын эхэн үед тодорхойгүй нөхцөл байдал үүссэнтэйгээр улс орнууд хямралын ноцтой байдлыг үнэлэн гадаад аялал жуулчлалын хязгаарлалтыг /дотоод дахь хяналт, хязгаарлалтаас ч илүү/ шууд мөрдөж эхэлсэн байж болох юм. Хилийн хориг хязгаарлалт цаг хугацааны явцад хөнгөрч, 2021 оны 7 дугаар сар гэхэд ихэнх улс орнууд энэхүү арга хэмжээгээ цуцалж эхэлсэн байна. Зарим улс хот, бүс хоорондын дотоод хөдөлгөөний хязгаарлалтыг гадаад аялал жуулчлалын хязгаарлалтаас арай хожуу хийжээ. Гэхдээ эдгээр хязгаарлалтууд цаг хугацааны явцад буурсан хэдий ч дэлхийн нийт улсын гуравны нэг хувь нь цар тахал эхэлснээс 1 жилийн дараа ч дотоод аялал жуучлалыг хязгаарласан хэвээр байв.
Цаг хугацаа өнгөрөх тусам эрүүл мэндийг дэмжих технологи, ложистикийн чадавхийг боловсруулж, түүийгээ нэвтрүүлэхийн хэрээр аялал жуулчлал, хилийн хориг хязгаарлалт, эрүүл мэндтэй холбоотой арга хэмжээнүүдэд өөрчлөлт орж эхэлсэн байна. Зарим улс орон 2020 оны 10 дугаар сараас аялалын өмнөх эрүүл мэндийн шинжилгээ, эрүүл мэндийн болон вакцинжуулалтын гэрчилгээг үндэслэн улсын хилээр зорчигчдыг нэвтрүүлж эхэлснээр нь дэлхийд тавигдсан хилийн хориг хязгаарлалт цуцлагдаж эхэлжээ. Энэ нь ОУШХБ-ын цар тахлын үеийн хөдөлгөөний талаархи мэдээллээр батлагдаж байгаа юм.
Европ 86.7 сая, Ази 85.6 сая шилжин суурьшигч хүлээн авснаар олон улсын хэмжээнд нийт шилжин суурьшигчийн 61 хувийг бүрдүүлдэг. Эдгээр бүс нутгуудын араас 2020 онд нийт шилжин суурьшигчдын 21 хувийг Хойд Америк /58.7 сая/, 9 хувийг Африк /25.4 сая/, 5 хувийг Латин Америк, Карибын тэнгисийн орнууд /14.8 сая/, 3 хувийг далайн орнууд /9.3 сая/ хүлээн авсан байна.
Дээрх тоон үзүүлэлтийг тухайн улсын хүн амтай харьцуулахад 2020 онд гадаад шилжин суурьшигчдын эзлэх хувь далайн орнуудад 22 хувь, хойд Америкт 16 хувь, Европт 12 хувь байгаа нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин Ази 1.8 хувь, Африк 1.9 хувь, Латин Америк, Карибын тэнгисийн орнууд 2.3 хувь байгаа нь харьцангуй бага үзүүлэлтийг харуулж байна.
Гэсэн хэдий ч 2000 оноос 2020 он хүртэл Ази 74 хувиар (37 сая орчим хүн) огцом өсөлтийг үзүүлжээ. Мөн хугацаанд Европт хоёр дахь том өсөлт гарч, гадаад шилжин суурьшигчдын тоо 30 саяар нэмэгдсэн бол Хойд Америкт 18 сая, Африкт 10 саяар нэмэгдсэн байна.
ГАДААД ШИЛЖИН СУУРЬШИГЧДЫН ЭЗЛЭХ ХУВЬ ДЭЛХИЙ ДАЯАР
ИХЭЭХЭН ЯЛГААТАЙ БАЙНА
Шилжилт хөдөлгөөний дийлэнх нь хил дамнан нүүдэллэдэггүй; гадаад шилжилт хөдөлгөөнөөс илүү олон тооны хүмүүс дотооддоо шилжин суурьшдаг (2009 оны байдлаар ойролцоогоор 740 сая хүн дотоод шилжилт хөдөлгөөн хийжээ). Гэхдээ дээрх судалгаанаас харахад тоон болон пропорциональ үзүүлэлтээр гадаад шилжилт хөдөлгөөн таамаглаж байснаас илт хурдацтай өсөж байна.
Хэдийгээр дэлхийн нийт хүн амын цөөнхи (3.6%) нь гадаад шилжин суурьшигч байдаг ч тухайлсан улс орны хувьд ихээхэн өөр байна. Тухайлбал, Арабын Нэгдсэн Эмиратад хүн амын 88 гаруй хувь нь гадаад шилжин суурьшигч байдаг.
ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙ "ХОНГИЛ"-ИЙГ
ОЛОН ХҮЧИН ЗҮЙЛ БҮРДҮҮЛСЭН
Гадаад шилжилт хөдөлгөөнийн олон жилийн тоон үзүүлэлт жигд биш хэдий ч эдийн засаг, газар зүй, хүн ам зүйн болон бусад хүчин зүйлээс шалтгаалан шилжилт хөдөлгөөний “хонгил” гэх тодорхой хэлбэрийг бий болгосон.
Шилжилт хөдөлгөөний хонгил нь цаг хугацааны явцад тодорхой улс орнуудад шилчин суурьшигчдаас бүрдсэн хүн амын томоохон бүлгийг бий болгож байна.
ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨН БА ТӨРСӨН НУТГАА СОНГОХГҮЙ
Амьдралын боломж, амьжиргааны түвшингээс шалтгаалсан шилжилт хөдөлгөөн хийх чадварыг улс бүрээр судлахад тэдний төрсөн улс болон тухайн улсын харилцан зорчих гадаад харилцаанаас ихээхэн шалтгаалдаг байна. Тухайлбал, зарим үндэстний бүлгүүдэд визгүй зорчих зохицуулалт бага байдаг.
Дэлхийн улс орнуудын визгүй нэвтрэх харилцаагаар эрэмбэлэгддэг Henley Passport Index нь тухайн улсын иргэншил, улс хоорондын иргэд харилцан зорчих нөхцөлийн гэрээгээр тодорхойлогддог. Энэ нь тухайн улсын статус, хөгжил, олон улсын тогтвортой харилцаа зэргийг илэрхийлдэг байна.
Шилжилт хөдөлгөөний үндсэн 2 шинжийг; - хөгжлийн өндөр үзүүлэлттэй болон буурай хөгжилтэй улс орны иргэдийн зорчих хөдөлгөөний ялгаатай байдал, - хөгжлийн дундаж үзүүлэлттэй улсын хувьд тухайн улсад, эсхүл тухайн улсаас хийгдэх шилжилт хөдөлгөөнөөс гадна тус улсыг дамжин өнгөрөгч болгох үзэгдэл зэрэгцэн оршиж байгаагаар тодорхойлж болно.
Хөгжлийн өндөр үзүүлэлттэй улсын иргэд дэлхийн бусад орны 85 орчим хувьд нь визгүй зорчих боломжтой бөгөөд эдгээр улс орнууд нь шилжин хөдөлгөөний хувьд өндөр ач холбогдолтой байдаг. Гэсэн хэдий ч хөгжлийн доогуур үзүүлэлттэй улс орны визний хязгаарлалт нь тухайн улсын иргэдийн ердийн шилжилт хөдөлгөөнд хүндрэлтэй байдаг. Эдгээр орнуудаас шилжилт хөдөлгөөн хийх бодит сонголт (хэрэв цорын ганц биш бол) нь хууль бус шилжилт хөдөлгөөн болдог.
Тэрхүү мөн чанараар гадаад шилжилт хөдөлгөөний цогц динамикийг хэзээ ч бүрэн хэмжиж, ойлгож зохицуулах боломжгүй юм. Гэсэн хэдий ч тодорхой бус цаг үед шилжилт хөдөлгөөний гол шинж чанаруудыг бидэнд илүү сайн ойлгоход туслах өгөгдөл, мэдээлэл тасралтгүй нэмэгдэн сайжирч байгаа нь 2022 оны Олон улсын шилжилт хөдөлгөөний тайлангаас харагдаж байна.
---о0о---