Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Сингх Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагаа, Монголын Хуульчдын холбооны гишүүд, хуульчдын чадавхыг бэхжүүлэх зорилгоор БНЭУ-д богино, дунд хугацааны сургалтад хамруулах, Энэтхэг Улсын Хуульчдын зөвлөлтэй хамтын ажиллагааг эхлүүлэх, БНЭУ-ын хөрөнгө оруулалттай Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудад хөрөнгө оруулалт, татварын эрх зүйн орчны талаар сургалт зохион байгуулах асуудлаар санал солилцлоо.
Уулзалтанд Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Зөвлөлийн гишүүн В.Болормаа, Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Г.Даваадорж, Эдийн засгийн эрх зүйн хорооны тэргүүн Б.Баасандорж, Сургалтын төвийн эрхлэг Э. Алимаа нар оролцлоо.