ХБНГУ-ын Вурц Бургийн Их сургуулийн доктор, профессор Эрик Хилгендорф нь Монголын Хуульчдийн Холбооны гишүүн хуульч, судлаач, эрдэмтэн, багш оюутнуудтай “Хууль зүйн дүгнэлт гаргах аргачлал” сэдвээр уулзалт хийлээ.
Тус уулзалтаар ХБНГУ-ын хуульч мэргэжлийн онцлог, эрүүгийн эрх зүйн жишээн дээр хууль зүйн дүгнэлт хэрхэн гаргадаг талаар зочин профессор сонирхолтой илтгэл хэлэлцүүллээ. Уулзалтаар тодорхой нэг хуульч нь хууль зүйн дүгнэлт гаргахад онолын тайлбар, сурах бичиг, өмнө шийдвэрлэгдсэн хэргийн жишээнээс иш татаж тайлбарлах, субсумбци хийх замаар гэмт хэргийн шинжийг шалгаж, хууль зүйн дүгнэлт хийх боломжуудын талаар санал солилцов.
Түүнчлэн тус уулзалтаар ХБНГУ-ын хуульчийн мэргэжлийн шалгалтын талаар мэдээлэл өгсөн ба хууль зүйн дүгнэлт гаргах ур чадвар нь шийдвэрлэх нөлөө үзүүлдэг гэдгийг зочин илтгэгч онцлов.
Ийнхүү оролцогчид хууль зүйн дүгнэлт гаргахад шаардах алхамууд, ур чадвар, эх сурвалжуудыг ашиглах талаар мэдээлэл авч Монголын Хуульчдын холбоо цаашдын хуульчдын үргэлжилсэн сургалт, хуульчийн мэргэжлийн шалгалтын үйл ажиллагааны арга аргачлалыг сайжруулах нь зүйтэй гэдгийг оролцогчид дүгнэн хэлэлцэв.