Монголын Хуульчдын Холбооны Эдийн засгийн эрх зүйн хороо, Захиргааны эрх зүйн хороо, Хуульчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооноос санаачлан Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэгтэй хамтран “Нийгмийн даатгалын багц хуулиудын шинэчлэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлгийг хуульч, татварын мэргэшсэн зөвлөхүүд, татварын шинжээчдийг хамруулан 2023 оны 04 сарын 28-ны өдөр зохион байгууллаа.
Нийгмийн даатгалын эрх зүйн орчны шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Засгийн газраас нийгмийн даатгалын багц хууль буюу Нийгмийн даатгалын ерөнхий хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хууль болон Хувийн нэмэлт тэтгэврийн тухай зэрэг 5 хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хэлэлцэхийг дэмжээд байна.
Тус хэлэлцүүлгийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батжаргал эрх зүйн орчны шинэчлэл, хуулийн төслүүдийг танилцууллаа.
Хэлэлцүүлгийн явцад нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлэхдээ өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд, хүнтэй хөдөлмөрийн гэрээ, хөлсөөр ажиллах, ажил гүйцэтгэх болон тэдгээртэй адилтгах гэрээний дагуу ажиллаж байгаа ажилтныг албан журмын даатгалд хамруулахаар хуульчилж байгаа асуудал болон нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдаж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бие даасан тогтолцоог бий болгох шинэчлэлийн хувьд ил тод байдлыг бий болгох асуудлын хүрээнд оновчгүй зохицуулалтуудыг хийж, ил тод, хараат бус байдлыг хангалттай хуульчлаагүй, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлдэг асуудлыг дахин давтагдахаас сэргийлсэн зарчмуудыг тусгаагүй талаар санал, дүгнэлтээ хуульч, татварын мэргэшсэн зөвлөхүүд, татварын шинжээчдийн зүгээс илэрхийллээ. Улмаар хуульч, татварын мэргэшсэн зөвлөхүүдийн хэлэлцсэн саналуудыг тусгаж хуулийн төсөлд зохих өөрчлөлтийг нэмж оруулж хэлэлцэн эрх зүйн орчны шинэчлэлийг үр дүнтэй хийхийг уриаллаа.
Мөн хуульч, татварын мэргэшсэн зөвлөхүүд, татварын шинжээчдийн гаргасан саналыг нэгтгэн Монголын Хуульчдын Холбоо, Монгол Улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн нийгэмлэгийн зүгээс төрийн холбогдох байгууллагуудад уламжлан хүргүүлэхээр тохиролцохын зэрэгцээ Монголын Хуульчдын Холбооны зүгээс саяхан баталсан Хууль тогтоох үйл ажиллагаанд мэргэжлийн шинжээчийн туслалцаа үзүүлэх журмын дагуу дүгнэлт гаргаж хүргүүлэх ажлыг зохион байгуулахаа илэрхийлсэн.
Тус хэлэлцүүлэг нь хуулийн төслийг мэргэжлийн холбоо, байгууллагууд хамтран хэлэлцэж, үр дүнд хүрэх боломжтойг илтгэсэн, нийгмийн зөвшилцлийг мэргэжлийн байгууллагууд хийхэд цаашид хувь нэмрээ оруулсан ач холбогдол өндөртэй арга хэмжээ боллоо.
Хэлэлцүүлэгт оролцож санал, дүгнэлтээ илэрхийлж амжаагүй хуульч, татварын мэргэшсэн зөвлөхүүд, татварын шинжээчид Та бүхэн нийгмийн даатгалын багц хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөлтэй www.d.parliament.mn веб сайтаар орж танилцан, саналаа цахимаар өгөхийг урьж байна.