Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороо нь хуульчдад зориулсан сургалтын бодлого, үндсэн чиглэл, хэлбэрийг тодорхойлж, хуульчийн үргэлжилсэн сургалтад зориулан боловсруулсан сургалтын хөтөлбөрийг хянан хэлэлцэх, сургалт явуулах багш нарын талаар санал өгөх, сургалтын явц үр дүнгийн талаар дүгнэлт гаргах, үргэлжилсэн сургалтын багц цагийг тооцох аргачлал, журмыг боловсруулж, Зөвлөлөөр батлуулах болон энэ дүрэм, Хуульчдын холбооноос тогтоосон бусад дүрэм, журамд заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилладаг.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.3-д “хуульчийн үргэлжилсэн болон албан бус сургалтыг зохион байгуулах, багц цагийг тооцох”, 53 дугаар зүйлийн 53.2-д “Сургалтын хороо нь хуульчдад зориулсан сургалтын бодлого, үндсэн чиглэл, хэлбэрийг тодорхойлж, хуульчийн үргэлжилсэн сургалтад зориулан боловсруулсан сургалтын хөтөлбөрийг хянаж хэлэлцэх, сургалт явуулах багш нарын талаар санал өгөх, сургалтын явц үр дүнгийн талаар дүгнэлт гаргах, үргэлжилсэн сургалтын багц цагийг тооцох аргачлал, журмыг боловсруулж Зөвлөлөөр батлуулах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасны дагуу Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд тусгагдсан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж байна. Үүнд:
хуульчдад зориулсан сургалтын бодлого, үндсэн чиглэл, хэлбэрийг тодорхойлох, үргэлжилсэн сургалтыг явуулах аргачлал, арга зүйг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулах, баталж мөрдүүлэх;
чиг үүргийн болон сайн дурын хороо, бусад иргэн, хуулийн этгээдээс үргэлжилсэн сургалтад зориулан боловсруулсан сургалтын хөтөлбөрийг хянаж, магадлан итгэмжлэх;
батлагдсан хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу үргэлжилсэн болон нөхөн сургалтыг улсын хэмжээнд зохион байгуулах;
үргэлжилсэн сургалт явуулах сургагч багш бэлтгэх, сургалт явуулах багшийг бэлтгэх, сонгон шалгаруулах, давтан сургах ажлыг зохион байгуулах;
үргэлжилсэн сургалттай холбогдсон асуудлын хүрээнд сургалтын төрөлжсөн байгууллага, бусад этгээдтэй Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу харилцах, хамтран ажиллах гэх мэт бусад бүрэн эрх.
Сургалтын хорооны гишүүд:
Сургалтын хороо нь шүүгч, прокурор, өмгөөлөгчдийн хорооноос тус бүр хоёр, хуульч профессоруудаас долоон төлөөлөл оролцсон, нийт арван гурван гишүүний бүрэлдэхүүнтэй бөгөөд мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан, эрх зүйн тодорхой салбараар зургаагаас доошгүй жил мэргэшин ажилласан, магистр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй хуульчийг Хуульчдын холбооны зөвлөл тус хорооны гишүүнээр баталдаг.
Сургалтын хороо нь 2017 оноос 2022 он хүртэл магадлан итгэмжилсэн 165 сэдвийн хүрээнд орон нутаг, Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг хуульчдад танхимын болон цахим хэлбэрийн сургалтыг зохион байгуулж байна.
Хуульчийн үргэлжилсэн сургалт:
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Хуульчдын холбоо чиг үүргээ хороодоор дамжуулан хэрэгжүүлнэ. Мөн хуулийн 45 дугаар зүйлийн 45.1.3 дахь хэсэгт заасны дагуу Холбоо нь хуульчийн үргэлжилсэн болон албан бус сургалтыг зохион байгуулах, багц цагийг тооцох чиг үүргийг Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороогоор дамжуулан хэрэгжүүлнэ.
Хуульчийн үргэлжилсэн болон ёс зүйн сургалтыг жилд нэгээс доошгүй удаа зохион байгуулна.
“Үргэлжилсэн сургалт” гэж хуульчдын мэдлэг, мэргэшлийн түвшин, ур чадварыг эрх зүйн онолын орчин үеийн чиг хандлага, эрх зүйн шинэтгэл, шүүх эрх мэдлийн байгууллагын хөгжлийн шаардлагад нийцүүлэн тогтмол дээшлүүлэх, мэргэжлийн ёс зүйг чанд мөрдөж, шударга, хараат бусаар ажиллах чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн Сургалтын хорооноос магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн дагуу тухайн жилд үргэлжлэн явагдах сургалтыг ойлгоно.
“Нөхөн сургалт” гэж тухайн жилийн үргэлжилсэн сургалтад хамрагдах үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй хуульчдад зориулсан сургалтыг ойлгоно.
“Багц цаг” гэж үргэлжилсэн сургалтын хөтөлбөрийг тодорхой тооны цагаар багцалсныг ойлгоно.
“Багц цаг хангах” гэдэгт хуульч 4-өөс доошгүй багц цагийн үргэлжилсэн сургалтад хамрагдсан байхыг ойлгоно. 1-ээс доошгүй багц цаг нь мэргэжлийн суурь сургалт, 3 багц цаг нь мэргэшүүлэх чиглэлийн сургалт байна.
Хуульчийн үргэлжилсэн сургалтийн төлбөрийн хэмжээг Сургалтын хорооны саналыг үндэслэн Холбооны зөвлөл тогтоох бөгөөд 2014 оны 05 дугаар 31-ний өдрийн Зөвлөлийн хурлын 72 дугаар тогтоолоор хуульчийн үргэлжилсэн сургалтын нэг жилийн төлбөрийн хэмжээг 170.000 /нэг зуун далан мянга/ төгрөг байхаар тогтоосон. Шүүгч, прокурорын сургалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхээр заасан.
Сургалтын 8 цагийн хичээлийг үргэлжилсэн сургалтын 1 багц цагт тооцно. Нэг цагийн хичээлийн үргэлжлэх хугацаа 45 минут байна. Аудио, видео хичээлийн үргэлжлэх хугацаа 30 минут байна. Үргэлжилсэн сургалтын багц цагийг сургалтын болон сургалтын бус хэлбэрээр хангаж болно. Сургалтын хэлбэр нь танхимын болон танхимын бус байх бөгөөд танхимын бус сургалтыг зайны /вебинар/, аудио, видео хичээлийн хэлбэрээр явуулна. Танхимын бус сургалтаар хангах багц цаг нь тухайн жилд хангах нийт багц цагийн 50 хувиас хэтрэхгүй байна.
Үргэлжилсэн сургалтад хамрагдсан, сургалтын бус хэлбэрээр багц цаг тооцуулах тохиолдолд холбогдох нотлох баримтыг ирүүлнэ. Үргэлжилсэн сургалтын багц цагийг хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгогдсон сараас эхлэн нэг жилд хангах багцийн хэмжээнд хувь тэнцүүлэн тооцно. Нотлох баримтыг үндэслэн сургалтын багц цаг тооцох эсэхийг Сургалтын хороо шийдвэрлэнэ. Багц цаг тооцох, бичилт хийх ажиллагааг Сургалтын хороо хариуцсан мэргэжилтэн гүйцэтгэх ба Сургалтын хорооны дарга, гишүүн, Холбооны Тамгын газар хяналт тавина. Багц цагийн тооцоог Сургалтын хорооны шийдвэр болон сургалтын төлбөр төлсөн тухай баримтыг үндэслэн Холбооны албан ёсны вэб сайтад байршуулж, хуульч өөрийн нууц үгээр нэвтэрч харах боломжоор хангасан байна. Сургалтын хороо хуульчийн хүсэлтээр багц цагийн хангалтын талаарх тодорхойлолт олгож болно.
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Шүүхийн багц хуулийн төслийг боловсруулж, Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэн УИХ-д өргөн мэдүүлж хэлэлцүүлэх тал дээр хамтран ажиллахыг хүсэв
Олон улсын Барын холбооны “Шилдэг про боно хуульч” шагналыг анх удаа Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Х.Баасанжаргал хүртэв.