Монголын Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хороо, “Сэтгэл санааны хохирогчдын холбоо” төрийн бус байгууллагаас Улсын Дээд шүүх, Шүүх шинжилгээний Ерөнхий газартай хамтран “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, дүгнэлт гаргах, зэрэглэл тогтоох эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нээж үг хэлсэн бөгөөд чиглүүлэгчээр Төлбөрийн чадваргүй иргэнд Хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Баянмөнх ажиллалаа.
Тус хэлэлцүүлгийн хүрээнд Улсын дээд шүүхийн шүүгч П.Золзаяа “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалын хэрэгжилт, тулгамдаж буй асуудал”, Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн сэтгэцийн тасгийн эмч, цагдаагийн дэслэгч Х.Хулан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож буй өнөөгийн байдал”, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний газрын дарга, цагдаагийн хошууч Б.Амгаланболд “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтооход тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”, хуульч, өмгөөлөгч, судлаач А.Түвшинтөгс “Өмгөөллийн үйл ажиллагаанд сэтгэцийн хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, дүгнэлт гаргуулах, зэрэглэл тогтооход тулгамдаж буй асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж хэлэлцүүлсэн.
Хэлэлцүүлгээр хуульчид хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх, дүгнэлт гаргах, зэрэглэл тогтоох эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг хөндөж санал солилцсон бөгөөд Төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооноос хэлэлцүүлгийн үр дүнд гарсан, санал зөвлөмжийг нийтлэн холбогдох байгууллагуудад илгээх юм.
Бүтэн бичлэгийг https://www.facebook.com/share/v/1CndGCvHEZ/?mibextid=WC7FNe холбоосоор орж үзнэ үү.