Өмгөөллийн “Легал гайд” ХХН байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд тус нөхөрлөл нь Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хороотой хамтран“Хуульч Мазаалай” өдөрлөгийг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд зохион байгууллаа.
Энэхүү өдөрлөгөө “Хуульч мазаалай” гэж нэрлэсэн нь дэлхийд нэн ховор, зөвхөн манай улсад байгаа “говийн баавгай” мазаалайг хайрлан хамгаалах уриалгыг орон нутгийн иргэдэд хүргэх зорилготой билээ.
Өдөрлөгийн хүрээнд “Легал гайд” ХХН-ийн Гүйцэтгэх захирал Ч.Отгонбаатар, зөвлөх хуульч С.Пүрэвсүрэн, зөвлөх хуульч Г.Энхбаяр, хуульч Н.Баясгалан нар иргэдэд хууль зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч ажилласан. Мөн жижиг дунд бизнес эрхлэгчид болон банкны салбарын ажилтан, албан хаагч нарт “Гэрээ байгуулах арга зүй” сэдвээр хуульч Э.Эрдэнэхишиг, “Зөрчил шийдвэрлэх ажиллагааны оролцогчид өгөх хууль зүйн мэдээлэл, зөвлөгөө” сэдвээр хуульч Т.Мөнх-Очир сургалт орсон.
Түүнчлэн хуульч Г.Халиун, хуульчийн туслах Б.Өнөрзаяа, МУИС-ийн ХЗС-ийн 5 дугаар түвшний оюутан, дадлагажигч Б.Солонго нар Архангай аймгийн Эрдэнэбулган сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийн сурагчдад “Хүүхдийн хөдөлмөрийн харилцаа” сэдвээр сургалт орж, сурагчдын сонирхсон асуултад хариулсан.
Энэ үеэр тус ажлын хэсгийнхэн Архангай аймгийн хуульчдын төлөөлөлтэй чөлөөт уулзалт хийсэн бөгөөд тэднийг найрсаг хүлээн авч, дэмжлэг үзүүлж ажилласан Архангай аймгийн хуульчдадаа талархал илэрхийлье.
“Хуульч мазаалай” өдөрлөгийг жил бүр зохион байгуулах юм.