Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ЭРҮҮГИЙН ХУУЛИЙГ ДАХИН СИСТЕМЧЛЭХ ШААРДЛАГА, ҮНДЭСЛЭЛ
Судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа
Судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа

   Хууль дээдлэх зарчмын баталгааны нэг хэсэг нь хуулийг нэг мөр хэрэгжүүлэх орчин, хариуцлага гарцаагүй байх, хууль тодорхой ойлгомжтой байх, хууль тогтвортой байх зэрэг олон хүчин зүйлийг нэрлэж болно.

Тэгвэл хууль тогтвортой нэг мөр хэрэгжих боломж ямар байгааг тухайлбал Эрүүгийн хуулийн тухайд авч үзье.

2002 оны Эрүүгийн хуульд 2004-2015 он хүртэлх хугацаанд нийт 13 удаа 2015 оны Эрүүгийн хуульд 2016-2023 он хүртэлх хугацаанд нийт 9 удаа нэмэлт өөрчлөлт орсноос хамгийн их нь 2017 онд  194 зүйл хэсэг, 2021 онд 14 зүйл хэсэг, 2022 онд 17 зүйл хэсэгт нэмэлт өөрчлөлт орж,   үүнийг дагаж холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оржээ.

Нэмэлт өөрчлөлт оруулсан гол агуулга нь ялын бодлогыг чангатгах, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа болон зарим төрлийн гэмт хэргийг шинээр нэмэх зэрэг зохицуулалтыг оруулсан байна.

Эрүүгийн хуулийн зарим заалт эрүүгийн эрх зүйн нийтлэг жишиг, суурь зарчимтай илт зөрчилдсөнөөс гадна хүний эрх, нийгмийн шударга ёсны хэм хэмжээ, агуулгыг алдагдуулах ноцтой үр дагаварт хүргэхээр байгаа тохиолдолд хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нь зүй ёсны бөгөөд энэ байдал нь судалгаанд үндэслэгдсэн байх ёстой.

Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан хэдий ч уг хуулийг дахин системчлэх шаардлага байгааг доорхи үндэслэлээр харуулахыг зорилоо.

Нэг. Эрүүгийн хууль дах хүч оруулсан, хоёрдмол утга бүхий үг, холбоосын талаар

Хууль бол эрх зүйн хэм хэмжээний акт бөгөөд бүх нийт заавал дагаж мөрдөхөөр төрөөс батлан гаргасан дээд хүчин чадал бүхий баримт бичиг байдаг. Тиймээс ч хуулийн заалт бүх хүнд ойлгомжтой, тодорхой байх зарчимтай. Тухайлбал ХБНГУ-ын Холбооны яамны үйл ажиллагааны нийтлэг журмын 42 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар  “Хууль хэлзүйн хувьд зөв, аль болох бүх хүнд ойлгогдохоор байх ёстой бөгөөд эрх зүйн хэм хэмжээг тодорхойлохдоо тухайн зохицуулах гэж буй харилцаанд хэрэглэгдэх хэм хэмжээ хэл зүйн хувьд яг тохирсон байхыг шаарддаг. Мөн хуулийн төслүүдийг хуулийн хэлний редакцид шилжүүлж, хэл шинжлэлийн хувьд зөв, ойлгомжтой эсэхийг шалгуулсан байх ёстой” гэж зохицуулсан байна.[1]

Монгол Улсын Хууль тогтоомжийн тухай хуулийн 36.4 дүгээр хэсэгт “тогтоолын.....шийдвэрлэх асуудлыг энгийн, ойлгомжтой байдлаар томъёолж бичнэ”, мөн хуулийн 30 дугаар зүйл буюу Хуулийн төслийн хэл зүй, найруулгад тавих шаардлага хэсгийн 30.1.3 дахь хэсэгт “үг хэллэгийг монгол хэл бичгийн дүрэмд нийцүүлэн хоёрдмол утгагүй товч, тодорхой, ойлгоход хялбараар бичих” гэсэн шаардлага тавьжээ.

Эрх зүйн хэм хэмжээний нөхцөл, үндэслэл, заалт, журмууд нь хоорондоо логик зүй тогтлоор холбогдон тэнцвэржиж, хийдэлгүй зөрчилгүй уялдан хуульчлагдсан байх ёстой[2] бөгөөд хуулинд байгаа үг, холбоос таслал аливаа үйл явдалд дүгнэлт өгөхөд цаашлаад хүний хувь заяаг шийдвэрлэхэд асар их нөлөөтэй байдаг.

Хууль боловсруулах, өргөн мэдүүлэх, батлах бүхий л үе шатанд хууль зүйн техник буюу эрх зүйн хэм хэмжээний актын төсөл боловсруулах, батлан гаргах, нэгэнт батлагдсан актыг системчлэхэд ашиглаж байгаа тусгай арга хэрэгслийг анхаараагүйгээс сул, олон утга илэрхийлж болох үг хэллэг оруулснаас хуулийг хэрэгжүүлэхэд гажуудал үүсгэх эрсдэлтэй.

Хуулийг “хэл зүй, үг зүйн” талаас тайлбарлахын тулд хэлзүйн шинжлэх ухааны олон судлагдахууныг танин мэдэх, судлах, зөв ойлгох шаардлагатай юм.

Холбоос үгийг 2002, 2015 оны Эрүүгийн хуульд хичнээн удаа хэрэглэснийг дараахь хүснэгтээс харж болно:[3]

2002

2015

Холбоос үг

Нийт

Холбоос үг

Нийт

ба

4

ба

16

буюу

316

буюу

1

болон

223

болон

30

эсхүл

378

эсхүл

683

түүнчлэн

79

түүнчлэн

1

Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомж түүхэн хөгжлийн хувьд эрүүгийн хууль төрөлжүүлэгдэх тусам түүнд хэрэглэсэн нэр томъёо нь улам боловсронгуй болж, үгэнд хэмнэлттэй байх сул, холбоос үг бага хэрэглэх зарчмыг баримталж буй нь харагдаж байгаа боловч хүч оруулсан үг хэрэглэх нь хэвээр байна.  

Хууль тогтоомжийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.4 дэх хэсэгт хүч оруулсан нэр томьёо хэрэглэхгүй байхшаардлага зөрчигдөж буй жишээ:

1.1 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан “Хүүхэдтэй хэрцгий харьцах” гэмт хэргийн талаар: Хэрцгий гэж тусгайлан хуульд тусгасан тул энэхүү үгний утга, агуулга, хэрэглээг судлан үзлээ.

Эрүүгийн хуульд хэрцгий гэх үг 8 удаа бичигджээ.

-   Эрүүгийн хариуцлага нь хүнлэг бус, хэрцгий, хүний нэр төр, алдар хүндийг гутаах шинжгүй байна  /зарчим

-   онц харгис хэрцгийгээр  /хүнийг алах/

-   харгис хэрцгий аргаар  /хүчиндэх/

-   харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан /гэр бүлийн хүчирхийлэл/

-   1.1.бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэж онц харгис хэрцгий аргаар, тохуурхан доромжилж үйлдсэн /ЭХ хүндрүүлэх нөхцөл/

-   Арван найман насанд хүрсэн хүн хүүхдийг аливаа үйлдэл, эс үйлдэхүйн төлөө удаа дараа хэрцгий харьцаж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовиур үүсгэсэн /хүүхэдтэй хэрцгий харьцах/

- Дайны олзлогдогч, эсхүл энгийн хүн амтай харгис хэрцгий харьцсан.

 Олон улсад “харгис, хэрцгий” нэр томьёог хэрэглэж буй байдал:

  • харгис, хэрцгий- grausam /Герман хэлэнд Гэмт хэрэгтэн хохирогчийг увайгүй, харгис хэрцгий хандлагын улмаас бие махбодын болон сэтгэцийн болон сэтгэц-биеийн тарчлаан зовоохуйц сэтгэлийн хандлага юм. Харгислал нь бие махбодийн түвшинд бие даасан үйл явдлуудад шууд илэрч, зэрлэг байдлаас ялгаатай нь харгислал нь гэмт этгээдийн хохирогчид хандах сэтгэл санааны болон сэтгэл хөдлөлийн үндсэн хандлага бөгөөд хохирогчийг бүх түвшинд, түүний сэтгэцийн болон сэтгэл хөдлөлийн хандлагаар дамжуулан гэмтээдэг. Харгис хэрцгий хандлага эс үйлдэхүйгээр илэрч болно. Жишээ нь зориудаар, удаан хугацаагаар өлсгөх, хоол тэжээлийн дутагдалд оруулах/
  • Зэрлэг- brutal /зэрлэг, балмад хүчирхийлэлд илэрдэг хэлбэр/
  • Монгол хэлний их тайлбар толь бичигт “Догшин ширүүн, харгис балмад зан авир” гэжээ.

Харгис хэрцгий гэдэг нь ерөнхийдөө хүн, амьтанг өрөвдөх сэтгэлгүй, бие-махбодь болон сэтгэлзүйн хувьд зовоон тарчлаах шинжтэй үйлдэл эс үйлдэхүй гэж ойлгогдож байна.

1.2 Эрүүгийн хуульд “ноцтой” гэдэг үг 26 удаа бичигдсэн байна. Энэ хуульд заасан "ноцтой хохирол, хор уршиг" гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно гэж тайлбарласан боловч “ноцтой зөрчил” гэдгийг хэрхэн ойлгох нь тодорхойгүй байна. Учир нь ЭХ-ийн 6.12 дугаар зүйлд хорих ялаас хугацаанаас өмнө суллах шалгуурт ялтан “ноцтой зөрчил” гаргаагүй байх шалгуур орох бөгөөд ноцтой эсхүл ноцтой биш гэдэг нь хуульд заасан хэмжүүрээр биш эрх бүхий албан тушаалтны үнэлэмжээр хэмжигдэх нөхцөл бий болж байна.

Хоёр.Эрүүгийн хуулийн системчлэл алдагдсан талаар

Илтгэлийн энэхүү хэсэгт Эрүүгийн хуулийн системчлэл алдагдсан, хуулийн зарим заалт огт хэрэгжихгүй байгаа талаар товч дурдахыг хүслээ. Тухайлбал, Эрүүгийн хуулийн Арван зургадугаар бүлэгт Хүүхдийн эсрэг 11 төрлийн гэмт хэргийг тусгасан, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлд хүүхдийн эрхийн эсрэг 15 зөрчлийг хуульчилсан боловч агуулгын хувьд давхцсан эсхүл гэмт хэрэг ч байж болох зөрчлийн хэрэг байна. Тухайлбал:

2.1. Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйл, 1.1 дэх хэсэгт “хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан” бол зөрчилд тооцохоор хуульчилжээ.

Гачигдах-гачигдуулах гэдэг үг зүйн хувьд: Гачигдуулах гэдэг нь нэг удаагийн эсхүл түр зуур үргэлжилсэн үйлдэл эс үйлдэхүй биш бөгөөд үргэлжилсэн шинжтэй, энэ үйлдлийн улмаас хүүхэд сэтгэл санаа, бие махбодийн хувьд шаналан зовсон, хоол тэжээлийн дутагдалд орсон, сольж өмсөх хувцасгүй нөхцөл байдал үүссэн, орон байргүй буюу орогнох газаргүй, богино эсхүл урт хугацаанд амь нас, эрүүл мэнд нь эрсдэлт орсон байхыг ойлгоно.

Монгол хэлний тайлбар толь бичигт “Хүн элдэв эд хэрэглэгдэхүүнээр дутагдах, зовлон зүдгүүрт мөхөсдөн мохохыг гачигдах” гэж тайлбарлажээ.

2.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь ойлгомжгүй томъёологдсон байгааг доорхи хүснэгтээс харж болно.

Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн бол ......

Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, МАЛЫН эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн....

Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа???? ХҮН, МАЛЫН эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн.....

Дээрх томъёололоос нэг бол субъект нь тодорхойгүй эсхүл зөвхөн малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон зүйлийг үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн гэж ойлгох эсэх нь тодорхой бус байна. Энэ гэмт хэрэг нь “Олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг” гэсэн бүлэгт багтаж байгаа боловч уг гэмт хэргийн халдлагын зүйлийн төрлөөр авч үзвэл хүний эрүүл мэндэд хохирол учруулах, ноцтой үр дагаварт хүргэх зүйлүүд байгааг анхаарах шаардлагатай байна.

 

МАЛЫН эмчилгээнд хэрэглэхийг зөвшөөрсөн, хугацаа дуусаагүй эмийг хорт хавдар эмчилдэг гэж итгэн авч хэрэглэж байгаа хүн нөгөө талаас үүнийг ашиглан зарж байгаа үйлдэлд хууль зүйн талаас хэрхэн дүгнэлт хийх вэ?

Нийгэмд уламжлалт аргаар бэлдсэн, хүний эрүүл мэндэд ач холбогдолтой, тодорхой төрлийн өвчнийг илааршуулах чадалтай гэж итгүүлэн мал, амьтны эсхүл ургамлын гаралтай “тан” гэх нэршилтэй уламжлалт эмийг ахуйн хүрээнд бэлтгэж боловсруулан, зарж борлуулж, ашиг олж байгаа үйлдэл түгээмэл байгаа нь нууц биш боловч уламжлалт эмийг зөвшөөрөлгүй үйлдвэрлэсэн, импортолсон, худалдсан, түгээсэн үйлдлийг хуулиар хориглоогүй зөвхөн “эм, биобэлдмэл” гэж хязгаарласан бөгөөд, уг үйлдлийн улмаас бусдад хор уршиг учирсан тохиолдолд ямар хуулиар хариуцлага хүлээх нь тодорхой бус байна.

Уламжлалт эм нь эм гэсэн ангилалдаа багтах эсэх нь Эрүүгийн хуулийн дээрх заалтад тодорхойгүй байна. Учир нь “Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль”-д “эм”, “уламжлалт эм” гэдгийг хоёр салгаж тайлбарлажээ.

2.4 Зөрчлийн хуулийн 6.15 дугаар зүйлийн 3.2. дахь хэсэгт хүний эрүүл мэндэд хортой сав, баглаа боодол ашиглан хүнсний бүтээгдэхүүн худалдан борлуулсан, үйлчилсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол .....торгоно” гэсэн зохицуулалт байх бөгөөд ямар тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байна. Эрүүгийн хуульд дээрх зүйл заалттай холбоотой зохицуулалт байхгүй болно.

2.5 Монгол улсын Эрүүгийн хуульд “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэхийг нийтэд тустай ажил хийлгэх ял” гэж тодорхойлон “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг ...... тогтооно” гэжээ.

Гэвч “...шүүхээс тогтоосон нийтийн ашиг сонирхолд тустай ажил” гэдэгт юуг хамаарах нь тодорхойгүй бөгөөд орон нутаг, дүүргээс ирүүлсэн ажлын байрны саналын дагуу уг ялаар шийтгүүлсэн хүмүүсээр зам, талбай цэвэрлэх зэрэг ажил хийлгэж байгаа нь нийгэмшүүлэхээс илүүтэй хүний нөөцийг нөхөх, зардал хэмнэх агуулгатай байгаа нь ялын бодлоготой нийцэхгүй байна. Мөн тухайн хүний бие бялдар, эрүүл мэнд, насны онцлог, боловсрол, мэргэжил зэрэгт тохирсон ажлын стандарт байхгүй байна. Тэртусмаа өсвөр насны хүний үйлдсэн гэмт хэргийн шинжээс хамаарч нийтэд тустай ажлын төрлийг тодорхойлдоггүй /хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг үйлдсэн бол Хүчирхийллийн эсрэг төвүүд, хамгаалах байр, ахмадын асрамжийн газар ажиллуулах гэх мэт/ нь дээрх ялын зорилго олон улсын хэм хэмжээнд тусгагдснаар биелж байгаа эсэх нь эргэлзээтэй байна. Иймд “Нийтэд тустай ажил”-ыг “цалин хөлсгүйгээр хийлгэх” гэсэн шаардлагаар тодорхойлж байгаа нь хуулийг хэрэглэхэд ойлгомжгүй байдал бий болгож байх тул “Нийтийн ашиг сонирхолд тустай ажил”-ыг илүү өргөн хүрээнд хуульд тодорхойлж, өсвөр насны хүнд уг ялыг эдлүүлэх боломж, нөхцөл, орчинг хуульчилж  өгөх шаардлагатай.

2.6. ЭХТА-ийн 20.16 дугаар зүйлд заасан Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдлын, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бөгөөд уг гэмт хэргийг “бүлэглэж” гэж хязгаарласан ба хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулаагүй “хүнд” хохирол учруулсан нь энэ зүйл хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр байна. Гэтэл дээрх гэмт хэргийг бүлэглэж эсхүл ганцаараа үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол учруулан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж олон нийтийн аюулгүй байдалд халдсан тохиолдолд Хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдохоор байгаа нь хууль нэг мөр хэрэгжихэд эрсдэл бий болгож байна. 

Гурав. Нэгдэн орсон олон улсын конвенцийн хэрэгжилт

3.1. Хүнийг ялгаварлан гадуурхахын эсрэг олон конвенцид Монгол улс нэгдэн орсон бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14.1 дүгээр зүйлд ялгаварлан гадуурхах гэмт хэргийг шинээр хуульчилсан боловч энэ төрлийн хэргийг шалгаж шийдвэрлэсэн шүүхийн практик байхгүй. 2019-2021 оны хооронд ялгаварлан гадуурхах үйлдэлд өртсөн тухай 6 гомдол мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэнээс 1 гомдолд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шүүхээр шийдвэрлэжээ. Энэ төрлийн гэмт хэрэг огт үйлдэгдэхгүй байна уу эсхүл илрүүлж чадахгүй байна уу?[4]

Хүнийг хүйсийн баримжаа, бэлгийн чиг хандлагаас нь болж ялгаварлан гадуурхсаны улмаас чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаад улс руу явах, оршин суух боломжгүй болох эсхүл нийгэм болон цахим орчинд өөрийгөө болон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломжгүй болох, намын харьяаллаас болж ажлаасаа халагдан ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох эрхээ эдэлж чадахгүй байх зэрэг олон тохиолдлыг энд дурдаж болно. Гэвч энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээсэн тохиолдол байдаггүй.

3.2 Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1984 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталсан Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг Конвенцид Монгол улс 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр нэгдэн орж 2017 онд Эрүүгийн хуулийн тусгай ангид Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шинээр хуульчилсан. Хүний эрхийн нэр томьёо, олон улсын эрх зүйн ойлголтыг нэг мөр болгоогүйн улмаас өнөөдөр эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шийдвэрлэхдээ олон улсын конвенцийг шууд хэрэглэдэг практик тогтсон. Конвенцид заасан эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцах, хэрцгий харьцаж хүний нэр төрийг доромжлох гэдэг нь 3 өөр ойлголт боловч манайд бүгдийг эрүү шүүлт тулгах үйлдэлд хамруулан ойлгож байна.

3.3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.4 дүгээр зүйл. Хүнийг хүчээр алга болгох[5]

Конвенцийн агуулга болон түүхэн баримтаас үзвэл “Бүх хүнийг хүчээр сураггүй алга болгох” гэмт хэрэг нь улс төрийн мөргөлдөөн, дайн, эрх мэдлийн дарангуйллаас улбаатай улс төрийн хурцадмал байдал, дүрвэгсэдтэй холбоотой нөхцөл байдал үүссэн улсад ихэвчлэн үйлдэгддэг байна. Монгол Улсын хувьд ийм нөхцөл байдал үүсээгүй ч үүнээс урьдчилан сэргийлэх зорилгоор тухайн конвенцид нэгдэн орсон нь эерэг боловч конвенцийн орчуулга зөв эсэхэд эргэлзээ төрж байна.

  Конвенцийн дагуу хүнийг сураггүй алга болгох нь хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг бол Монгол улсын Эрүүгийн хуулийн Арван гуравдугаар бүлэг буюу ХҮНИЙ ХАЛДАШГҮЙ, ЧӨЛӨӨТЭЙ БАЙХ ЭРХИЙН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ гэсэн бүлэгт “Хүнийг хүчээр алга болгох” гэсэн гэмт хэргээр томьёолж хуульчилсан нь буруу байна.

  Хүнийг сураггүй алга болгох гэмт хэргийн нэг арга хүч хэрэглэх, албадах аргыг үндсэн гэмт хэрэг болгосон нь конвенцийг “махчилж” орчуулсны үр дагавар энэ юм.

Хүнийг хүчээр алга болгох гэмт хэрэг нь мөн хуулийн 13.9 дүгээр зүйлд заасан “Хууль бусаар баривчлах, саатуулах” гэмт хэргийн үндсэн шинжээс ялгагдахгүй байна.

Дүгнэлт, санал.

Нэг. Монгол Улсын Эрүүгийн хууль тогтоомж түүхэн хөгжлийн хувьд эрүүгийн хууль төрөлжүүлэх тусам түүнд хэрэглэсэн нэр томьёо нь улам боловсронгуй болох тусам үгэнд хэмнэлттэй байх зарчмыг баримталж буй нь дэвшилттэй боловч үг зүйн хувьд дахин эргэж харах шаардлага бий болж байна. Иймд Эрүүгийн хуульд хэрэглэсэн нэр томьёо, ухагдахуун, хуулийн бүтэц Хууль тогтоомжийн тухай хуулд тавигдах шаардлагыг бүрэн хангаж байгаа эсэхэд дүн шинжилгээ хийх.  

Хоёр. Нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн орчуулга хэл зүй, найруулгын шаардлага хангаж буй эсэхийг судлан, Эрүүгийн хуульд гэмт хэрэг болгон оруулсан заалтууд хэрэгжихгүй байгаа шалтгаан нөхцөлийг тогтоох.

Гурав. Хөндсөн сэдэв нь зарим төрлийн хэргээр жишээ авсан тул Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хууль дах давхцлыг судалж арилгах шаардлагатай байна.

Эдгээр нөхцөл байдалд дүгнэлт  хийхэд зарим төрлийн гэмт хэргийг шинээр томъёолох, үг зүйн хувьд боловсруулалт хийх зэрэг нь нэг удаагийн нэмэлт өөрчлөлтөөр хийх боломжгүй тул Эрүүгийн хуулийг дахин системчлэх шаардлагыг бий болгож байна.

 

 

[1]Gemeinsame Geschäftsordnung der Bundesministerien /GGO/ Stand: 22. Januar 2020, § 42  Gesetzesvorlagen der Bundesregierung. Gesetzentwürfe müssen sprachlich richtig und möglichst für jedermann verständlich gefasst sein. Gesetzentwürfe sollen die Gleichstellung von Frauen und Männern sprachlich zum Ausdruck bringen. Gesetzentwürfe sind grundsätzlich dem Redaktionsstab Rechtssprache zur Prüfung auf ihre sprachliche Richtigkeit und Verständlichkeit zuzuleiten. Die Zuleitung soll möglichst frühzeitig erfolgen. Das Ergebnis der Prüfung hat empfehlenden Charakter.

[2]АкадемичС.Нарангэрэл “Эрх зүйн эх толь бичиг” 2011 он

[3]Хууль зүйн техник, нийтлэл, 2015 он судлаач Г.Оюунболд

[4] 1. Бэлгийн чиг баримжаагаар ялгаварлан гадуурхах /бэлгийн чиг хандлага, хүйсийн баримжаа өөр хүмүүсийг доромжлох, төрийн албан хаагчдын ялгаварлан гадуурхах хандлагаас айж гэмт халдлагад өртсөн ч гомдол гаргаж чаддаггүй/ 2. Жендерийн ялгаварлан гадуурхалт /ихэнхдээ эмэгтэйчүүдийг сул дорой эсвэл эрчүүдээс доогуур гэж үзэх хандлага/ 3. Хөдөлмөрийн ялгаварлан гадуурхалт /50-иас дээш настай хүмүүсийг хөгшин гэж үзэн ажилд орох боломжийг нь бууруулдаг/ 4. Цалин хөлсний ялгаварлан гадуурхалт /Статистикийн хорооноос гаргасан мэдээнээс авч үзвэл 2021 оны байдлаар дундаж цалин эрэгтэйчүүдийнх 1.4 сая, эмэгтэйчүүдийнх 1.2 сая төгрөг, Оюутолгойн монгол ажилчид сард 2-5 сая гадаад ажилчид 20-40 саяын цалин авдаг гэх мэдээлэл/ 5. Гадаад төрхөөр ялгаварлан гадуурхах /царайны төрх, таргалалт г.м байдлаас болж бусдын доог тохуу болох/6. Хөгжлийн бэрхшээл, өвчний улмаас ялгаварлан гадуурхах /Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхийн хамгийн гадуурхагдсан бүлгүүдийн нэг бол хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс юм. 7. Шашны ялгаварлан гадуурхалт /Шашны итгэл үнэмшил, тэдгээрээс улбаатай зан заншлын хувьд хүнийг гутаан доромжлох/ 8. Хэлний ялгаварлан гадуурхалт /Хувь хүн эсвэл нийгмийн бүлгийг тэдний хэл яриа, аялга, аялгууны улмаас доромжлох/ 9. Эдийн засгийн ялгаварлан гадуурхалт /Энэ нь хүмүүсийн хооронд мөнгө эсвэл эд хөрөнгийн хэмжээгээр ялгааг бий болгодог бөгөөд нийгмийн анги давхаргад үндэслэн ялгаварлан гадуурхахад хүргэдэг/ 10. Нийгмийн давхаргаар ялгаварлан гадуурхах /Энэ нь тодорхой хувь хүмүүсийг нийгэмд авч болох ашиг тусаар нь ялгаж гадуурхдаг. Эдийн засаг, нийгмийн ялгаварлан гадуурхалт нь орлогын тэгш бус байдал эсвэл боловсролын боломжоос үүдэлтэй/ 11. Сургуулийн орчин дахь ялгаварлан гадуурхалт /Сургуулийн сурагчид үе тэнгийнхнийхээ дунд бие махбодын болон сэтгэл зүйн хүчирхийлэлд өртөж буй хандлага

[5] https://www.mglbar.mn/a/4564

Энэ мэдээ танд ямар санагдав?
3
0
0
0
0
0
Холбоотой мэдээлэл
5 Сэтгэгдэл
2024-05-28 15:39
Үргэлж оюуны хөрөнгө оруулалт хийж хэрэгтэй мэдээлэл өгдөг Өнөрмаа прокурортоо баярлалаа
2024-05-28 15:39
Үргэлж оюуны хөрөнгө оруулалт хийж хэрэгтэй мэдээлэл өгдөг Өнөрмаа прокурортоо баярлалаа
2024-05-28 15:38
Үргэлж оюуны хөрөнгө оруулалт хийж хэрэгтэй мэдээлэл өгдөг Өнөрмаа прокурортоо баярлалаа
2024-05-28 15:37
Үргэлж оюуны хөрөнгө оруулалт хийж хэрэгтэй мэдээлэл өгдөг Өнөрмаа прокурортоо баярлалаа
2024-05-28 15:37
Үргэлж оюуны хөрөнгө оруулалт хийж хэрэгтэй мэдээлэл өгдөг Өнөрмаа прокурортоо баярлалаа
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
Өчигдөр 10 цаг 39 мин
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
Уржигдар 10 цаг 49 мин
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
Уржигдар 09 цаг 55 мин
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24