Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ГЭРЧ, ХОХИРОГЧ, СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧИЙН МЭДҮҮЛЭГ ӨГӨХ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТОГТООХ АЖИЛЛАГААГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГА, ҮНДЭСЛЭЛ
Судлаач, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа
Судлаач, хууль зүйн ухааны доктор,
дэд профессор Б.Өнөрмаа

Сэдвийн агуулга: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд мэдүүлэг авах үед согтуурсан, эсхүл мансуурсан хүнээс мэдүүлэг авахыг хуулиар хориглоогүй нь “хууль ёсны байх” зарчимд харшилж байна.

Согтуурсан, мансуурсан байж болох сэжиг бүхий, эсхүл согтуурлын хэддүгээр түвшин нь хүний өөрийгөө болон нөхцөл байдлын талаар илэрхийлэх чадварт хэрхэн нөлөөлж болохыг тогтоосон, шинжлэх ухааны үндсэслэл бүхий аргачиллыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэвтрүүлэх шаардлага бий болж байна.

Мөн оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдолтой хүнээс мэдүүлэг авахад тавигдах шаардлага, харгалзах шалгуур зэрэг нь хуульд зохицуулагдаагүй байгаа нь гэрч мэдүүлэг өгөх үеийн нөхцөл байдлыг тусгайлан хуульчлах шаардлагатайг харуулж байна.

Учир нь оюун ухааны хомсдлын түвшингээс шалтгаалж тухайн хүний өөрийгөө болон нөхцөл байдлын талаар илэрхийлэх чадвар харилцан адилгүй байдаг талаар судалгаануудад дурьдсан байдаг.[1]

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим нь шүүгч, прокурор, мөрдөгч нь эрүүгийн хэргийг шалгах, нотлох, яллах, гэм буруутай эсэхийг тооцохтой хамааралтай бүхий л ажиллагааг зөвхөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулах, холбогдох хуулийг зөв хэрэглэх тухай зарчим бөгөөд хуульд заасан бусад зарчимтай салшгүй холбоотой байдгаараа онцлог.

Процессын хэм хэмжээ нь материаллаг хэм хэмжээнүүдийн хэрэгжих хэлбэр, эрх бүхий этгээдүүдээс уг хэм хэмжээг биелүүлэх, хэрэглэх ажиллагааг журамлаж, материаллаг хэм хэмжээгээр тодорхойлогдсон эрх зүйн дэглэмийг хэрэгжүүлэхийг зорьдог бөгөөд уг зорилгод хүрэх бүхий л ажиллагаа хуульд нийцсэн байх нь хууль ёсны зарчимын гол агуулга юм[2].

Гэрч, хохирогчийн мэдүүлэг хууль ёсны зарчимд нийцсэн байх шаардлага нь тухайн мэдүүлэг авах ажиллагааг хуулийн дагуу явуулж, баримтжуулсан, бусад эх сурвалжаар баталсан эсхүл үгүйсгэсэн тохиолдолд нотлох баримт болгон ашиглах боломжтой тул тухайн хэргийг шийдвэрлэхэд шууд нөлөө үзүүлдэг.

Хүн бүр бие махбодийн болон сэтгэцийн байдлаас үл хамааран мэдүүлэг өгөх чадвартай. Хамгийн гол нь тухайн хүн мэдрэхүйн мэдрэмж, түүнийг санаж, хуулбарлах чадвартай эсэх нь чухал юм. Тухайн тохиолдол бүрт мэдүүлэг өгөх чадварыг үнэлэх нь эрх бүхий албан тушаалтны үүрэг юм.[3]

Гэрч болсон үйл явдлыг харсан бол түүнийг хэрхэн хүлээж авсан, гэрч тухайн үед мансуурсан, согтуурсан, эсхүл өвчний болон бусад шалтгааны улмаас бодит дүгнэлт хийх чадвартай байсан эсэх, тухайн нөхцөл байдал гэрчийн сэтгэл зүйд хүндээр нөлөөлсөн эсэх, нөгөө талаар дам гэрч буюу үйл баримт болох үед хамт байгаагүй ч тухайн нөхцлийн талаар хэрхэн олж мэдсэн, түүний мэдүүлж байгааг батлах эх сурвалж байгаа эсэх талаар мэдүүлэг авахаас өмнө заавал тодруулж, энэ талаар тусгайлан тэмдэглэлд тусгах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчимтай нийцнэ.

Учир нь гэрчийн ой тогтоолт, нүдний хараа, сонсгол, хэл яриа, нас, согтуурал, мансуурал зэрэг дотоод шалтгаан, мөн цаг агаар, хугацаа, бусдын дарамт шахалт, айдас гэх мэт гадны нөлөөний улмаас хэргийн байдлыг үнэн зөв тусгах, тогтоох, илэрхийлэхэд саад учруулах нөхцөл байдал байгаа болон хэрэг гарах үед байсан эсэхийг шалгаснаар[4] эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим нь хэргийн бодит байдлыг тогтоох зарчимтай шууд уялдах нөхцөл болно.

Тэгвэл, эрүүгийн хэрэгт гол гэрч болох хүн оюун ухааны хөнгөн түвшний хомсдолтой тохиолдолд тухайн хүний мэдүүлгийг бусад эх сурвалж болон нотлох ажиллагагаар шалгаж болох хэдий ч мэдүүлэг авах үеийн гэрчийн сэтгэц, сэтгэл зүйн нөхцөл байдлыг эргэлзээгүй шалгаж тогтоосон байх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх нэг нөхцөл болно.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 6 дугаар зүйлд “Хүн бүр хаана ч байсан эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй” гэж заасан нь бие болон оюун санааны бэрхшээлээс үл хамаарч тухайн хүн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нөхцөлийн болон харилцааны бэрхшээлгүйгээр оролцох эрхтэй гэсэн агуулгад адил хамаарна.

Харин тухайн хүн бие махбод болон оюун санааны бэрхшээлийн улмаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй нь гагцхүү мэргэжлийн байгууллагын дүгнэлт, нотолгоо бүхий баримтаар тогтоогдсон байвал зохино.

Америкийн сэтгэцийн эмгэг судлалын [AAMR] Холбооноос гаргасан дүрмийн 9 дүгээр заалтад [1992] “Оюун ухааны үйлдэл нь ухамсар дорой байдлаар илрэх ба аливаа орчин нөхцөлд дасан зохицох чадварын хувьд 2-оос дээш үйлдэл дээр оюуны үйл ажиллагаа хязгаарлагдмал байх явдлыг оюуны хомсдол гэж үзнэ.” гэж заажээ.

Мэдүүлэг өгөх нь нэг талаас өөрийн хамаатан садны эсрэг, нөгөө талаас тухайн үйл баримтын талаар мэдээлэх нь эрх зүйн  ямар үр дагавартайг мэдэрч, энэхүү зөрчлийг оюун ухаанаар ойлгож байгаа эсэх нь эргэлзээтэй, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийн талаар хангалттай ойлголтгүй, эсхүл ойлгох боломжгүй, боломж хязгаарлагдмал хүмүүст хамаарах онцгой ажиллагаа байдаг.

Иймд сэтгэцийн болон хөгжлийн бэрхшээлтэй хүнээс зөвхөн мэдүүлэг өгөх хүсэлтэй, хууль ёсны төлөөлөгч, асран хамгаалагч нь мэдүүлэг өгөхийг зөвшөөрсөн тохиолдолд мэдүүлэг авч болохыг хуулиар зохицуулах шаардлагатай байна.

ХБНГУ-ын Бундестагийн Шинжлэх ухааны албанаас сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй хүнээс мэдүүлэг авах талаар зөвлөмж гаргасан бөгөөд уг зөвлөмжид дээрх хүмүүсээс мэдүүлэг авахдаа анхаарах, харгалзах нөхцлүүдийг дурьдсан байдаг[5].

Тухайлбал: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хэрэгцээнд онцгой анхаарал хандуулах ёстой. Энэ нь зөвхөн мэдүүлэг авах ажиллагаа төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх бусад бүх арга хэмжээнд хамаарна. Сэтгэцийн болон суралцах хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авахдаа гэрч болон мөрдөгч хоёрын хооронд амаар зуучлах боломжтой гэрчийн итгэмжлэгдсэн хүнийг дуудахыг зөвлөдөг.

Дээрх зөвлөмжид прокурор болон шүүх хөгжлийн бэрхшээлтэй гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгчтэй харилцахдаа онцгой анхаарал хандуулахыг зөвлөсөн байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй болон мансуурсан, согтуурсан гэрч, хохирогчийн талаар тусгайлсан зохицуулалт байхгүй боловч Улсын Дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг(§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбарын 1.11-д гэрч мэдүүлэг өгөх үеийн нөхцөл байдлыг шалгасан байх талаар дараах байдлаар тусгажээ. Үүнд:

- “Гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягталбал зохино. Түүнчлэн гэрчийн ой тогтоолт, нүдний хараа, сонсгол, хэл яриа, нас, согтуурал, мансуурал зэрэг дотоод шалтгаан, мөн цаг агаар, хугацаа, бусдын дарамт шахалт, айдас гэх мэт гадны нөлөөний улмаас хэргийн байдлыг үнэн зөв тусгах, тогтоох, илэрхийлэхэд саад учруулах нөхцөл байдал байгаа болон хэрэг гарах үед байсан эсэхийг шалган үзнэ”[6]

- “Бага насны гэрч, хохирогч хэргийн талаар тусган авсан нөхцөл байдлыг үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэх талаар сэтгэцийн шинжээчийн дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.3 дахь хэсэгт заасныг үндэслэн урьдчилан гаргуулсан байвал зохино” гэсэн нь гэрч, хохирогчоос мэдүүлэг авах ажиллагааг “хууль ёсны байх зарчим”-д нийцүүлэх ач холбогдол бүхий шаардлага болжээ.

                Улсын Дээд Шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн тайлбарын 5.1 дүгээр заалтад “Хуулийн 16.3 дугаар зүйлд заасан “мэдүүлэг” гэсэн ойлголтод Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээнд заасан дараах үндсэн эрх, зарчмууд хэрэгжинэ” гээд уг зарчмуудыг баримтлахад гэрч, хохирогч, шинжээч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс мэдүүлэг авахад зайлшгүй мөрдөх шаардлагуудыг тайлбарлан арга зүйг нь тодорхойлсон боловч оюуны хөгжлийн бэрхшээлтэй эсэх нь илтэд мэдэгдэхгүй байгаа тохиолдолд хэрхэн шалгах талаар тусгагдаагүй байна.

Уг тайлбарын 1.11 дэх заалтад тусгасан “....гэрчийн ой тогтоолт, нүдний хараа, сонсгол, хэл яриа, нас, согтуурал, мансуурал зэрэг дотоод шалтгаан....”-ыг мэдүүлэг авахаас өмнө шалгах шаардлагыг биелүүлэхэд “согтуурал, мансуурал”-аас бусад нөхцөл байдал нь эмнэлгийн тодорхойлох бичиг баримтаар тогтоож болохоор байна.

Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйлд цагдаагийн алба хаагч нь гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэх үндэслэл бүхий сэжиг байгаа тохиолдолд хүнийг согтуурсан, мансуурсан эсэхийг шалгах аргыг тусгажээ.

Улсын ерөнхий прокурорын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/66 дугаар тушаалаар баталсан “Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх тухай” аргачилсан зааварт “Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсний улмаас өөрийн үйлдэл, учир холбогдол, орчны байдалд дүгнэлт хийх чадваргүй байгаа хүнээс мэдүүлэг авахгүй” гэж заасан байдаг боловч дараах нөхцөлд уг заалтыг хэрэгжүүлэхэд бэрхшээл тулгарах боломжтой.

1. Дээрх аргачилсан заавар нь ЭХХШТХ-ийн 22.1 дүгээр зүйлийн 10 дах хэсэгт зааснаар зөвхөн мөрдөн шалгах ажиллагаанд хуулийн адил хэрэгжих бөгөөд шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрч, хохирогч, шүүгдэгчээс мэдүүлэг авахад хуулийн адил дагаж, мөрдөх эрх зүйн хэм хэмжээ биш байна.

2.  Дээрх бодисыг хэрэглэсэн боловч мэдүүлэг өгөх үед “чадвартай” байсан эсэхийг шалгаж, тогтоогоогүйн улмаас шүүгдэгч дээрх нөхцөл байдлын талаар мэдүүлсэн жишээг доор оруулав.

3. Улсын ерөнхий прокурорын 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн А/66 дугаар тушаалаар баталсан “Мөрдөн шалгах ажиллагааг хэрэгжүүлэх тухай” аргачилсан зааварт “хөгжлийн бэрхшээлтэй, хэлгүй дүлий хүн нь албан ёсны дохионы хэл мэпэхгүй тохиолдолд хэлмэрчээс гадна түүнтэй дохио зангаагаар сайн ойлголцдог тухайн хэрэгт хамааралгүй гэр бүлийн гишүүн, эсхүл ойрын хүнийг оролцуулж болно” гэж заасан боловч оюуны хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй харьцах арга зүй, харгалзах нөхцөлүүд дурьдагдаагүй байна

Практикт согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэгт холбогдсон хүнээс мэдүүлэг авах ажиллагаа хууль зөрчсөн эсэх талаар шүүхийн гаргасан шийдвэрт өөр өөрөөр тайлбарлан хэргийг шийдвэрлэсэн тохиолдол байна.

Тохиолдол. 1[7]

Хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан ялтан, тэдгээрийн гомдолд мансууруулах бодис хэрэглэсэн үед мэдүүлэг авсан талар дурьдсан. Улсын Дээд Шүүх хэргийг хэлэлцээд гаргасан дүгнэлтдээ “Гэмт хэрэгт холбогдсон этгээдээс согтуурсан, мансуурсан үед нь мэдүүлэг авахыг хуулиар хориглоогүй гэсэн үндэслэлээр хүний дээрх суурь эрхийг зөрчих явдлыг хүлээн зөвшөөрч болохгүй.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хэрэглэсэн хэмжээ, бие махбод, сэтгэл зүйн онцлогоос хамаарч хүн бүрийн ухамсар, биеэ авч явах байдалд харилцан адилгүй нөлөөлөх тул сэтгэхүй, ухамсрын алдагдалд орсон эсэхийг энгийн хүний түвшинд, эсхүл нарийвчилсан шинжилгээгээр тогтоосны эцэст ажиллагаа явуулах эсэхийг шийдвэрлэж байх нь зүйтэй” гэж дүгнэсэн байдаг.

Тохиолдол 2.[8]

Хэрэгт холбогдогч тухайн үед согтуу байсан гэх бөгөөд түүнийг согтолттой байсан талаар мөрдөгч илтгэх хуудас бичсэн нь хэрэгт хавсаргагдсан. Шүүх хэргийг хэлэлцсэн дүгнэлтдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа явуулах /код/ дүрэм, зааварт нь согтуурсан, мансуурсан хүнээс мэдүүлэг авахыг хориглосон байдаг.....

Нөгөөтэйгүүр цагдаагийн байгууллагад мэдүүлэг өгсөн бүх хүний согтуурлыг шалгаж тогтоож, дүгнэлт гаргуулах боломжгүй буюу шүүхээс хэрэгт хийлгэхээр зааж байгаа ажиллагаа нь цаашид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу хэрэглэх нөхцөл байдал үүсэхээр байна...” гэж хуульд зохицуулаагүй зүйлийг байгаа мэтээр мөн цагдаагийн байгууллагын согтуурлын зэрэг шалгах материаллаг нөхцөлийг хэрэг шалгах ажиллагаанд хамааруулан дурьдсан байна.

Энэ нь согтуурсан, мансуурсан хүнээс мэдүүлэг авахыг хуулиар хориглоогүйн үр дагавар буюу практикт гардаг олон тохиолдлын нэг. Иймд,

1. Оюун ухааны хөнгөн хэлбэрийн хомсдолтой хүнээс мэдүүлэг авахад тавигдах шаардлага, харгалзах шалгуурыг хуульчлах шаардлагатай байна.

2. Мэдүүлэг авах үед гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч согтуурсан мансуурсан, эсхүл гэрч, хохирогч оюуны хөгжлийн бэрхшээлтэй байж болзошгүй тохиолдолд мэдүүлэг авахыг хуулиар хориглож, мэдүүлэг өгөх чадвартай эсэхийг мэдүүлэг авахаас өмнө мөрдөгч шалган тогтоох шинжлэх ухааны үндэслэл бүхий аргачилалыг бий болгох саналыг дэвшүүлж байна.

             

[1] 2024 Deutscher Bundestag.   Strafprozessuale Vorgaben für die Vernehmung von Menschen mit einer geistigen Behinderung als Zeugen oder Beschuldigte.

 https://www.bundestag.de/resource/blob/987396/03713e8e79135acd882580a7f38cedec/WD-7-108-23-pdf.pdf.

[2] https://www.supremecourt.mn/media/files/20223/0_1649057428.pdf. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх талаар албан ёсны тайлбар, Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны тогтоол, 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр, Дугаар 11

[3] 2024 Deutscher Bundestag.   Strafprozessuale Vorgaben für die Vernehmung von Menschen mit einer geistigen Behinderung als Zeugen oder Beschuldigte.

 https://www.bundestag.de/resource/blob/987396/03713e8e79135acd882580a7f38cedec/WD-7-108-23-pdf.pdf.

[4] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг(§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар, Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоол, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, Дугаар 16, 1.11 дүгээр заалт

[5] 2024 Deutscher Bundestag.   Strafprozessuale Vorgaben für die Vernehmung von Menschen mit einer geistigen Behinderung als Zeugen oder Beschuldigte.

 https://www.bundestag.de/resource/blob/987396/03713e8e79135acd882580a7f38cedec/WD-7-108-23-pdf.pdf

[6] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Арван зургадугаар бүлгийн зарим зүйл, хэсэг(§16.3, §16.5)-ийг зөв хэрэглэх албан ёсны тайлбар, Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоол, 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр, Дугаар 16

[7] Улсын Дээд шүүхийн тогтоол 23. Ц.Б, Ц.Э, Э.Э нарт холбогдох хэргийн тогтоол. https://shuukh.mn/single_case/2037?start_date=&end_date=&id=3&court_cat=2&bb=1

[8] Баянхонгор аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхийн магадлал, Дугаар 2019/ДШМ/057. Б.Д-д холбогдох эрүүгийн хэрэг. https://shuukh.mn/single_case/8399?start_date=&end_date=&id=2&court_cat=2&bb=1

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
1
0
0
0
1
Холбоотой мэдээлэл
2 Сэтгэгдэл
2025-01-29 08:49
2025-01-29 08:45 Үнэхээр практик дээр тулгамдаж байгаа чухал асуудлыг хөндөж бичижээ. Өнөрмаа доктортоо цаашдын эрдэмийн их ажилд нь өндөр амжилт хүсье.
2025-01-29 08:45
Үнэхээр практик дээр тулгамдаж байгаа чухал асуудлыг хөндөж бичижээ. Өнөрмөө доктортоо цаашдын эрдэмийн их ажилд нь өндөр амжилт хүсье.
ШИНЭ МЭДЭЭ
"КОМПАНИ ӨӨРИЙН ХӨРӨНГӨӨС ХУВЬ НИЙЛҮҮЛСЭН ХӨРӨНГӨӨ НЭМЭГДҮҮЛЭХЭД НОГДОЛ АШГИЙН ТАТВАР ТӨЛӨХ ҮҮ?" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-01-31 16:27
"ХУУЛИЙН ФИРМИЙН МЕНЕЖМЕНТ, ХӨГЖИЛ, ЧИГ ХАНДЛАГА" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
2025-01-31 14:09
ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛСАН ХУУЛЬЧ ТАНД БАЯР ХҮРГЭЕ!
2025-01-30 10:14
ГАДААД ХЭЛТЭЙ ХУУЛЬЧДЫГ БҮРТГЭЖ БАЙНА
2025-01-29 16:28
БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ ХӨДӨЛМӨРИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
2025-01-28 17:10
ГЭРЧ, ХОХИРОГЧ, СЭЖИГТЭН, ЯЛЛАГДАГЧ, ШҮҮГДЭГЧИЙН МЭДҮҮЛЭГ ӨГӨХ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДЛЫГ ТОГТООХ АЖИЛЛАГААГ ХУУЛИАР ЗОХИЦУУЛАХ ШААРДЛАГА, ҮНДЭСЛЭЛ
2025-01-28 14:52
"ЦЭВЭР АГААР-ЭРҮҮЛ ХУУЛЬЧ" ӨДӨРЛӨГТ УРЬЖ БАЙНА
2025-01-28 13:34
МЭДЭЭЛЭЛ
2025-01-28 12:55
МЭДЭГДЭЛ
2025-01-28 12:48
"ХУУЛИЙН ФИРМИЙН МЕНЕЖМЕНТ, ХӨГЖИЛ, ЧИГ ХАНДЛАГА" СЭДЭВТ УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-01-27 17:36
”POLICY EMPOWERMENT” ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖИЖ ЭХЭЛЛЭЭ
2025-01-27 12:55
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫН ТАЛААРХ САНАЛ АСУУЛГА
2025-01-27 11:30
МӨНГӨ УГААХ, ТЕРРОРИЗМЫГ САНХҮҮЖҮҮЛЭХТЭЙ ТЭМЦЭХ ҮНДЭСНИЙ ЭРСДЭЛИЙН ДАРААГИЙН ШАТНЫ ҮНЭЛГЭЭГ ЭХЛҮҮЛЛЭЭ
2025-01-27 10:27
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО ХУРАЛДЛАА
2025-01-27 09:58
ХУУЛИЙН ТӨСЛИЙН АЖЛЫН ХЭСЭГТ АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА
2025-01-24 15:18
“БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ ХӨДӨЛМӨРИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДЛУУД" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ХӨТӨЛБӨР
2025-01-24 14:35
МЭДЭЭЛЭЛ
2025-01-23 09:58
“ЦАХИМ ЭРХ ЗҮЙН ОЛОН УЛСЫН ЧИГ ХАНДЛАГА” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-01-22 17:18
“БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ТУЛГАМДАЖ БУЙ ХӨДӨЛМӨРИЙН БОЛОН НИЙГМИЙН ДААТГАЛЫН ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТЫН АСУУДЛУУД" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2025-01-22 12:05
Б.БАЯРАА: ҮНДЭСЛЭЛГҮЙ ХЭТ ӨНДӨР ТОГТООСОН ТАТВАРЫН ДАРАМТЫН УЛМААС АЖ АХУЙН НЭГЖҮҮД ЭЭЛЖ ДАРААЛАН ҮҮД ХААЛГАА БАРЬСААР БАЙНА
2025-01-22 10:54