2014 оны 3 сарын 21
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо Шүүгчийн ёс зүйн дүрмийг батална” хэмээн заасан. Үүний дагуу Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо Шүүгчийн ёс зүйн дүрмийг шинэчлэн батлах ажлын хэсэг байгуулж, өнгөрсөн хоёрдугаар сарын 28-нд тус дүрмийг батлаад буй. Дүрэмд заасны дагуу шүүгчид гуравдугаар сарын 1-нээс ёс зүйн дүрмээ мөрдөж эхлээд байгаа билээ. Иймд Шүүгчийн ес зүйн дүрмийг батлах ажлын хэсгийнхэн тус дүрмийг шүүгчдэд танилцуулах уулзалтыг гуравдугаар сарын 20-нд Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд зохион байгууллаа. Уг уулзалтад дүрэм боловсруулах ажлын хэсгийнхэн танилцуулга хийхээс гадна 100 гаруй шүүгч оролцож санал бодлоо хуваалцсан байна.
Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлах ажлын хэсгийг Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн ахалсан бөгөөд тэрбээр “Ажлын хэсэг Шүүгчийн ёс зүйн дүрмийн төслийг боловсруулахдаа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нийцүүлэх, Шүүгчийн үйл ажиллагааны Бангалорын зарчмуудад тулгуурлан Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны дүрэм, АНУ, ОХУ, Япон, БНСУ, ХБНГУ зэрэг орны шүүгчийн ёс зүйн дүрмүүдийг харьцуулан судалж өөрийн орны шүүгчийн ёс зүйн өнөөгийн төвшин, нийгмийн хүрээний онол, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны онцлогт тохируулан дүрмийн төслийг боловсруулсан” гэдгийг онцлов. Мөн энэ дүрэм нь хариуцлага тооцох гэхээсээ илүүтэй шүүгчдийнхээ ёс зүйтэй байдлыг дээшлүүлэх зорилготойг чухалчиллаа.
Шүүгчийн ес зүйн дүрэм шинэчлэн батлагдсанаараашүүгчийн албаны үйл ажиллагаа болон хувийн амьдралдаа баримтлах зарчим, даган биелүүлэх хэм хэмжээг тодорхойлж, зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх төдийгүйшүүгчийн ёс зүй, хариуцлагатай байдлыг бэхжүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зэрэг олон давуу талыг бий болгожээ.