2014 оны 3 сарын 10
Монголын Хуульчдын холбооны Хууль зүйн шинжлэх ухаан, Хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих хорооноос “Монгол Улс дахь эрх зүйн боловсрол, хуульчдын мэргэжлийн ур чадвар-Өнөөгийн байдал” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг гуравдугаар сарын 7-нд зохион байгууллаа. Хуульчдын танхимд болсон уг ярилцлага нь Хууль зүйн сургуульд эзэмшиж буй эрх зүйн боловсролд тулгамдаж буй асуудлыг шүүн хэлэлцэх замаар өнөөгийн байдлыг авч үзэх төдийгүй хууль зүйн сургууль төгсөгчид хуульчид тавигдах мэдлэг, ур чадвар хандлагын шаардлагыг хангаж байгаа талаар ажил олгогчийн байр суурийг сонсох зорилготой байсан юм. Тус дугуй ширээнийярилцлагад Хууль зүйн шинжлэх ухаан, Хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих хорооны гишүүд, ажил олгогч болох прокурор, шүүх, өмгөөллийн байгууллага, Хууль зүйн яам, Хууль зүйн үндэсний хүрээлэн, Хууль зүйн сургуулиудын төлөөлөл оролцов.Тэд энэ удаагийн уулзалтыг эхлэл гэдгийг онцолж байсан бөгөөд цаашдаа энэ төрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн зохион байгуулж байх шаардлагатай гэдгийг хэлсэн юм. Түүнчлэн угуулзалт хэлэлцүүлгийн үеэр хууль зүйн боловсрол нь яг ийм байна гэж эцсийн байдлаар дүгнэхээсээ илүү хуулийн сургууль төгссөн боловсон хүчнүүд ажил олгогч болон шүүх, прокурор, өмгөөллийн байгууллага, хуулийн фирмүүдийн тавьж байгаа шаардлагыг хангаж чадаж байна уу гэдгийг шүүн ярилцав.