Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хороо, Прокурорын хороо, Шүүгчдийн хороо, Өмгөөлөгчдийн хороо хамтран “Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нээж, тус хуулийн төсөлтэй холбоотой өөрийн саналыг хуваалцсан.
Тус хэлэлцүүлэгт Улсын Их хурлын гишүүн Х.Тэмүүжин оролцож, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн танилцуулгыг хийсэн бөгөөд эрүүгийн хариуцлагатай холбоотой зохицуулалтыг ял, албадлагын арга хэмжээ болгож өөрчлөх болон худал мэдээлэл тараах, мөрдөн шалгах ажиллагааны нууцыг задруулах гэмт хэргийн шинжийг өөрчлөх талаар мэдээлэлдээ дурдсан.
Тус хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Монголын Хуульчдын холбооны судалгааны төвийн эрхлэгч Г.Оюунболд, хэлэлцүүлэгчээр Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Л.Галбадар, Улсын Ерөнхий Прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн Сургалтын албаны дарга, ахлах прокурор, О.Алтангэрэл, МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш, доктор, дэд профессор Т.Золбоо, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгч Б.Мэргэн нар оролцож хуулийн төслийн талаар санал солилцлоо.
Монголын Хуульчдын холбооны гишүүн шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчид болон иргэдийн төлөөлөл болсон нийт 68 хүн тус хэлэлцүүлэгт оролцож санал, шүүмжээ хуваалцсан бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа судалгаа, шинжилгээнд үндэслэж, шинжлэх ухаанчаар хандах, хуулийн үзэл баримтлалыг алдагдуулахгүйгээр ардчилсан нийгмийн үнэт зүйлийг хамгаалах алхмаас ухрахгүй байхад анхаарах талаар тодорхой байр суурийг илэрхийлсэн.
Энэхүү хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан саналыг нэгтгэн хууль санаачлагчдад хүргүүлэх болно.