Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар АНУ-ын Худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөтөлбөрийн Олон улсын зөвлөх хуульч Гришма Прадханыг Монголын Хуульчдын холбооны "Хүндэт тэмдэг"-ээр шагналаа.
Шагналыг Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл гардуулан өгч, Монголын Хуульчдын холбоо болон хууль зүйн салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, бизнесийн эрх зүйн орчныг сайжруулах чиглэлийн олон улсын томоохон сургалтуудыг монгол хуульчдад хүргэх ажилд тусалж дэмжсэнд нь талархал илэрхийлсэн юм.
АНУ-ын худалдааны яамны дэргэдэх Арилжааны эрх зүйн хөтөлбөр нь хөгжиж буй улс орнуудын гадаадын хөрөнгө оруулалт ба бизнесийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус хөтөлбөр хэрэгжиж буй орны хуульч, судлаач, төрийн албан хаагчдад зориулан арилжааны эрх зүйн чиглэлээр сургалт явуулах, бусад оронд хэрэгжсэн сайн жишгийг танилцуулах, нэвтрүүлэх зэрэг хууль зүйн текник туслалцаа үзүүлдэг байгууллага юм.
Тус байгууллага нь Монголын Хуульчдын холбооны хүсэлтээр Олон Улсын Арилжааны арбитр, Хөрөнгө оруулагч-Засгийн газар хоорондын маргааныг шийдвэрлэх нь, Төр, хувийн хэвшлийн түншлэл, Бизнесийн хэлэлцээр хийх арга зүй гэх мэт сэдвийн хүрээнд цуврал сургалтуудыг АНУ, Сингапур, Токио, Парис зэрэг улс, хотууд дахь DLA Piper, Clifford Chance, Shearman Sterling, Rajah & Tann гэх мэт нэр хүндтэй олон улсын хуулийн фирмүүдийн туршлагатай хуульч нарыг урин Монголын Хуульчдын холбооны хуульчдад нийт 5 удаагийн сургалт зохион байгуулж, 250 гаруй хуульч хамрагдан сертификат гардан авсан байдаг.
Хатагтай Гришма Прадхан нь Монголын Хуульчдын холбооны гишүүн, хуульч нарт тус сургалтуудыг эх орондоо суралцах боломжоор хангасан билээ.