Монголын Хуульчдын холбооны 2024 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад 1146 эрх зүйч бүртгүүлж оролцсоноос 205 эрх зүйч шалгалтад тэнцсэн. Тэднээс эхний ээлжинд гишүүнээр элсэх өргөдөл гаргаад байсан 95 шинэ хуульчийг тус холбооны Ерөнхийлөгчийн 2024 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 258 дугаар тушаалаар гишүүнээр элсүүлж, тангараг өргөх ёслолын ажиллагааг өчигдөр зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолын ажиллагааг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс удирдан чиглүүлсэн бөгөөд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Эрүүгийн эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн Ч.Отгонбаатар, В.Болормаа, Г.Халиуна, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга Д.Батболд нар оролцож, шинэ хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гардуулж, баяр хүргэн, цаашдын ажилд нь амжилт хүслээ.