Монгол Улсын Их хурлын дарга Д.Амарбаясгалан Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэлийг өнөөдөр(2024.08.29) хүлээн авч уулзаж, хууль эрх зүйн орчны шинэчлэлийн талаар ярилцлаа.
Уулзалтын үеэр УИХ-ын дарга Д.Амарбаясгалан “Салбар бүрийн төлөөллөөс бүрдсэн шинэ УИХ нь парламентын ардчиллыг улам бүр баталгаажуулж, хүн төвтэй хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулан ажиллана. Тиймээс мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагатай нягт хамтран ажиллаж, шинэчлэлүүдээ хэрэгжүүлэхээр зорьж байгаа” хэмээн онцлоод, Монголын Хуульчдын холбооны зүгээс мэргэжил, арга зүйн хувьд зөвлөж, хамтарч ажиллах нь чухал гэдгийг хэлсэн.
Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл “Хуульчдын холбоо бол салбар салбарын мэргэшсэн хуульчдын төлөөллийг нэгтгэсэн мэргэжлийн байгууллага. Манай холбоо жилд 100 гаруй хэлэлцүүлгийг шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч гээд бүх хуульчийн төлөөллийг оролцуулан зохион байгуулдаг. Хуульчид нэгдмэл байдлаар ажиллах нь илүү үр дүнтэй байдаг. Монголын Хуульчдын холбоо нь хороодоороо дамжуулж, нийт хуульчдаа уриалан хуулийг шинэчилж, иргэний эрх ашгийн хамгаалсан эрх зүйн орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахдаа таатай байх болно” гэдгээ илэрхийлсэн.
Тус уулзалтад УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, шүүгч Т. Мөнх-Эрдэнэ, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийн дэмжих асуудал эрхэлсэн хорооны дарга, хяналтын прокурор Ц.Мөнхбат, Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хорооны дарга, өмгөөлөгч Ш.Алтангадас, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Л.Энхсайхан, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Иргэний эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Ч.Отгонбаатар, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Нотариатын хөгжлийг дэмжих хорооны дарга Ч.Баянжаргал, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч С.Эрдэнэсувд, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын судлаач, хуульч Г.Оюунболд болон УИХ-ын даргын зөвлөхүүд, холбогдох албан тушаалтнууд оролцлоо.