Монголын Хуульчдын холбооны 10 жилийн ойг тохиолдуулан Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны санаачилгаар сургалтын багц цаг хангаагүй, үүргийн зөрчилтэй хуульчдад хөнгөлөлт үзүүлэхээр Зөвлөлийн 2024 оны долдугаар сарын 05-ны өдрийн хурлаар шийдвэрлэсэн.
Тус хөнгөлөлтийг хэрэгжүүлэхдээ Монголын Хуульчдын холбоо байгуулагдсанаас хойш буюу 2014 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хуульчийн үргэлжилсэн сургалтын багц цаг хангаагүй хуульчдад дутуу багц цагийн 50 хувьтай дүйцэхүйц цахим хичээлийг сонгон судалснаар бүрэн хангасанд тооцохоор тогтсон билээ.
Иймд хуульчид Та бүхэн тус хөнгөлөлтөд хамрагдахыг хүсвэл 2024 оны есдүгээр сарын 01-ний өдрийн дотор https://forms.gle/4yUhQMVDdXEb1Zoh8 холбоосоор орж хүсэлтээ ирүүлнэ үү.
Хүсэлтээ ирүүлж бүртгүүлсэн хуульчдад Монголын Хуульчдын холбооны www.mglbar.mn сайтад байршуулсан видео хичээлүүдийг 2024 оны есдүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны аравдугаар сарын 01-ний өдрийн хооронд судалж, хуульчийн үүргийн биелэлтийг хангах бололцоог олгоно.
Заасан хугацаанд үүргийн биелэлтээ хангаагүй хуульчдыг Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.4, Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журмын 7.3 дугаар зүйлийн 3-т зааснаар хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгох хүртэл арга хэмжээ авахыг мэдэгдье.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО
ХУУЛЬЧИЙН ҮРГЭЛЖИЛСЭН СУРГАЛТЫН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРОО