Ханнс Зайдалийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн шалгалтын асуудал эрхэлсэн хорооны төлөөлөгчид ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхен хотод 2024 оны зургадугаар сарын 12-19-ны өдрүүдэд айлчилж, хуульчийн хоёрдугаар улсын шалгалтын талаар туршлага судалж, сургалтад хамрагдлаа.
Айлчлалын бүрэлдэхүүнд Монголын Хуульчдын холбооны Шалгалтын хорооны дарга, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан, Шалгалтын хорооны гишүүн, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа, Шалгалтын хорооны гишүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, Шалгалтын хорооны гишүүн, Замын хөдөлгөөний хяналтын прокурорын ахлах прокурор Д.Дамдинсүрэн, Шалгалтын хорооны гишүүн, Нийслэлийн өмчийн харилцааны газрын дарга В.Оюумаа, Шалгалтын хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн ахлах багш, Герман, Европын эрх зүйн төвийн захирал Т.Золбоо, Шалгалтын хорооны гишүүн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Б.Баасандорж, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс нар багтсан юм.
Тус айлчлалаар төлөөлөгчид нь ХБНГУ-ын Бавари мужийн Мюнхен хотын Хууль зүйн яамны төлөөлөгчид болон холбогдох мэргэжилтнүүдтэй уулзаж, дугуй ширээний ярилцлага, хэлэлцүүлэг хийж, сургалтад хамрагдаж шалгалт зохион байгуулахтай холбоотой асуудал болон СПР сургалтын талаар, иргэний эрх зүйн чиглэлээр шүүх дээр дадлага хийх, Бавари мужийн хуульчийн улсын хоёрдугаар шалгалт хэрхэн явагддаг, цахим шалгалтыг хэрхэн зохион байгуулдаг, мөн “Baylern” дижитал сургалтын платформ талаар, шалгалттай холбоотойгоор захиргааны хэргийн шүүхэд хандах асуудлыг хэрхэн зохицуулж буй талаар мэдээлэл авч, туршлага солилцсон юм.
Мөн айлчлалын үеэр төлөөлөгчид Ханнс Зайделийн сангийн Мюнхен дэх төвийн үйл ажиллаагатай танилцаж, уулзалт зохион байгуулсан.
Шалгалтын хороо нь Монгол Улс дахь шалгалтын зохион байгуулалт болон бодлого, даалгаврын арга зүйг сайжруулахад ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд тус айлчлалыг зохион байгуулсан нь үр дүнтэй, дараа дараагийн шалгалтыг зохион байгуулахад чухал хувь нэмэр оруулсан ажил боллоо хэмээн төлөөлөгчид дүгнэсэн.
Энэхүү айлчлалыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Ханнс Зайделийн сан, түүний Монгол дахь төлөөлөгчийн газар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэргэдэх Герман, Европын эрх зүйн төв зэрэг байгууллагын хамт олонд талархал илэрхийлье.