Монголын хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Мөнх-Эрдэнэ, хууль зүйн ухааны магистр, захиргааны эрх зүйн залуу судлаач Л.Энхтайван нарын “ЗЕХ, ЗХШХШтХ (Захиргааны эрх зүйн хууль тогтоомжийн хэрэглээний тайлбар)” номын нээлтийг 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Хуульчдын танхимд зохион байгууллаа.
Номын нээлтэд Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Х.Батсүрэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Уянга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор С.Болормаа, Монголын хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга, доктор Д.Батболд, хууль зүйн сургуулиудын багш нар, эрдэмтэн, судлаач, оюутан залуус оролцлоо.
Номын нээлтийн арга хэмжээг нээж Монголын хуульчдын холбооны Ерөнхийлөгч, доктор П.Одгэрэл үг хэлсэн бөгөөд номын ач холбогдлын талаар Улсын дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор А.Алтанзул, Монголын хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Ч.Отгонбаатар, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор М.Уянга, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Практик сургалтын төвийн эрхлэгч, доктор С.Болормаа, Монголын хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга, доктор Д.Батболд нар сэтгэгдлээ хуваалцлаа.
Тус бүтээл нь захиргааны хэргийн шүүхийн шүүгч, тухайн чиглэлээр өмгөөлөл, хууль зүйн туслалцаа эрхэлдэг өмгөөлөгч, нийтийн захиргааны байгууллагын албан хаагч, захиргааны эрх зүйн чиглэлээр сургалт, эрдэм шинжилгээний ажил эрхэлдэг багш, судлаач, оюутан залуучуудад онол, практикийн мэдлэг олгоход тус дөхөмтэй сайн бүтээл болж чадсан гэдгийг нээлтэд оролцож үг хэлсэн хуульч нар тэмдэглэсэн бөгөөд хуульч нарын үнэт цаг хугацааг хэмнэсэн, хууль хэрэглээний өндөр ач холбогдолтой ширээний ном болсныг онцоллоо.
Ингээд номыг зохиосон хоёр хуульчдаа цаашдын оюуны хөдөлмөрт нь улам өндөр амжилт хүсэж, хуульч нарынхаа оюунд үнэтэй хувь нэмэр оруулж явахыг хүсэн ерөөе!