Монголын Хуульчдын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран сэтгүүлчдэд Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн талаар сургалт зохион байгууллаа.
Сургалтад Хуульчдын холбооны Төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх асуудал эрхэлсэн хорооны тэргүүн, өмгөөлөгч Р.Булгамаа “Сонгууль ба сэтгүүлчдийн эрх, үүрэг”, Хуульчдын холбооны гишүүн хуульч, сургагч багш О.Бат-Эрдэнэ “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт ба онцлог зохицуулалт”, Хуульчдын холбооны судлаач Г.Оюунболд “Сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал” сэдвээр тус тус хичээл заалаа. Сургалтаар сонгууль ба сэтгүүлчийн эрх, үүрэг, ёс зүйн тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн талаарх онцлог зохицуулалтууд, сонгуулийн тойрог болон сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчлийн талаарх ойлголт, ялгаатай байдал зэргийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгч, сонирхсон асуултад хариуллаа.
Тус сургалтад телевиз, сайт, радио, сэтгүүлийн салбарын төлөөлөл бүхий 50 гаруй сэтгүүлч оролцов.
Сэтгүүлчдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, цаг үеийн шинжтэй холбогдох хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өгөх сургалтыг цаашид улирал бүр тогтмол зохион байгуулахаар төлөвлөөд байна.