Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр “Хувийн эрх зүйн хөгжилд Хуульчдын оролцоо” сэдэвт чөлөөт уулзалт ярилцлагыг их, дээд сургуулийн багш, судлаачдын дунд зохион байгууллаа.
Энэхүү уулзалт ярилцлагад Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч, доктор П.Одгэрэл оролцож Монголын Хуульчдын Холбооны үйл ажиллагаа болон 2024 оны үйл ажиллагааны зорилтын талаар мэдээлэл хийлээ. Уулзалт, ярилцлага нь хувийн эрх зүйн хөгжлийн чиг хандлага, хууль зүйн дээд боловсролыг олгох тогтолцоонд тулгамдаж буй асуудлууд, Монголын Хуульчдын Холбоо, Иргэний эрх зүйн хорооны үйл ажиллагаанд хувийн эрх зүйн эрдэмтэн, судлаачид хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар өөрсдийн санал бодлоо солилцлоо.
Тус уулзалт, ярилцлагад хууль зүйн дээд боловсрол олгох 9-н их сургуулийн хувийн эрх зүйн багш, судлаачид оролцсон бөгөөд эрдэмтэн, судлаач нар хувийн эрх зүйн эрдэмтэн, судлаачдын хамтын ажиллагаа чухал бөгөөд нэн шаардлагатай байгааг онцолж байв. Монголын Хуульчдын Холбоо, Иргэний эрх зүйн хороо хувийн эрх зүйн эрдэмтэн, судлаач нарын хамтарсан арга хэмжээг шат дараатайгаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.