Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат нар хөдөлмөрийн эрх зүйн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлд хамтран ажиллах, энэ төрлийн үйл ажиллагаанд хуульчдын оролцоог нэмэгдүүлэх тодорхой төсөл, хөтөлбөр, сургалтуудыг хамтран хэрэгжүүлэх, цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцож 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр санамж бичиг байгууллаа.
Мөн иргэдийн эвлэлдэн нэгдэх, хөдөлмөрлөх эрхийг бодитойгоор хэрэгжүүлэх, хамгаалах, хуулийн төсөл дээр хамтран ажиллах, хуульчдыг чадавхжуулах, олон улсын гэрээ, конвенцын хэрэглээг нэмэгдүүлэх, бодлогын судалгаа, хэлэлцүүлэг хийх, иргэдийн хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг хийхээр тусгалаа.
Тус уулзалтад МХХ-ны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Ерөнхий удирдлагын газрын дарга Г.Золбаяр нар болон холбогдох албан тушаалтнууд оролцлоо.