Монголын Хуульчдын холбооны 2023 оны хуульчийн мэргэжлийн шалгалтад нийт 1200 гаруй эрх зүйч оролцсоноос 203 эрх зүйч тэнцэж эхний ээлжинд гишүүнээр элсэх өргөдөл гаргасан 160 шинэ хуульчийг тус холбооны Ерөнхийлөгчийн 2023 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдрийн 279, 2024 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаар тушаалуудаар гишүүнээр элсүүлж, тангараг өргөх ёслолын ажиллагааг Хуульчдын танхимд зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолын ажиллагааг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн томилсноор Тамгын газрын дарга Ш.Жолбарс удирдан чиглүүлсэн бөгөөд Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Монголын Хуульчдын холбооны зөвлөлийн гишүүн Ч.Отгонбаатар, Эрүүгийн эрх зүйн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар, Прокурорын хорооны тэргүүн, УЕП-ын газрын гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны хэлтсийн дарга Ж.Болорпүрэв, Шалгалтын хорооны удирдах зөвлөлийн гишүүн, Тээврийн Прокурорын газрын Зөрчил хариуцсан ахлах прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Дамдинсүрэн, Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролыг дэмжих асуудал эрхэлсэн хорооны дарга, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Ц.Мөнхбат, Өмгөөлөгчдийн хорооны тэргүүн Э.Ганхөлөг нар оролцон шинэ хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гардуулж, баяр хүргэн, цаашдын ажилд нь амжилт хүслээ.