Монголын Хуульчдын холбооны 10 жил, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн 50 жилийн ойн хүрээнд прокурор, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмааг алдаршуулах ёслолын ажиллагааг 2023 оны 11 дгээр сарын 29-ний өдөр зохион байгуулсан бөгөөд хуульч, хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа “Сэтгэл, мэдрэмж, ур чадвар нь хуульч хүний заавал эзэмших гурван чанар мөн” сэдвээр хүндэтгэлийн лекц уншлаа.
Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны дарга, Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэнгийн хяналтын прокурор, хууль зүйн ухааны доктор (Ph.D) Б.Өнөрмаа нь прокурорын байгууллага төдийгүй эрүүгийн эрх зүйн чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан анхны хуульч эмэгтэй юм. Тэрээр эдийн засгийн гэмт хэрэг сэдвээр дагнан мэргэшиж, 2002 оноос Прокурорын байгууллагын, 2014 оноос Монголын Хуульчдын холбооны сургагч багшаар, 2023 оноос Монголын Хуульчдын холбооны Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хорооны даргаар ажиллаж байгаа бөгөөд хуульчдад зориулсан сургалтын 15 хөтөлбөрийг боловсруулан магадлан итгэмжлүүлж, сүүлийн 5 жилийн байдлаар давхардсан тоогоор нийт 15 мянга гаруй хуульчдад хичээл зааж залуу хуульчдыг бэлтгэх, тэдэнд туслах, зөвлөх, сургах, чадавхжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар иржээ.
Хуульч, прокурор Б.Өнөрмаа нь эрдэм шинжилгээний олон арван бүтээлүүдийг эрхлэн гаргаж, хууль зүйн салбарын хэмжээнд бодит дэмжлэг болохуйц шинжлэх ухааны суурь болон хавсарга судалгааг хийж, залуу хуульчдыг бэлтгэх “Менторшип” хөтөлбөрийн ментороор ажиллах зэргээр өөрийн мэдлэг, ур чадварыг залгамжлан үлдээх, хууль зүйн салбарт чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд хүчин зүтгэж буй эрдэмтдийн нэг юм.
Энэхүү “Хуульч эрдэмтнийг алдаршуулах арга хэмжээ”-нд Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Дотоод хэргийн их сургууль, Монголын Хуульчдын холбооны удирдлагууд болон гэр бүл, шавь нар, хамтран зүтгэгчдийн төлөөлөл оролцож баярын мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл үзүүллээ.
Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт, судалгааны хүрээлэн, Монголын Хуульчдын холбооноос хамтран эрүүгийн эрх зүйн чиглэлээр анх удаа Хуульч эрдэмтнийг алдаршуулж буй нь онцлог байлаа.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО