Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ТӨРИЙН ӨМЧИЙН ТУХАЙ ЭРГЭЦҮҮЛЭХҮЙ НЬ

МУИС-ИЙН 70 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛАН ЗОХИОН БАЙГУУЛСАН

“НИЙТИЙН БОЛОН ХУВИЙН ӨМЧИЙН ЭРХ ЗҮЙН ТУЛГАМДСАН АСУУДЛУУД” СЭДЭВТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

 

 

МУИС-ийн ХЗС-ийн

Олон улсын эрх зүйн тэнхимийн

Эрхлэгч профессор  В.Оюумаа

 

 

Монголын ард түмэн бид: ... - эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. (МУ-ын Үндсэн хуулиас)

 

Төр өмчийн асуудал хамгийн маргаантай асуудлын нэг болжээ. Энэхүү асуудал нь “улсын”, “төрийн”, “нийтийн” өмч гэх ойлголт бие биеэсээ зарчмын хувьд ялгагдаж, орчуулга, агуулга, эрх зүйн зохицуулалт ялгаатай байгаатай холбоотой юм.

 

Монгол улс 1990-эд оноос хүний эрх, эрх чөлөөт байдлыг дээдэлсэн ардчилсан дэглэм тогтоож, хувийн ба нийтийн өмчийн олон хэлбэрийг хүлээн зөвшөөрч түүнд суурилсан чөлөөт өрсөлдөөн бүхий зах зээлийн харилцааг төлөвшүүлэх болсноор төлөвсөрсөн төлөвлөгөөт эдийн засаг, анги баримталсан нийгмийн бүтэц, нэг намт тоталитар дэглэмт улс төр, үзэл сурталын ноёрхол үндсээрээ өөрчлөгдсөн.[1] Нийгэм бүхэлдээ өөрчлөгдөхийн хэрээр энэхүү өөрчлөлтийн үйл явцаа цаг хугацааны хувьд эхэн, дунд, шилжилтийн хэмээн нэрлэж төр засаг, хэн хүнгүй, тодорхой шинэчлэл, шинэтгэлийг хийж ирсэн тухай тэмдэглэсэн ч олонтаа. Тухайлбал, Moнгол улсын Үндсэн хуулиндаа “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.[2] Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна. Монгол улсын иргэд өмчлүүлнээс бусад бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.[3]” хэмээн тунхагласан

Нийгэмд тодорхой өөрчлөлт, шинэ шинэ харилцаа үүсэж өөрчлөгдөж буйг бүхэлд нь үгүйсгэхгүй ч зарим нэг харилцаа, түүнд оролцогчид оноох нэр томьёо, ойлголт зэргийг эргэн харах нь зүйн хэрэг мэт.

Үүний нэг илрэл нь хүн бүр эрх, эрх чөлөө хэмээн цээж дэлдэн хашгиралдах адил “төрийн өмч” хэмээн амтай болгон ярьж, алдсан, авлагатай болгон аманд багтах хэмжээгээр нэхэж хөлжих, зальтай зайтай нь зувших, өндөрлөгт хүрэх аргаа, амлалтаа болгожээ. Тэд чухам юуны тухай ярьж, хэнээс юуг нэхэж, хэн эзэн мэдэж зарцуулаад байна гэдгийг эргэн нэг хармаар. Эргэн хармаар зүйл бишгүй олон байгаа ч бид харах ёстой зүйлээ харж, засах ёстойгоо засаж чадвал бидний ирээдүй илүү гэрэлтэй гэгээтэй болох биз.

 “Төрийн өмч” гэж ярих нь хэр оновчтой эсэх талаар эргэцүүлэн бодоход “төр”, “өмч” гэж чухам ямар ойлголт вэ? Өөр хоорондоо хэрхэн холбогдох талаар зайлшгүй авч үзэх шаардлагатай мэт.

Ийнхүү дараах асуултыг өөртөө тавьж түүнд хариулах оролдлого хийлээ.

Төр гэж чухам юу вэ?

Төрийн тухай шинжлэх ухааны олон салбарын үүднээс тодорхойлж болох юм. Төр хэмээх энэхүү ойлголт нь хийсвэр ойлголт бөгөөд өнөөг хүртэл нэг мөр тодорхойлолт олох нь .... мэт хэцүү юм. Учир энэ нь төрийн талаар үзэл баримтлал, түүнд тавих шалгуур зэргээс хамааралтай.

Төрийн үүслийн талаарч олон үзэл баримтлал, онол бий. Тухайлбал, төрийн үүслийн талаар эцгийн эрхт ёсны онол, шашны онол,сэтгэл зүйн онол, нийгмийн гэрээний онол,хүчирхийллийн онол, марксист онол, органик онол өөр өөр шалтгааныг дурьдсан онолууд дурьдаж болох юм.

Төрийг эрт дээр үеэс эхлэн судлаачид янз бүрийн чиглэл үзэл баримтлалаар судалсаар иржээ. Тухайлбал, эрхтний грекийн сэтгэгч Платон төрийг энх тайвны үзэл санааны илрэх хамгийн дээд хэлбэр мөн гэжээ. Харин Аристотель “төрийн хүний харилцааны дээд хэлбэр”, Цицерон “ард түмний үйл хэрэг” гэж тодорхойлсон байна. Төр судлалын түүхэнд “төр “хэмээх нэр томьёог Италийн суут сэтгэгч Х.Макиавелли боловсруулан шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан байна. Тэрээр төрийг “Засаглагч ба засаглагдагч нарын харилцаа, нийгмийн улс төрийн байдал” хэмээн тодорхойлжээ. Тэрээр төрийг мөнхийн, өөрчлөгдөшгүй институт гэж үздэг байсан төсөөллөөс татгалзаж социаль хүчний холбооны тухай үзэл санааг дэвшүүлж байжээ. Зарим сэтгэгчид төрийг “гэр бүлүүдийг эрх зүйн дагуу удирдах халбэр” (Ж.Боден), “хүчтэй нь нийтлэг хүсэл зоригоо илэрхийлэх хэлбэр” (Дж.Локк), “тодорхой нутаг дэвсгэрт оршин, нэгж засаглалын дор нэгдсэн хүн амын хамтын амьдралын хэлбэр” (Р.Фн.Моль) гэж тодорхйлжээ.[4]

Мөн төрийн талаарх олон хандлагууд ч бий. Тухайлбал, сонгодог буюу арифметик хандлага (Н.Аретин)[5], Хууль зүйн хандлага (Г.Еллинек, Ж.П.Эслин, В.Орландо)[6], норматив хандлага (Г.Кельзен)[7], институциональ хандлага (М.Орну, А.Геленц)[8], Кибернетикийн хандлага (Е.Ланг, К.Дойч)[9], социологийн хандлага (В.Парето, Р.Михельс)[10] гэж тодорхойлохоос гадна төрийг үндсэн шинж (нутаг дэвсгэр, хүн ам, нийтийн засаглал), дагалдах шинж (бүрэн эрхт байдал, төрийн аппарат, дагаж мөрдөх хэм хэмжээ) зэргээр тодорхойлсон нь ч бий.

            Төрийн тухайд зөвхөн хууль зүйн шинжлэх ухааны үүднээс[11] авч үзвэл хэд хэдэн талаас нь судлан тодорхойлж болох эрх зүйн олон талт үзэгдэл мөн. Тухайлбал академич С.Нарангэрэл төр гэсэн ухагдахууныг эрх зүйн онолын[12], үндсэн хуулийн эрх зүйн[13], олон улсын эрх зүйн[14] үүднээс тайлбарласан байна.

Хэдий олон янзаар тайлбарлаж тодорхойлсон байх боловч яг юу вэ гэдэг нь бас л тодорхойгүй. Доктор Ш.Цогтоо өөрийн бүтээлдээ “түүхийн үүднээс авч үзвэл Монголчуудын сэтгэлгээнд төр-ийг “дийлдэшгүй хүч”, “эзэн тэнгэр”, эсхүл “нэг ангиас буюу ажилчин тариачин ангиас, хөрөнгөтөн ангийг устгах машин” гэж ойлгох нь хэвшин тогтносон буруу үзэл санааг сөрөн зогсох бус “”төрийн минь сүлд өршөө” хэмээх нэг талаас хүлцэнгүй дорой байдал, нөгөөтэйгүүр мухар сүсэг, мунхруулгын автагдал эдүгээ ч бидний ухамсараас бүрэн ангижраагүй байна.”[15] гэж тэмдэглэжээ.

Тоймолбол, төр гэдэг бол ард түмэн биш, хөх тэнгэр ч биш, ард түмнээс эрх мэдэл авсан бүлэг хүмүүс юм байна. Тиймээс төрийг дээдлэхгүй байх нь зүйн юм.

Бас төр нь дархан эрхтэй[16] ч гэж үзэх үзэл баримтлал бий. Тэгвэл бид халдашгүй байдлын талаар ч хөндөж болох юм.

 

Өмч гэж юу вэ?

Аливаа хүний эд хөрөнгө хувьдаа өмчлөх эрх нь хүн бүрийн эдийн засгийн болон хувийн эрх чөлөөний үндсэн суурь нь болж байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй буй заа. Өмчийн эрхийн тухай авч үзэхийн өмнө түүний суурь болох өмч гэж юу болох, түүний мөн чанарын талаар товч тайлбар хийх нь зөв болов уу.

Өмч гэдгийг эрдэмтэн судлаачид олон янзаар тодорхойлсон байдаг. Тэдгээрийн заримыг дурьдан үзвэл: Доктор, профессор Т.Мөнхжаргал өмч гэдгийг “энэ нь өөртөө эдийн засаг, хууль  зүйн шинжийг агуулна. Эдийн засгийн утгаараа хүний хөдөлмөрөөр бүтсэн буюу байгалийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн болох эд баялагийг үйлдвэрлэх, хэрэглэх, арилжиж солилцох явц дахь нийгэм-үйлдвэрлэлийн харилцааг агуулсан категори, хууль зүйн зүйн утгаар хувь хүн, хамт олон тодорхой нөхцөл, тодорхой арга хэлбэрээр эд юмсыг өөрийн болгох зорилгоор олж авах, түүнийгээ өмчлөх, захиран зарцуулах эрхийг хуульчлан баталгаажуулсан ойлголт юм”[17] гэж тодорхойлжээ. Харин судлаач Б.Улаанбаатар “өмч гэдэг нь эд баялагийг тодорхой этгээдэд хамааруулж, уг этгээдэд тухайн баялагийн хувьд олгогдсон хязгааргүй эрхийг бусад этгээдээс хүлээн зөвшөөрч байгаагаар илэрдэг нийгмийн харилцаа”[18]гэж үзсэн байна. Доктор, профессор Г.Совд “өмч гэдэг бол нийгмийн үйлдвэрлэл явуулж материал, баялагийг өмчлөхөд чиглэсэн хүмүүсийн хоорондын харилцаа бөгөөд тэр нь нийтийн болон хувийн гэсэн хоёр үндсэн хэсэгт ангилагддаг.”[19] гэжээ.

....өмч гэдэг ойлголтын хамгийг ойр утга нь хувь хүн ба хамт олноос өөрсдийн эд юмсад хандах харьцаа гэж болохоор байна.

Иргэний шинэ хуулийг боловсруулахад “дэлхий нийтийн эдийн засаг, эрх зүйн харилцааны хөгжлийн түгээмэл зүй тогтлыг өөрийн орны хөгжлийн чиг хадлагатай оновчтой нийцүүлж загварчлан хуульчлах, иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш байдлыг хангах нөхцлийг улам боловсронгуй болгох, өмчийн бүх төрөл, хэлбэрийг чөлөөтэй тэгш хөгжүүлэх, өмчийн болон эдийн бусад эрхийг хамгаалсан эрх зүйн зохицуулалтыг улам нарийвчлан тодорхойлох, гэрээний харилцаанд төрийн зохицуулалт, гэрээний эрх чөлөөний зарчмыг илүү оновчтой хослуулах,... г.м үзэл баримтлалыг удирдлага болгосон.[20]

 

Төрийн өмч

Эндээс төрийн өмч гэдэг бол тэр цөөн хэдэн хүний өмч болж байна даа. “Төр” өмчийг бүтээж бий болгох уу.

Төрийн өмчийн бүрдүүлбэр нь хувийн өмчөөс бүрддэг. Төрийн өмчийг үрэн таран хийг төлж, түгээж байдаг нь хэн бэ.

 

Улсын хэмээх ойлголтыг илэрхийлэгч нийтийн буюу public гэдэг англи үгийг эх хэлнээ төрийн гэж буруу хөрвүүлсэн орчуулгын туйлшрал маш олон асуудал дээр улс гэдэг ухагдахууны утга агуулгыг алдагдуулжээ. Харь хэлнээ өөр утгыг илэрхийлэх зарим нэр томьёо ч гэсэн орчин цагийн шинэ удирдлагын тогтолцоог бий болгож байна.

 

Эл асуудлаар асуудал дэвшүүлж хэлэлцүүлж, хэлж ярьсан нь олон биш ч олны сонорт хүргэсэн нь бий. Хууль зүйн ухааны доктор, профессор Н.Лүндэндорж “УИХ-ын өөр нэг ноцтой алдаа бол төрийг өөрийн өмтэй болгосон явдал юм. Төрийн өмч гэж ертөнцөд байхгүй. Социализмын үед ч төрийн өмчийн тухай биш улсын өмчийн тухай ярьж, ойлгож байсан шүү. Төр өмчтэй болсоноор тэр өмчөө ард түмнээс асуулгүйгээр захиран зарцуулах эрхтэй болж байгаа юм. Харин нийтийн өмчийн тухай ярьж байгаа бол эзнээс нь асуух нь гарцаагүй. Төр өмчтэй болсноор “эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг зарчмаар”төр хариуцна”, “төр төлнө” гэж том дуугарах, бас тэгэх болсон. Төр чинь хариуцлага хүлээдэг эзэн биетэй зүйл биш.”[21] гэж өөрийн илтгэлдээ дурьджээ.

Тэгвэл бид ертөнцөд байхгүй зүйлийн тухай ярьж, бий болгож, эзэн биегүй зүйлээр үрэн таран хийлгээд байгаа юм уу.

 

Аливаа[22] байгууллагын эрх зүйн байдал өмчийн хэлбэрээс шууд хамаарна. Му-д социализмын үеийн улсын өмчийн зарчмыг хувьчлаад ихэнхийг нь төрийнчилж, public гэдэг үгийгг төрийн гэж орчуулан ойлгож, нийтийн өмчийг төрд шилжүүлсэн эь.. гажих төдийгүй.. хөнжилд ихээхэн хохирол учруулах хэрэг болжээ.төрийг дээдлэх буруу үзэл дээр суурилсан нэр томьёоны орчуулга, оноолтын алдаа ийнхүү утга болон үзэлэ баримтлалын ноцтой үр дагаварт хүргэсэн байна. Төр өмчтэй болсоноор босоо удирдлыгн зарчим хүчирхэгжиж, хэвтээ удирдлагын харилцааны зарчмын элементүүд нь хүчгүйдэн уусаж, улс төр, захиргааны байгууллагаас их сургуулиуд хараат болж хөдөлж ч чаддаггүй, айсан бээрсэн институт болж хувирсан.

Тэгэхээр нийтийн өмчийг төрийнчилсэн, public гэдэг үгийг төрийн гэж орчуулж, ойлгосон нь зөвхөн нэр томьёоны хэрэг төдий биш юм. Социализмийн үед хувийн өмчийг нийгэмчилж, улсын болгосон. Харин өнөө цагт нийтийн өмчийг төрийчилж, хэсэг бүлэг хүмүүсийн өмч болгосон байна. Аль нь илүү аюултай вэ.

 

Эрх зүйн хэл, нэр томьёо, тэдгээрээр илэрхийлдэг тогтсон, сонгодог утга агуулгыг үл харгалзах, төөрч будлих нь нөхөшгүй үр дагавартай. Нийтийн гэдгийг төрийн гэсний улмаас эрх зүйн ярвигтай асуудалтай бид тулгараад байна. Хаанаас, юунаас үүсэв? Энэ социалист сэтгэлгээний эмгэгээс үүсэлтэй, эрх зүйн монголын асуудалгэж хэлмээр байна.

МУ-ын ҮХ-д өмчийн хэлбэрийг нийтийн болон хувийн[23] гэж ангилсан атлаа хэдхэн мөрийн дараа буюу 6 дугаар зүйлд байгалийн бүхий төрөл зүйлийн баялагийг төрийн өмч хэмээн хуульчилсанаар төрийн өмч гэсэн нэр томьёо үүсэж өмчийн хэлбэрийн асуудал будлиантаж, улмаар Иргэний хуулийн 99 дугаар зүйлд нийтийн өмчөө төрийн, орон нутгийн шашны олон нийтийн хэмээн ангилснаар төр өмчтэй болж, төрийн өмчийн гэх тодотголтой, бас түүнд дуйцсэн эрх зүйн байдалтай байгууллагууд бий болсон түүхтэй.

            ... МУ-ын иргэний хуулийн тайлбарт нийтийн өмчийг төрийн, орон нутгийн шашны олон нийтийн гэж ангилсан тодорхой бус байна гээд “магадгүй нийтийн өмчийн өмчлөгчийн ангилалийг бий болгохыг оролдсон байж болох боловч ямар этгээд өмчлөгч байх талаар дурьдаагүй байна” гэсэн тайлбарыг хийсэн байгаа юм. Энэ тайлбараас харахад манай Иргэний хуулийн дээрх заалтыг гадаад, дотоодын мэргэжилтнүүд ч нэг төр ойлгож тайлбарлах аргагүй байгаа нь харагдана. Амьдрал дээр энэ асуудал яаж буусан бэ гэхээр нийтийн өмч төрийн өмч болж төгссөн. Орон нутгийнх гэх тодотголтой өмч гэсэн нутгийн захиргаагаар дамжин “бага” төрийн өмч л гэсэн үг юм. Иргэний хуулийг тайлбарлагчид дээр дурьдсан өмчүүдийн өмчлөгч нь ямар этгээд байх талаар иргэний хуулиас олж харж, тайлбарлаж болохгүй байгааг тэмдэглэсэн. Үүний улмаас төрийн өмч гэж юу болох, өмчлөгч нь хэн байх бэ гэсэн асуулт тэдний хувьд оньсого хэвээр үлдсэн юм.

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-ээр уг оньсогийг тайлж, төрийн өмчийн өмчлөгчөөр УИХ-ыг тодруулж, төрийн өмчөө төрийн нийтийн зориулалттай  өмч, төрийн өөрийн өмч хэмээн Иргэний хуулийн 99 дүгээр зүйлд заасан төрийн өмчөө дотор нь дахин ангилж, “төрийн өөрийн өмч” гэсэн бас нэг амигчхан өмчийн төрлийг бүтээсэнд оршино. Ингэж төр өмчтөй төдийгүй бүр “өөрийн” гэсэн онцгой тодотгол бүхий өмчтөй болж, төрийн өмчийн өмчлөгч нь УИХ болсон байна.

            Үндсэн хуулийн 20 дугаар зүйлд УИХ-ыг төрийн эрх барих дээд байгууллага, 21 дүгээр зүйлд УИХ 76 гишүүнтэй байна гэж заасан. Тэгэхлээр, 76 гишүүн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 4,5 дугаар зүйлд заасан төрийн өмчийн өмчлөгч болсон гэсэн үг. Энэ 76 хүнийг яаж ч нэрэлсэн тэдний хүсэл зориг байдгаараа л байна. Тийм учраас Людвиг фон Мизес “төр бол хийсвэр үзэл баримтлал бөгөөд төр засгийн байгууллагад байгаа хүмүүс тэр үзэл баримтлалын нэрийг барин ажилладаг юм” гэснийг баримталбал нөгөө 76 маань төрийн өмч гээчийн өмчлөгч нь маргаангүй мөн болж байна. Тэд биш байгууллага, ажлын байр нь гэх нь сэтгэлээ хуурсан төдий л зүйл юм. Эсвэл “ төр бол ард түмэн” учраас тийм байж болно гэж хэлэх хүн одоо цагт арай байхгүй болсон байх. Төрийн өмчийг өмчлөгч нар ч “жинхэнэ өмчлөгч” болсон гэдгийгээ нотлон харуулж байсан удаа цөөнгүй. Хуулиар эрх олгосон болохоор тэд юугаа ч хэнд ч зарж, бэлэглэж болно гэсэн үг. Ийм сонин юм зөвхөн Монголд л бий болжээ.

     Уул нь ард түмнээс эрх шилжүүлж авсан нөхөд нийтийн өмчийг өмчлөх ёсгүй учраас “төрийн өмч” гэж байдаггүй, харин тэд нийтийн өмчийг зохих хязгаарын дотор эсвэл зөвшөөрөл авсны үндсэн дээр төлөөллөөр захиран зарцуулж байх ёстой билээ. Тийм учраас М.Вебер: “төрийн албан хаагчийн хэн нь ч нөөцийг үл өмчлөнө” хэмээн төрийн албан хаагчийн үндсэн шинжийг тодорхойлохдоо хатуу мэдэгдэж байсан гэдэг.

          Төрийн өмчийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д зааснаар төрийн өмчийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх хэмжээ, хязгаарыг  УИХ, ЗГ тогтооно гэсний дагуу боловсролын хууль тогтоомж дахь энэ төрлийн харилцаа зохицуулагдсан байна.

     Энэ хүртэл өмчийн тухай багагүй ярьсан нь сэдвийн халилт биш юм. Харин нийтийн өмчийг төрийнчилсний уршгаар төр гэсэн нэрийг тээж яваа хэсэг бүлэг хүмүүсээс бид хэрхэн хараат болсныг, энэ асуудлыг мэдэхгүйгээр, хүлээн зөвшөөрөхгүйгээр, шийдвэрлэхгүйгээр нийтийн өмчит их сургуулийн эрх зүйн байдлыг авч үзэх, тогтоох ямар ч бололцоогүй гэдгийг л хөндөх гэсэндээ энэ юмаа.

 

     Хэрэв нийтийн өмчийн их сургуульд шилжинэ гэвэл “төрийн өмч” ,”төрийн өөрийн өмч”,”төрийн өөрийн удирдлага” гэсэн ойлголт, үйлдэл эс үйлдлээс татгалзаж, “нийтийн өмч”,”олон нийтийн төлөөлөл”,”нийтийн захиргаа”,”өөрийн удирдлага” гэсэн ойлголт, үйлдэл эс үйлдэхүйд шилжихээс эхэлнэ. Үндсэн хууль болон хэд хэдэн хууль тогтоомжид зарчмын шинжтэй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага тулгарна. Үүнд улс төрийн шийдэл, эр зориг, ухаарал сэхээрэл хэрэгтэй болно. Хамгийн наад зах нь их сургуулиуд ямар чиг үүрэг гүйцэтгэдэг, хэнд үйлчилдэг, үр шимийг хэн хүртдэг гэдгийг көв ойлгохоос эхэлнэ.

     Үндсэн хуульд гар хүрэхийг нас гүйцэхээргүй зүйл мэт санаж болохгүй. Хүрэхээ ирэхээр “минутад” хүрж байсан “туршлага” ч бий. Энэ туршилгыг дагахгүй гэвэл Үндсэн хууль бол ард түмний гэрээ, ард түмний өмч, ард түмэн өөрсдөө бичлэг гэдэг үгийг бодоод өөрсдийгөө зоригжуул. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2-т байгаа “төрийн” гэдгийг “нийтийн” гэсэн үгээр солиход ард түмэн юугаа ч алдахгүй харин авах тухай юм. Оруулах өөрчлөлт ийм л энгийн хялбар. Харин Иргэний хуульд багавтар, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг бараг үндсээр нь өөрчлөх шаардлага гарна. Ингэснээр Дк.Локкийн нээсэн гурван их “ нээлтийн “ нэг өмчийн асуудлыг зөв хуульчилсанаар иргэд,байгууллага эрх чөлөөтөй байх нэг нөхцөл хангагдана. Үүнийг төр ард түмний эрх ашгийг хангах, хамгаалах үүрэгтэй гэж үзвэл, аливаа эрх, эрх чөлөө өмч, өмчлөх эрх дээр тогтдог гэвэл хийхээс өөр аргагүй.

өмч хөрөнгө бол ард түмнээс янз бүрийн аргаар эрх шилжүүлж авсан хэсэг бүлэг хүмүүсийн өмч биш юм. Мөн “төр” гэдэг нэг том мөнгөний машин үйлдвэрлэчихсэн зүйл ч биш. Энэ бол монголчуудын үе дамжин хатгаалж, манаж ирсэн их орон, газар шорооны баялагаас бүтсэн, түүнд хөлс хүчээ шингээн босгосон татвар төлөгчдийн нийтийн өмч мөн. Тийм учраас их сургуулийг удирдахад татвар төлөгчид оролцох ёстой. Энэ бол их сургуулиудын удирдах зөвлөл үүсгэн байгуулсан гэх төрийн төлөөллөөс бус, харин олон нийтийн төлөөллөөс бүрдэнэ гэсэн үг. Олон нийтийн төлөөллөл нь төрийн захиргааны болон улс төрийн албан тушаалтан бус харин нийгмийн бүхийл салбарын нэр хүндтэй, идэвх зүтгэлтэй, ашиг сонирхолын зөрчилгүй хүмүүсээс бүрэлдэнэ. Тэдгээрийг шилж сонгоход төрийн захиргааны төв байгууллага дангараа оролцож, томилох бус, харин төрийн төлөөллөгчдийн байгууллагын оролцоо заавал байх ёстой билээ.

           Ингэснээр, босоо удирдлагын элементтэй хэвтээ удирдлагын харилцаа тогтож, түүнд тулгуурласан эрх зүйн байдал бүрэлдэж, их сургуулиудын үйл ажиллагаанд төрийн өмчит гэдэг статтусаар дамжин орж ирдэг оролцоо, улс төрийн нөлөө арилж, их сургуулиудын удирдлага, хамт олны санаачилга, хүч чадал, чармайлтад хөгжлийн хувь заяа шилжинэ. Их сургуулиуд чанартай мэргэжилтэн, шинжлэх ухааны ололтоор нийгэмд хөрөнгө оруулалт хийнэ. Ийм бололцоог бид цаашид алдсаар байхуу, засах уу?

                       

            Олон улсын хувийн эрх зүйн номлолын дагуу төр нь олон улсын хувийн эрх зүйн харилцаанд нийтийн эрх мэдлийг илэрхийлэгч, бүрэн эрхт субьект (jure imperii) болон хувийн ашиг сонирхлыг илэрхийлэгч, аж ахуйн субъект (jure gestionis) гэсэн хэлбэрээр оролцож болно. Эхний эрх зүйн харилцаа нь олон улсын эрх зүйн субъектын (улс, үндэстэн ба ард түмэн, олон улсын байгууллага) харилцан үйлдлийн явцад бүрэлдэж, олон улсын нийтийн эрх зүйн (jus publicum) хэм хэмжээгээр зохицуулагдана. Хоёр дахь эрх зүйн харилцаа нь нэг талаас төр нөгөө талаас аж ахуй эрхэлж буй олон улсын субъект эсхүл гадаадын хуулийн этгээд, гадаадын иргэний хоорондын харилцан үйлдлээр үүсэж, хувийн эрх зүйн (jus privatum)[24] хэм хэмжээгээр зохицуулагдана.

            Ийнхүү төр засаглах бүрэн эрхээ өөр төртэй харилцах харилцаагаар хэрэгжүүлэх төдийгүй хувь этгээд буюу хуулийн этгээдтэй тодорхой харилцаанд орж, олон улсын иргэний эргэлтийн субъект болж болно.

Үүнтэй холбогдуулан зарим судлаачид “төр нэг тал нь болж байгаа бүхий л эрх зүйн харилцааг бид нийтийн эрх зүй хэмээдэг”[25] гэж бичсэнтэй санал нийлэхэд төвөгтэй байгаа юм. Хэрэв тухайн харилцааны оролцогч нь төр байгаа ч “босоо” буюу “захирах-захирагдах” загвартай, императив аргаар зохицуулж байгаа бол нийтийн эрх зүй, харин уг нийгмийн харилцаа “хэвтээ”  буюу “эрх тэгш” загвартай байгаа бол тухайн харилцаанд хувь этгээд, хуулийн этгээд эсхүл төр субъект болж байгаагаас үл хамааран хувийн эрх зүйн хүрээнд хамаарна.

            Олон улсын эрх зүйн субъектын хоорондын маргааныг НҮБ-ын дүрмийн 33 дугаар зүйлд[26] нийцүүлэн хянан үзэж НҮБ-ын Олон улсын шүүхэд шийдвэрлэнэ.

            Төр болон аж ахуй эрхэлж буй гадаадын субъектын хоорондын  эрх зүйн харилцаа нь олон улсын хувийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдах бөгөөд “олон улсын эрх зүйн энэхүү харилцааг харилцаанд оролцогч хувь этгээд болон хуулийн этгээдийн төрийн эрх зүйд захирагдан зохицуулахгүй бөгөөд зохицуулж ч болохгүй”[27] юм. Эдгээр субъектын хоорондын эрх зүйн харилцаанаас үүдсэн маргааныг тухайн маргааныг хянан үзэх эрх хэмжээ бүхий алив нэг төрийн нийтлэг шүүх буюу арбитрын шүүх хянан шийдвэрлэнэ.

            Олон улсын хувийн эрх зүй дэх төрийн эрх зүйн байдал нь иргэн болон хуулийн этгээдийн түүний эрх зүйн байдлаас ялгагдана. Энэ нь юуны өмнө “төр өмчийн эрх болон төрийн дээд эрх мэдлийг илэрхийлэгч байдаг.”[28]-аар нөхцөлдөнө. 

            Олон улсын хувийн эрх зүйн субъект хоорондын эд хөрөнгийн харилцаанд ороход төр онцгой байр суурийг эзэлнэ. Энэ нь хэд хэдэн объектив болон субъектив шалтгаанаар нөхцөлдсөн байдаг. Тухайлбал, төрийн гурван шинж (тодорхой нутаг дэвсгэр, түүнд оршин буй хүн ам, эрх мэдэл)[29], төрийн дархан эрх, гадаадын аж ахуйн субъект болон төр хоорондын аливаа гэрээний улс төрийн далд шалтгаан болно.

Үүнээс гадна төрийн хууль зүйн ач холбогдол бүхий тодорхой үйлдэлд төрийн өмчлөгчийн эрх болон бүрэн эрхт байдлын илэрхийлэгчийн шинж нэгэн зэрэг илэрч байдаг. 

            Хууль зүйн ном зохиолд гадаад эдийн засгийн иргэний эрх зүйн харилцаанд төр оролцохдоо өөрийн бүрэн эрхт байдал болон өөрийн засаглах чиг үүргээ бүрэн хэмжээгээр хэвээр хадгалдаг гэсэн санааг бичсэн байдаг.  Зарим судлаач “төр нь иргэний үүрэгчлэлд  оролцохдоо төрөөс улс төрийн эрх мэдлээ хадгалсан хэвээр байдаг учраас иргэний эрх зүйн ердийн субъект болон хэзээ ч хувирдаггүй”[30] гэсэн байна. Яг үүнтэй төсөөтэй байр суурийг дэмжиж зарим судлаач “... нэг ба хоёр дахь хувилбарт (нэг дэх нь төрийн түншлэгч нь өөр төр буюу олон улсын байгууллага, хоёр дахь нь төр эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаанд гадаадын хуулийн ба хувь этгээдтэй оролцсон үед...) төр нь өөрийн бүрэн эрхт байдлын шинжээ алддаггүй”[31] гэж бичжээ.    

Өмнө дурдсан үзэл бодолтой санал нийлэхэд ихээхэн төвөгтэй бөгөөд учир нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь “хэвтээ” буюу  талууд нь эрх тэгш байх зарчимтай зөрчилдөж, иргэний эрх зүйн шинжтэй эд хөрөнгийн харилцааг агуулгын хувьд төсөөтэй боловч (жишээлбэл, дотоод эргэлтэд нь төр оролцсон тохиолдолд санхүүгийн эрх зүйгээр, гадаад эргэлтэд нь төр оролцсон тохиолдолд олон улсын эрх зүйгээр зохицуулагдах) эрс ялгагдах салбарын харилцаанаас зааглан ялгах боломжгүй болгож байна. 

            Олон улсын иргэний эргэлтэд төрийн эрх зүйн байдлын онцлог нь олон улсын нийтийн эрх зүйн үндсэн зарчим болох – улсуудын бүрэн эрхт байдлын эрх тэгш зарчимаас шууд урган гардаг юм. Энэ зарчим НҮБ-ын Дүрмийн 2 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт “Тус байгууллага нь бүх гишүүнийхээ адилхан бүрэн эрхт байдлын зарчим дээр үндэслэнэ”[32] хэмээн зааснаар илрэлээ олсон юм.

            Төр нь олон улсын харилцаанд олон улсын эрх зүйн бүрэн эрхт, тусгаар тогтносон субъектээр оролцохдоо бие биетэйгээ эрх тэгш зарчмын үндсэн дээр оролцоно. Тухайлбал, олон улсын эрх зүй нь олон улсын эрх зүйн бүрэн эрхт субъект болох төрийн аливаа харилцаанд тэдгээрийн хоорондын ялгаанаас үл шалтгаалан өөр хоорондоо эрх тэгш байх нийтлэг зөвшилцөлд суурилдаг.

            Төрийн бүрэн эрхт байдал, эрх тэгш байдлын зарчмыг зөв ойлгож хэрэглэхэд бусад зарчимтай нягт уялдаа холбоотой авч үзэх зүй ёсны шаардлага үүсдэг. Аливаа нэг зарчмыг зөрчих нь бас нөгөөг нь зөрчихөд хүргэдэг. Ийм учраас төрийн бүрэн эрхт байдлыг хүндэтгэх, бусдын дотоод хэрэгт хөндлөнгөөс үл оролцох, олон улсын үл ойлголцлыг шийдвэрлэхэд хүч үл хэрэглэх нь тэдгээрийн нийгэм-эдийн засгийн тогтолцоо, хүчин чадал, том багын хэмжээ, санхүүгийн байдлын ялгаанаас үл шалтгаалан төрийн бүрэн эрхт байдлын үндсэн дээр олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх баталгаа болдог байна.[33]

            Бүрэн эрхт байдлын зарчим нь юуны өмнө “бүрэн эрхт байдал” ба “тэгш эрх” гэсэн хоёр ухагдахууны хослолоор тодорхойлогдох нарийн утга агуулгатай юм.

Төрийн бүрэн эрхт байдлын[34] ухагдахуун нь төр ба тэдгээрийн тусгаар тогтнол–бүрэн эрхт байдал хууль зүйн хувьд эрх тэгш байна гэсэн хэрэг юм. Бүрэн эрхт байдал төрд байх хэвшмэл шинж юм. Төрийн бүрэн эрхт байдал нь олон улсын харилцаанд төрийн үндсэн нэн чухал эрх ба үүрэг болдог. Олон улсын эрх зүйн хүрээнд бүх төр эрх тэгш эрх, үүрэгтэй байдаг. Бүр эртний Ромд төрийн эрх тэгш байдал нь ”par in parem non habet imperium” өөрөөр хэлбэл, “эрх тэгш эрхтэй  эрх тэгш эрх мэдэл гэж байхгүй”, ”par in parem non habet iurisdictionem” -  “эрх тэгш эрхтэй  эрх тэгш шүүн шийдвэрлэлт гэж байхгүй”,  ”par in parem non habet potestas” -  “эрх тэгш эрхтэй эрх тэгш бүрэн эрх гэж байхгүй” гэсэн томъёоллоор илэрхийлэгдэж байжээ.

            Бүрэн эрхт байдал бол төрийн үндсэн мөн чанар юм. Эрдэмтэн Б.Чимид “... олон улсын эрх зүйд “суверенитет” гэх нэр томъёогоор илэрхийлдэг энэ ойлголтыг бид “бүрэн эрхт байдал” гэж монголчлон хэрэглэдэг. Түүний үнэнхүү гол агуулга нь тухайн улсын төрийн эрх мэдэл нутаг дэвсгэртээ хуваарьгүй дангаар ноёрхож, гадаад улс төрийн бодлого, зарчмаа бусдын оролцоо, дарамтгүйгээр өөрөө тодорхойлж бие даан явуулахад оршино”[35] гэж бичжээ. Академич С.Нарангэрэл “Төрийн бүрэн эрхт байдал нь улс орны дотоодод төрийн эрх мэдлийг дээдлэх, гадаад хүрээнд хараат бус, бие даасан байх, өөрөөр хэлбэл аливаа харийн эрх мэдлийг үгүйсгэсэн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл тухайн улсын нутаг дэвсгэрт бүрэн тогтоогдож, түүнчлэн олон улсын амлалтын хүрээнд гадаад улсын эрх мэдэлд эс захирагдах явдал юм”[36] гэж тодорхойлсон байна. Хууль зүйн шинжлэх ухааны доктор Н.Лүндэндорж “Төрийн эрхт байдал – тухайн улсын нутаг дэвсгэр дээр түүнтэй зэрэгцсэн эсвэл тэнцэхүйц өөр эрх мэдэл үл оршиж, улс орны хэмжээнд хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдөж, дээдлэгдэж, олон улсын харилцааны төвшинд бие даан, харьцангуй хараат бус орших чадвар мөн.”[37] гэсэн байна.

            Төрийн бүрэн эрхт байдлын хууль зүйн үндсэн шинжийг хоёр янзаар авч үзэж болохоор байна. Нэгдүгээрт, улсын нутаг дэвсгэрт байгаа бүх этгээд, байгууллага төрд захирагдах, төрөөс тэдэнд хамаарах эрх зүйн дэг журмыг тогтоох, түүнчлэн төрийн эрх мэдлийн нэгдэл ба хууль зүйн хязгааргүй байдлыг илэрхийлсэн төрийг дээдлэх явдал юм. Хоёрдугаарт, төрийн хууль зүйн ба улс төрийн салшгүй уг шинж болсон олон улсын харилцаа дахь түүний хараат бус байдал буюу тухайн төр нь өөр төрд ямар нэгэн гадаад эрх мэдлийн хувьд эс захирагдах явдал юм.

            Энэхүү үүднээс авч үзвэл төрийн бүрэн эрхт байдал болон олон улсын эрх зүйн хоорондын харилцан уялдаа холбооны асуудал сонирхол ихээхэн татдаг. Энэ хоёр ухагдахууны харьцааны тухай асуудлаар тодорхой цаг үед эрдэмтдийн сургаал янз бүр байж ирсэн түүхтэй. Энэхүү асуудалд амьдрал ч өөрөө хариулт өгч байна. Олон улсын эрх зүйн хэм хэмжээг удирдлага болгосон төр бүрэн эрхт байдлаа хэвээр хадгалж үлдэнэ. Үүний тод илрэл нь олон улсын байгууллага (НҮБ, Европын Холбоо), Гааг дахь Олон улсын шүүх, Страсбург дахь Хүний эрхийн Европын шүүх зэрэг юм. Ялангуяа Страсбург дахь хүний эрхийн Европын шүүх нь бүрэн эрхт төрийн эсрэг иргэдийн гомдлоор шийдвэр гаргадаг. Энэ шүүхийн актыг Европын Холбооны гишүүн - бүх улсууд хүлээн зөвшөөрч, хэрэгжүүлдэг билээ.

            Олон улсын эрх зүйг үндэсний эрх зүйгээс илүү дээдлэх нь бүрэн эрхт байдлыг хязгаарлаж болзошгүй тухай санаа гарч ирдэг. Зарим судлаач “төр туйлын бүрэн эрх эдэлдэг гэдэг нь өөр төртэй харилцахад холбоогүй бөгөөд гагцхүү өөрийнхөө үзэмжээр төрийн гадаад эрх буюу олон улсын ёс суртахууны хүрээнд дэг журам тогтоож, энэ харилцааны агуулга, олон улсын эрх зүйг төдийгүй төрийн бүрэн эрхт байдлыг үгүйсгэж, энэ нь хамгийн хүчтэй өөр төрийн үзэмжээс бүрэн буюу бүхэлдээ шалтгаалах болно”[38] гэж  үздэг. Германы эрдэмтэн Г.Еллинек төрийн бүрэн эрхт байдлын талаар судлаад “бүрэн эрхт байдал бол туйлын биш гэдгийг түүх бидэнд итгүүллээ. Бүрэн эрхт байдал нь төрийн үндсэн шинжийг тодорхойлоход нэн чухал ухагдахуун”[39] гэж бичсэн байна.

            Ийнхүү олон улсын эрх зүйн утга санаагаар авч үзвэл төрийн бүрэн эрхт байдал нь туйлын бус, хязгаармагдмал байх учиртай аж. Тэгэхдээ дэлхийн хамтын нийгэмлэгийн хөгжлийн объектив зүй тогтол, эрс өөр янз бүрийн төр оршин байгаагаар хязгаарлагддаг байна. Олон улсын эрх зүй нь бүрэн эрхт байдлыг гагцхүү иргэн, нийгэм, бүх дэлхийн ашиг сонирхлын үүднээс хязгаарлах бөгөөд тухайн төр өөрийн нутаг дэвсгэрт дур зоргоороо авирлаж, хэмжээ хязгааргүй эрх мэдэл хэтрүүлэн эдэлж, юу хүссэнээ гүйцэлдүүлж, нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчимаас гажиж болохгүй.

            Төрийн бүрэн эрхт байдал бол хууль зүйн нарийн төвөгтэй ойлголт боловч, төрийн дархан эрхийн мөн чанар ялангуяа олон улсын хувийн эрх зүйн харилцаанд төрийн оролцооны онцлогийг ойлгоход ихээхэн ач холбогдолтой байдаг. Иргэний эд хөрөнгийн харилцаанд орохдоо төр түүнд тогтоосон дэглэмд захирагдана. Энэ нь дараахь байдлаар илрэлээ олно: Нэгдүгээрт, энэ оролцоо ямар ч хэлбэрээр хэрэгжсэн ч иргэний эрх зүйн эд хөрөнгийн харилцаанд төр цаг ямагт эд хөрөнгөөр нөхцөлдсөн субъект болдог. Хоёрдугаарт, Төр иргэний эрх зүйн эд хөрөнгийн харилцаанд цаг ямагт нөгөө субъекттэйгээ тэгш эрхийн үндсэн дээр оролцоно.

            Төр бол иргэний эрх зүйн харилцааны субъект мөн. Монгол улсын иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болох аймаг, нийслэл, сум, дүүрэг нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцоно.”[40] гэж заасан байна. Үүнээс үзэхэд төр иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн нэгэн адил оролцож болно. Ийнхүү төр нь иргэний эрх зүйн харилцааны бусад субъект – иргэн ба хуулийн этгээдтэй эрх тэгш байдалтайгаар иргэний хууль тогтоомжоор зохицуулагдах харилцаанд оролцоно. Энэ утгаараа иргэний хууль тогтоомжоор зохицуулагдах эрх зүйн харилцаанд “төр” ба “хуулийн этгээд” хэмээх ухагдахуун нь эрх тэгш ухагдахуун юм. Монгол улсын нэрийн өмнөөс төрийн эрх мэдлийн байгууллага нь өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хувийн эрх ба үүргийг олж авч, хэрэгжүүлж, түүнчлэн шүүхээр хамгаалуулна. Энд тэмдэглэсэн иргэний хууль тогтоомжоор зохицуулагдах  харилцаа нь Монгол улсын иргэний хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь эрх зүйн этгээдийн хооронд үүсэх эдийн болон эдийн бус баялагтай холбоотой харилцааг зохицуулахад оршино.”, “Иргэний хууль тогтоомж нь иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх үүргийг ямар нэгэн хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх, шүүхээр хамгаалуулах зарчимд үндэслэнэ.”[41] гэж зааснаар тодорхойлогдоно. Монгол улсын Үндсэн хуулийн 14.2-т “...хүн бүр эрх зүйн этгээд байна.” гэж заасан. Үндсэн хууль болон иргэний хуулийн аль алинд заасан энэхүү “эрх зүйн этгээд” гэсэн ухагдахуун нь “... гагцхүү хүн байна гэсэн ойлголт биш юм. Эрх зүйн этгээд гэдэгт нийгмийн харилцаанд оролцогч бодгаль (хүн), хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага, төр, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж хамаарагдана.”[42]

            Хуульд тусгасан ийм байр суурь нь зүй ёсны юм. Хуулийн этгээдийн категори нь улс бүрийн үндэсний эрх зүйн категори юм. Ийнхүү төр нь эрх зүйн чадамж бүхий олон улсын хувийн эрх зүйн онцгой оролцогч бөгөөд иргэний эрх ба үүрэг эдэлж, гадаадын зүйл (элемент) бүхий иргэний эрх зүйн харилцаанд оролцдог байна. Гадаадын зүйл (элемент) бүхий эд хөрөнгийн харилцаа гэсэн ухагдахуун нь олон улсын хувийн эрх зүйн нэн чухал нэр томъёоны нэг юм. Эл нэр томъёог нэг мөр зөв ойлгож хэрэглэх нь олон улсын хувийн эрх зүйн гол чухал асуудлыг шинжлэх ухааны үндэстэй авч үзэх тулгын чулуу болдог юм. Манай улсын хууль зүйн ном зохиолд эл нэр томъёо хэрэглэгдэх болсон. Жишээлбэл, доктор Т.Мэндсайхан “гадаад элемент” гэсэн нэр томъёо хэрэглэж, “Олон улсын хувийн эрх зүйд гадаад элемент гэсэн ойлголт хэрэглэгддэг ба иргэний эрх зүйн аливаа харилцаа нь түүний бүрэлдэхүүнд “гадаадын элемент” оролцсон үед олон улсын шинжтэй болно. Гадаадын элемент орсноор тухайн иргэний эрх зүйн харилцаа шинэ өөр мөн чанартай болж, зохицуулалтын өөр арга, арга ажиллагаа шаардагдана. Гадаадын элементийг 3 хэсэгт хуваан үзэж болно. Үүнд:

            (1) Эрх зүйн харилцааны субъект. Хэрэв тухайн иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид нь өөр улсын иргэд ба хуулийн этгээд байвал энэ нь олон улсын шинжтэй болно. Жишээ нь, олон улсын худалдааны гэрээ байгуулах, Монгол улсын иргэн гадаадын иргэнтэй гэрлэх г.м.

            (2) Эрх зүйн харилцааны объект. Хэрэв иргэний эрх зүйн аливаа гадаад улсад байгаа эд хөрөнгө, оюуны өмчийн талаарх бол олон улсынх байна. Жишээ нь, Монгол улсын иргэдийн хооронд хийгдсэн гэрээний зүйл болох эд зүйл гадаад улсад оршин байх, татан буугдаж буй Монгол улсын нэг компанийн өмч нь гадаад улсад байх, Монголын нэг зохиолчийн ном бүтээл гадаад улсад хэвлэгдэн гарах г.м.

            (3) Хууль зүйн факт. Гадаад улсын нутаг дэвсгэр дээр болж буй хууль зүйн фактын үндсэн дээр иргэний эрх зүйн харилцаа үүсч, өөрчлөгдөж, эсвэл дуусгавар болж байвал уг харилцаа олон улсын шинжтэй болно. Жишээ нь Монгол улсын иргэд ОХУ-д байхдаа гэр бүл болох, БНХАУ-д хээрийн түймэр гарсны улмаас Монгол улсын иргэдэд гэм хор учрах г.м.

                        Монгол улс 1990-ээд оноос эхлэн иргэний эрх зүйн харилцаанд оролцох орчин үеийн хандлага 1994 оны шинэчлэн найруулсан Монгол улсын иргэний хуульд[43] тусгалаа олсон юм. Энэ хандлагыг 2002 оны Монгол улсын иргэний хуулиар улам бататгасан юм. Монгол улсын дагаж мөрдөж буй Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн гурав дахь хэсэгт заасны дагуу төр нь иргэний хууль тогтоомжоор зохицуулагдах эрх зүйн харилцаанд бусад оролцогчидтой эрх тэгш оролцоно. Төр нь иргэний эрх зүйн үүрэгчлэлээ хуулийн этгээдэд аж ахуй эрхлэх буюу эсхүл шуурхай удирдах эрхээ олгоогүй эд хөрөнгийн хүрээнд хариуцна.

            Төр иргэний эрх зүйн чухам ямар харилцаанд голчлон оролцож байна вэ гэдэг нь энэхүү судалгааны нэг гол зүйл юм.  Бидний үзэж байгаагаар хэрэв Монголын төр нь дараах харилцаанд зөвхөн нэг тал нь болон оролцож байгаа тохиолдолд олон улсын нийтийн эрх зүйгээр бус харин олон улсын хувийн эрх зүйгээр зохицуулагдана. Тухайлбал, Монголын төр нь:

  • Зээл олгох буюу авах харилцаа (Монгол улс нь зээлдэгчийн адил зээлийн байгууллага, гадаадын төр ба олон улсын санхүүгийн байгууллагатай зээлийн хэлэлцээр байгуулж болно.);
  • (Монгол улсын нэрийн өмнөөс) үнэт цаас гаргах замаар гүйцэтгэх зээллэгийн хэлбэрийг хэрэглэх;
  • Зээллэг ба зээлийн баталгаа гаргах (Монгол улс нь Монголын төрөөс баталгаа гаргах тухай гэрээ байгуулж болно. Засгийн газраас баталгаа гаргах асуудал нь төсвийн тухай хуулиар зохицуулагдана.);
  • Хилийн чанадад эдэлбэр газартай болох, түрээслэх;
  • Хилийн чанад дахь өөрийн мэдлийн эдэлбэр газар, барилга байгууламжийг худалдах ба түрээслэх;
  • Гадаадын хөрөнгө оруулагчидтай концессын гэрээ байгуулах;
  • Бүтээгдэхүүн хуваах тухай хэлэлцээр нэн тэргүүнд газрын тос олборлох ба газрын тос боловсруулах аж үйлдвэрт томоохон хөрөнгө оруулах тухай хэлэлцээр байгуулах;
  • Төрийн хэрэгцээнд зориулан ажил гүйцэтгэх гэрээ байгуулах;
  • Бараа худалдах худалдан авах болон үйлчилгээ үзүүлэх зэрэг гэрээ байгуулах;
  • Хилийн чанадад нас барсан Монгол улсын иргэний эзэнгүй үлдсэн эд хөрөнгийг өв залгамжлах эсхүл гэрээслэлээр өв залгамжлах.

 

Төрийн оролцоо бүхий олон улсын эрх зүйн харилцааг дараах үндсэн хоёр төрөлд ангилж болно:

  1. төр хооронд, түүнчлэн төр хоорондын ба олон улсын байгууллагын хооронд үүсэж буй эрх зүйн харилцаа (эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагаа, зээлийн зэрэг). Энэ төрлийн харилцаа нь гагцхүү олон улсын нийтийн эрх зүйн хэм хэмжээгээр зохицуулагдана. Ийм учраас энэ төрлийн харилцаанд төрийн оролцооны асуудал нь энэхүү судалгааны объект болохгүй;
  2. Үүсэн буй болсон харилцааны нэг тал нь зөвхөн төр, харин нөгөө тал нь гадаадын хуулийн этгээд, олон улсын аж ахуйн байгууллага (засгийн газар хоорондын бус) болон тодорхой иргэн болж байгаа бол. Харин энэ төрлийн харилцаа энэхүү судалгааны объект болно.

 

 

 

[1] Чимэд Б. Үндсэн хуулийн үзэл баримтлал: нийтлэг асуудал. Нэгдүгээр дэвтэр. Улаанбаатар. 2004.313 дахь тал.

[2] Үндсэн хууль. 1992. 5 зүйлийн 3 дахь хэсэг.

[3] Үндсэн хууль. 1992. 5 зүйлийн 3 дахь хэсэг., 6 зүйлийн 1,2 дахь хэсэг.

[4] Ариунаа М. Төр, эрх зүйн онол. Улаанбаатар хот. 2005. 23-24 дэх тал.

[5] Төр бол засаглал, нутаг дэвсгэр, хүн ам гэсэн гурван элементийн нийлбэр гэж үзэж төрийн засаглалд шийдвэрлэх ач холбогдол өгдөг байна. – мөн тэнд.

[6] Төр бол иргэдийхээ нийтлэг хүсэл зоригийг илэрхийлэгч онцгой корпораци, онцгой хуулийн этгээд. –мөн тэнд.

[7] Төр бол эрх зүйн тодорхой журам ба энэ нь бусад журмаас төвлөрсөн шинжээрээ ялгардаг. – мөн тэнд.

[8] Төр бол гэр бүл, сүм хийдийн нэгж адил нийгмийн институт бөгөөд төрийн өвөрмөц онцлог нь хувийн ба нийтийн ашиг сонирхолын тэнцвэрт байдлыг хангах хэрэгсэл болдогт оршино. –мөн тэнд.

[9] Төр нь нийгэмд дэг журам тогтоох зорилго бүхий институт, мэдээллийн хэрэгсэлтэй холбоотой, нийгэмтэй шууд ба эргэх холбоонд орших бүтэц. –мөн тэнд.

[10] Төр бол тодорхой социаль бүлгийн гарт байгаа зэвсэг.  Энэ нь марксист ба марксист бус гэсэн 2 чиглэлтэй. Марксист чиглэл нь төрийг эдийн засгийн хувьд ноёрхогч ангийн гар дахь зэвсэг мөн гэж үздэг бол марксист бус чиглэл нь төр бол нийгмийн тэргүүлэх хэсэг болох элитүүдийн багаж зэвсэг гэ үздэг. -мөн тэнд.

[11] төрийн тухай онолын асуудлыг монголын эрдэмтэн судлаачдын Сарантуяа Ц. Төрийн ерөнхий онол. Улаанбаатар. 1998. Лүндэндорж Н. Төр, эрх зүйн сэтгэлгээний хөгжлийн чиг хандлага. Улаанбаатар. 2002; Лүндэндорж Н. Төрийн онол. Нэмж засварласан гурав дахь хэвлэл. Улаанбаатар. 2008; Жалан-Аажав С. Төр, эрх зүйн онол. Улаанбаатар. 2000; Нямсүрэн Ч. Эрх зүй, төрийн ерөнхий онол. Улаанбаатар. 2001 зэрэг номоос тодруулж үзнэ үү.

[12] академич С.Нарангэрэл төр нь “эрх зүйн онолд үндсэн бүрэлдэхүүн хэсэг нь улс төрийн тогтолцоо, нийтийн засаг төрийн улс төрийн зохион байгуулалт бөгөөд түүний албан ёсны төлөөлөгчид нь нийт нийгмийн төлөөллөөс бүрэлддэг, зайлшгүй шаардлагатай тохиолдолд албадлагын арга хэрэглүүр ба арга хэмжээнд тулгуурладаг нийгмийн зохион байгуулалтын тодорхой арга. Нийгмийг удирдах тогтолцоо болохын хувьд дотоод бүтэцтэй байх бөгөөд өөрийн бүрэн эрхийг хэрэгжүүлэхийн тулд тусгай байгууллага болох төрийн механизм, түүний аппаратыг буй болгосон байна” гэж тайлбарлажээ. -  Нарангэрэл С. Эрх зүйн эх толь бичиг. Хоёр дахь хэвлэл. Улаанбаатар, 2008. 410 дахь тал.

[13] академич С.Нарангэрэл төрийн ухагдахууныг үндсэн хуулийн эрх зүйн үүднээс хэрхэн  тайлбарласныг Нарангэрэл С. Эрх зүйн эх толь бичиг. Хоёр дахь хэвлэл. Улаанбаатар, 2008. 411 дэх талаас тодруулж үзнэ үү.,

[14] академич С.Нарангэрэл төрийн ухагдахууныг олон улсын эрх зүйн үүднээс “олон улсын харилцааны үндсэн оролцогч болох олон улсын эрх зүйн субъект. Төр нь дараахь үндсэн шинжийг агуулна: тодорхой бөгөөд тогтмол суурьшилтай хүн амтай тодорхой нутаг дэвсгэртэй засаг төр ба хүн амын улс төрийн зохион байгуулалт нь нутаг дэвсгэртээ үр нөлөөтэй үйл ажиллагаа, хяналт хэрэгжүүлэх боломжтой олон улсын хамтын ажиллагааг хэрэгжүүлэх эрх зүйн чадамжтай. Засаг төрийн улс төрийн зохион байгуулалт болохын хувьд төр нь олон улсын тавцанд, ялангуяа түүний дээд байгууллага нь төрийн албан ёсны төлөөлөгчийн хувиар олон улсын эрх зүйн субъект болно. Төр олон улсын эрх зүйн субъект болохыг нотлон харуулдаг үндсэн гол шинж нь түүний бүрэн эрхт байдал.” хэмээн тайлбарлажээ. - Нарангэрэл С. Эрх зүйн эх толь бичиг. Хоёр дахь хэвлэл. Улаанбаатар, 2008. 411 дэх талаас тодруулж үзнэ үү.

[15] Цогтоо Ш. Нийтийн захиргаа: удирдлага, эрх зүй. Улаанбаатар хот. 2011. 43 дахь тал.

[16] Immunus гэх ямар нэг зүйлээс хамааралгүй, чөлөөтэй гэсэн утгатай тэмдэг нэр бөгөөд  immunitas гэх нэр үгнээс гаралтай. Манай улсад иммунитет гэсэн нэр томьёог дархан эрх, дархлаа, халдашгүй дархан эрх, эрх дарх, халдашгүй байдал зэрэг олон янзаар нэрлэсэн байдаг. –Нарангэрэл С. Хууль зүйн англи-монгол тайлбар толь. Улаанбаатар. 2005., Нарангэрэл С. Эрх зүйн эх толь бичиг. Хоёр дахь хэвлэл. Улаанбаатар. 2008., Амарсанаа Ж. Англи-орос-герман-монгол олон улсын эрх зүйн толь. Улаанбаатар. 2004. 362-364 дэх тал. Богуславский М.М. олон улсын хувийн эрх зүй. Сурах бичиг. Тав дахь хэвлэл. (орчуулга). Улаанбаатар. 2008.

[17] Мөнхжаргал Т. Эдийн засгийн харилцааны эрх зүйн зохицуулалт. Улаанбаатар хот. 2004. 52 дахь тал.

[18] Улаанбаатар Б. Иргэний эрх зүй /тайлбар толь/. Улаанбаатар хот. 2005. 93 дахь тал.

[19] Совд Г. Монгол Улсын Үндсэн хууль, хүний эрх /харьцуулсан эрх зүй/. Улаанбаатар хот. 1999. 154 дэх тал.

[20] Наранчимэг Д. “Монгол улсын Иргэний хууль тогтоомж-эрх зүйн шинэтгэл” сэдэвт илтгэл. Монголын эрх зүйн шинэтгэл-8 жил. 1995-2003. Эрх зүйн шинэтгэлийн түүхийн нэгэн бүлэг. Илтгэл болон зөвлөмжүүдийн эмхэтгэл. Улаанбаатар хот. Монгол улс. 2003.184 дэх та. 

[21] Лүндэндорж Н. Шилжилтийн үе: улс төр, эрх зүйн асуудал. Улаанбаатар хот. 2010. 16 дахь тал.

[22] Лүндэндорж Н. Шилжилтийн үе: улс төр, эрх зүйн асуудал. Улаанбаатар хот. 2010. 308-318 дахь тал.

 

[23] Үндсэн хууль 5 дугаар зүйлийн 5.2 дахь заалт.

[24] Богуславский М.М. Международное частное право: Учебник. М.,. 2000. С.149; Звеков В.П. Международное частное право. Курс лекций. М., 1999. С.230-231; Quadri Rolando. Diritto internazionale publico. 5-ed., rist. Napoli, 1980. P. 616.

[25] Ушаков Н.А. Государство в системе международно-правового регулирования. М.,. 1997. С.34

[26] Төрийн мэдээлэл. Тусгай дугаар., 11 боть. Монгол улсын олон улсын гэрээ. Улаанбаатар., 2005. 270-302 дахь тал.

[27] Ушаков Н.А. Государство в системе международно-правового регулирования. М.,. 1997. С.34.

[28] Брагинский М.И. Участие советского государства в гражданских правоотношениях. М.,. 1981. С.67.

[29] Ушаков Н.А. Государство в системе международно-правового регулирования. М.,. 1997. С.67.; Ануфриева Л.П. Соотношение международного публичного и международного частного права: правовые категории. М., 2002.С23-28., Лүндэндорж Н. Төрийн онол. Нэмж засварласан хоёр дахь хэвлэл. Улаанбаатар. 2005. 37 дахь тал.

[30] Виткявичус П.П. Гражданская правосубъектность советского государства. Вильнюс, 1978. С.173.

[31] Ануфриева Л.П. дурдсан зохиол. С.27.

[32] Төрийн мэдээлэл. Тусгай дугаар., 11 боть. Монгол улсын олон улсын гэрээ. Улаанбаатар., 2005. 272 дахь тал.

[33] Бараташвили Д.И. Принцип суверенного равенства государств в международном праве. М., 1978. С.56.

[34] академич С.Нарангэрэл төрийн бүрэн эрхт байдлыг “тухайн улсын төрийн эрх мэдэл нутаг дэвсгэртээ дангаар ноёрхож, гадаад улс төрийн бодлого, зарчмаа бусад улсын хөндлөнгийн оролцоо, дарамтгүйгээр өөрөө тодорхойлж, бие даан явуулах” гэж тодорхойлжээ. - Нарангэрэл С. Эрх зүйн эх толь бичиг. Хоёр дахь хэвлэл. Улаанбаатар, 2008. 413 дахь тал;.

[35] Чимид Б. Үндсэн хуулийг дээдлэх ёс. Улаанбаатар, 2006. 62 дахь тал.

[36] Нарангэрэл С. Эрх зүйн эх толь бичиг. Хоёр дахь хэвлэл. Улаанбаатар, 2008. 83 дахь тал.

[37] Лүндэндорж Н. Төрийн онол. Нэмж засварласан гурав дахь хэвлэл. Улаанбаатар. 2008. 52 дахь тал

[38] Ушаков Н.А. Государство в системе международно-правового регулирования. М.,. 1997. С.73

[39] Еллинек Г. Общее учение о государстве. Перевод под ред. Гессена В.М., Шалланда Л.В. Спб. 1913, С.312.

[40]  Монгол улсын хууль. Эмхэтгэл. дєрєвдїгээр боть. Улаанбаатар, 2008. 362 дахь тал.

[41] Монгол улсын хууль. Эмхэтгэл. дєрєвдїгээр боть. Улаанбаатар, 2008. 361 дэх тал.

[42] Кают Ё., Шпанглер., Редел П., Хелмхаген., Наранчимэг Д., Амарсайхан Ц., Дїгэржав Д., Баярмаа Н. Монгол улсын иргэний хуулийн тайлбар. (ерөнхий анги). Улаанбаатар. 2005, 8-9 дэх тал.

[43] Төрийн мэдээлэл. 1995. № 1.

 

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
Уржигдар 10 цаг 39 мин
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24