Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
Төр ба түүний өмчийн дархан эрхийн төрөл

 

МУИС-ийн Хууль Зүйн сургууль

Олон улсын эрх зүйн тэнхимийн

ахлах багш В.Оюумаа

 

            Энэхүү өгүүлэлд олон улсын хувийн эрх зүйн үүднээс төр ба түүний өмчийн дараах асуудлыг авч үзнэ. Үүнд

  1. Нэхэмжлэлийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө урьдчилан биелүүлэхээс дархан байх эрх.
  2. Шүүхийн дархан эрх (бусад улсын шүүхийн шүүн шийдвэрлэлтээс дархан байх эрх).  
  3. Шүүхийн шийдвэр биелүүлэхээс дархан байх эрх.
  4. Төрийн өмчийн дархан эрх.

 

  1. Нэхэмжлэлийг шүүхийн шийдвэр гарахаас өмнө урьдчилан биелүүлэхээс

дархан байх эрх нь нэг улсын эд хөрөнгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч  улсын зөвшөөрөлгүйгээр ямар нэгэн албадлагын арга хэмжээ  хэрэглэх замаар хангаж болохгүй байхад оршино. Үүний тод жишээ нь нь Зөвлөлтийн “Россия” хөлөг онгоцны хэрэг[1] гэж үздэг. Энэхүү хэргийн нөхцөл байдал дараах байдалтай байсан юм. 1948 оны 3 дугаар сарын 18-нд Америкийн шүүх Нью-Йоркийн усан онгоцны буудалд ирсэн Зөвлөлтийн “Россия” хөлөг онгоцыг битүүмжилсэн байна. Энэ үйлдлээ хөлөг онгоц далайд байх үед хоёр зорчигч бэртэл авсан гэж гаргасан нэхэмжлэлтэй холбоотой гэж тайлбарлажээ. Нэхэмжлэлийг биелүүлэх журмаар хөлөг онгоцыг барьцаалжээ. ЗХУ-ын элчин сайдын яам гадаад улсад хамаарах хөлөг онгоц нь шүүхийн дархан эрх эдэлдэг учраас барьцаалж болохгүй гэдгийг анхааруулж, эсэргүүцэл илэрхийлсэн байна. Үүний дараа 1948 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Нью-Йоркын холбооны шүүх хөлөг онгоцыг битүүмжилснийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргасан байна.

            Мөн 1969 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Чилийн Дээд шүүхийн шийдвэрлэсэн Боливийн засгийн газрын эсрэг нэхэмжлэл” (Decision by the Supreme Court “X x. The Government of Bolivia”)[2] хэргийг дурьдаж болно.

            Аливаа улсын шүүхийг зөвшөөрсөн улс тухайн улсын нутаг дэвсгэрт байршсан өөрийн эд хөрөнгийн хувьд нэхэмжлэлийг хэлэлцэж шийдвэрлэхээс өмнө биелүүлэхийг хүлээн зөвшөөрдөггүй. Энэхүү арга хэмжээ нь тухайн гадаад улсын шууд илэрхийлсэн зөвшөөрлийн нөхцөлд л гагцхүү боломжтой юм[3].

            Төр ба тэдгээрийн өмчийн дархан эрхийн шүүн шийдвэрлэлтийн тухай НҮБ-ын (United Nations Convention on jurisdictional immunities of states and their property ) конвенцийн 18 дугаар зүйлд “шүүхийн шийдвэр гаргахаас өмнөх албадлагаар төлүүлэхээр хандах буюу битүүмжилж тогтоож болохгүй: а) олон улсын хэлэлцээр, арбитрын хэлэлцээр буюу бичмэл гэрээнд, шүүхийн өмнө мэдэгдсэн буюу талуудын хооронд маргаан үүссэний дараа бичгийн мэдээллээр ийм арга хэмжээ авахаар заасныг төр шууд хүлээн зөвшөөрсөн; эсхүл  b) нэхэмжлэлийг биелүүлэхээр өмчийг нөөцөлсөн буюу тэмдэглэсэн.[4] гэж заажээ.

 

  1. Төрийн шүүхийн дархан эрх төрийн өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр өөр

улсын шүүхийн байгууллагад хариуцагч эсхүл гуравдагч этгээдээр татаж болохгүй. Төрийн дархан эрхийн энэхүү төрлийг судлахдаа дараахь хэргийг судалгааны зүйл болгосон болно.

Англи улсын Лондонгийн худалдааны шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 11-ний шийдвэр. Японы улсын “Марубени” корпорац ба

 Монгол улсын “Буян холдинг” ХХК-ийн зээлийн гэрээнд

Монгол улсын засгийн газар баталгаа гаргасан хэрэг (“Marubeni Hong Kong and Sorth China Ltd.v Mongolian Government”, Court of Appeal-Commercial Court, March 12, 2004, [2004] EWHC 472 (Comm))[5]

            Хэргийн болж өнгөрсөн нөхцөл байдлыг товч дурдахад Япон улсын “Марубени” корпорац 1996 оны 3 сард Монгол улсын “Буян холдинг” ХХК-тай дараа төлөх нөхцөлтэйгээр худалдах, худалдан авах гэрээ №258500 (Deferred Payment Sales Contract “DPS1 Contract”) байгуулжээ. Гэрээний дагуу “Марубени” корпорац нь “Буян” компанид 18 сая 811 мянга 670 ам. долларын өртөг бүхий сүлжмэлийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийг нийлүүлсэн байна. “Буян” компани төлбөрийн эхний таван хувийг гэрээ байгуулсны дараа 60 хоногийн дотор, үлдэх хэсгийг 18 сарын дараа буюу 1998 оны 6 дугаар сарын 24-нөөс эхлэн зургаан сар тутамд хувааж нийт 12 удаагийн төлөлтөөр барагдуулах, зээлийн үлдэгдэлд тохиролцсон хувиар хүү тооцож байх үүрэгчлэл хүлээсэн байна.

            Энэ гэрээтэй холбогдуулан Монгол улсын сангийн сайд 1996 оны 5 дугаар сарын 11-ний өдөр уг гэрээний үүрэгчлэлээс үүдэн гарах төлбөр, тооцооны талаар баталгаа, Хууль зүйн сайд энэ баталгааны талаар дүгнэлт гаргажээ.

            “Буян” компани гэрээгээр хүлээсэн үүрэгчлэлээ гүйцэтгээгүйн улмаас “Марубени”  корпорац Монгол улсын засгийн газрыг баталгааныхаа дагуу төлбөр тооцоогоо хийхийг хүсч, манай засгийн газарт 2000 оны 8 сараас хандаж эхэлжээ. Монгол улсын засгийн газар баталгааг хууль бус, эрх мэдлээ хэтрүүлж гаргасан баримт бичиг гэж үзэж, төлбөр хийхээс татгалзжээ. Ингээд 2001 оны 8 дугаар сарын 17-ны өдөр “Марубени” корпорац Английн Дээд шүүхийн Худалдааны шүүх, Куинс Бэнч салбар, Ройал шүүхэд Монгол улсын засгийн газрын эсрэг нэхэмжлэл гаргажээ. Монгол улсын засгийн газар “Марубени” корпорацын гаргасан нэхэмжлэлд “Английн шүүхийн харъяаллыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн хариу тайлбар гаргасан боловч 2002 оны 7 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Лондонд шүүхийн харъяаллыг хянан шийдвэрлэх хурал болж, маргааныг “Английн шүүхээр Английн хуулийн дагуу хянан шийдвэрлэнэ” гэсэн шийдвэр гаргажээ.

            Англи улсын Лондонгийн худалдааны шүүх 2004 оны 2 дугаар сарын 2-17-ны өдрүүдэд болж, шийдвэрээ 2004 оны 3 дугаар сарын 11-ний өдөр гаргажээ. Шүүх Монгол улсын засгийн газрыг зээлийн баталгаа гаргасан гэж үзжээ. Харин баталгаа гаргагчийн зөвшөөрөлгүйгээр гэрээний хоёр тал үндсэн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, тэр нь баталгаа гаргагчийн эрх ашигт хохирол учруулж болзошгүй бол түүнийг баталгааны дагуу хүлээсэн үүрэгчлэлээс нь чөлөөлнө гэсэн жишиг тогтоосон Холмс, Брункилийн эсрэг (Holmes v. Brunkill) 1877 оны хэргийн дагуу “Марубени” корпорац, “Буян” компани 1998 онд Монгол улсын засгийн газарт мэдэгдэхгүйгээр гэрээнд өөрчлөлт оруулсан тул Монгол улсын засгийн газрыг үүрэгчлэлээс чөлөөлсөн шийдвэр гаргажээ.

Шведийн Дээд шүүхийн 1957 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн шийдвэр, “БНХАУ-ын эсрэг хэрэг” (Decision by the Supreme Court “Beckman v.Chinise Peoples Republic”)[6]

            Энэ хэргийн нэхэмжлэгчид Бэнгта Йоханссоны хүүхдүүд буюу өвлөгчид болох Карин Бекман болон Эйк Бекман нар Стокгольм хотын шүүхэд БНХАУ-ын эсрэг нэхэмжлэл гаргажээ. Тэд 1954 оны 10 дугаар сарын 4-нд Стокгольм хотод байршилтай зарим үл хөдлөх эд хөрөнгийг эцэг нь тэдний зөвшөөрөлгүйгээр БНХАУ-д худалдсан байна. Шведийн Вант улсын гадаад хэргийн яам БНХАУ-ын элчин сайдын яаманд хандахад тавьсаны дараа тус элчин сайдын яам энэ нь дипломат дархан эрхийг хөндөж байна хэмээн мэдэгджээ. Стокгольм хотын шүүх БНХАУ-ын эсрэг гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэхээс татгалзжээ. Шүүх “өргөдөлд дурдсан маргаан нь БНХАУ-ын худалдан авсан энэ улсын Элчин сайдын яамны зориулалттай ашиглаж буй өмчийн асуудлыг хөндөж байгаа нь Бүгд  Найрамдах Хятад Ард Улс дархан эрхтэй учир энэ үндэслэлээр шүүхээс хянан хэлэлцэхээс татгалзаж байна.” гэж заажээ.

            Давж заалдах гомдлоор давж заалдах шүүх хянан хэлэлцээд хотын шүүхийн шийдвэрийг өөрчлөхгүйгээр хэвээр үлдээжээ.

            Дээд шүүх өмчийг Бүгд  Найрамдах Хятад Ард Улсын элчин сайдын яамны зориулалтаар ашиглаж байгаа тохиолдолд Карин болон Эйк Бекманы гаргасан нэхэмжлэлээс дархан эрхтэй байна гэж үзэж, давж заалдах шатны шүүхийн тогтоолыг дэмжжээ.[7]

 

 

Мөн дараах хэргүүдийг  Японы Дээд шүүхийн 1928 оны 12 дугаар сарын 28-ны шийдвэр, “БНХАУ-ын эсрэг Мацуяма нарын хэрэг” (Decision by the Supreme Court “Matsuyama et al. V. Republic of China”)[8]., Австралийн Дээд шүүхийн 1968 оны 4 дүгээр сарын 26-ны шийдвэр, “Грунфельд болон АНУ ба бусад улсын эсрэг хэрэг” (“Grundfeld and Another  v. United States of America and Others”)[9] ., Чилийн Дээд шүүхийн 1969 оны 9 дүгээр сарын 3-ны шийдвэр,“Хятадын засгийн газрын эсрэг хэрэг” (Decision by the Supreme Court “X v. The Government of China”)[10].,  Чилийн Дээд шүүхийн 1975 оны 6 дугаар сарын сарын 2-ны шийдвэр, “Кубын засгийн газрын эсрэг хэрэг” (Decision by the Supreme Court “X v. The Government of Cuba”)[11] хэргүүдийг дурьдаж болно. 

 

  1. Шүүхийн шийдвэр биелүүлэхээс дархан байх эрх нь аливаа төрийн

(улсын) зөвшөөрөлгүйгээр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх арга хэмжээ хэрэглэж болохгүй байхад оршино. Ийм арга хэмжээнд жишээлбэл, төрийн эд хөрөнгийг битүүмжлэх, тодорхой үйлдэл гүйцэтгэхийг албадах зэрэг арга хэмжээнүүд хамаарна. ОХУ-ын эрдэмтэн М.М.Богуславский “шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэхээс дархан байх эрхэд аливаа улсыг түүний зөвшөөрөлгүйгээр өөр улсын шүүхэд хэлэлцэн түүнд шийдвэр гүйцэтгэх албадлагын арга хэмжээ авахгүй байх явдлыг ойлгоно”[12] гэж тэмдэглэсэн байна.

         Төр ба тэдгээрийн өмчийн дархан эрхийн шүүн шийдвэрлэлтийн тухай НҮБ- ын конвенци болон Дипломат харилцааны тухай Венийн конвенцид энэ талаар заасан байдаг.

            Дипломат харилцааны тухай Венийн конвенцийн 31 дүгээр зүйлд зааснаар “Дипломат төлөөлөгч суугаа орны эрүүгийн хуулийн хариуцлагаас чөлөөлөгдөх… иргэний ба захиргааны шүүх эрх мэдлээс ангид байх дархан эрх эдлэнэ.”  Мөн конвенцид заасан тодорхой тохиолдлоос бусад тохиолдолд “… ямарваа гүйцэтгэх ажиллагааны арга хэмжээ авч үл болох”, “…хүлээн авагч улсын шүүхийн харьяаллаас чөлөөлөгдөх дархан эрх нь түүнийг томилогч улсын шүүхийн харьяаллаас үл чөлөөлнө.”[13]

 

  1. Төрийн өмчийн дархан эрх нь төрийн эд хөрөнгийн тухай нэлээд ерөнхий

ухагдахуун мөн. ОХУ-ын эрдэмтэн М.М.Богуславский “ Төрийн өмч халдашгүй байдаг. Энэ нь төрийн өмчийг түүний өмчлөгч улсын зөвшөөрөлгүйгээр албадан хурааж авах, битүүмжлэх, ашиглах болон түүнд бусад албадлагын арга хэмжээг хэрэглэж үл болно. Түүнийг гадаад улсын нутаг дэвсгэрт хүчээр саатуулж болохгүй. Түүнийг өөр улс, түүний байгууллага буюу хувь этгээдийн зүгээс ашиглан шамшигдуулж болохгүй[14] гэж тэмдэглэсэн байна. Хилийн чанадад оршин байгаа төрийн өмчийн тухайд нь тухайн эд хөрөнгө нутаг дэвсгэрт нь байгаа улсын зүгээс энэ эд хөрөнгийг дур мэдэн ямар нэг арга хэмжээ авч болохгүй.

 

            Төрийн өмч нь төрийн дархан эрхийн тухай олон улсын эрх зүйн хэм хэмжээг хэрэглэсний үр дүнд тодорхой хамгаалалтад байдаг, эсхүл тодорхой хөнгөлөлт буюу эрх ямбаар хангагддаг боловч түүнийг олон улсын эрх ба үүрэг бүхий субъект бус харин объект хэмээн үзэх ёстой.[15]

           

Үүний жишээ болгож Шанхай хотын түр шүүхийн (иргэний коллеги) 1927 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэр “Зөвлөлтийн худалдааны флотын эсрэг ах дүү Ризаевынхан” хэмээх хэрэг (Pizaeff frиres v.The Soviet Marcantile Fleet.Decision by the Provisional Court of Shanghai (Civil Division))[16]хэргийг жишээ болгож болно.

Дүгнэлт: төр ба түүний өмчийн дархан эрхтэй холбоотой  дээрх төрлүүд нь олон улсын хувийн эрх зүйн харилцааны субьект болох төрийн хувьд ямар нэг хэлбэрээр зөвшөөрлөө илэрхийлсэнээс бусад тохиолдолд хэрэглэх боломжгүй байдаг нь харагдаж байна. Энэ асуудал нь Монгол улсын хувьд урьд өмнө судлагдаагүй төдийгүй шинэ тутам ойлголт юм.  Иймд гадаад улс орны туршлагыг өргөн судлах, гадаадын эрдэмтэдтэй санал солилцох нь энэхүү судлагааны ажлыг хийж миний хувьд нэгээхэн зорилт тул БНСУ-д энэ асуудлыг хэрхэн авч үздэг талаар мэдээлэл авах, санал шүүмж авах зорилго агуулж байгааг хэлэхийг хүсэж байна.

Улаанбаатар-2010 он

 

 

 

[1] Богуславский М.М. Международное частное право: Учебник. М., 1999. С. 150-151.

[2] Materials on jurisdictional immunities of states and their property. New York, United Nations, 1982. P. 250-251.

[3] Богуславский М.М. Иммунитет государства. С.20.

[4] http//www.untreaty.un.org (23.11.04)

[5] http://www.vlex.co.uk/vid/2001folio-946-52637508. Академич Нарангэрэл С. Энэ хэрэгm шинжээчээр оролцжээ.

[6] Materials on jurisdictional immunities of states and their property. New York, United Nations, 1982.  P. 426.

[7] Materials on jurisdictional immunities of states and their property. New York, United Nations, 1982. P. 426-427.

[8] Materials on jurisdictional immunities of states and their property. New York, United Nations, 1982.  P. 339.

[9] Materials on jurisdictional immunities of states and their property. New York, United Nations, 1982. P. 181-183.

[10] Materials on jurisdictional immunities of states and their property. New York, United Nations, 1982.  P. 250.

[11] Materials on jurisdictional immunities of states and their property. New York, United Nations, 1982. P. 251.

 

[12] Богуславский М.М. Олон улсын хувийн эрх зүй. Сурах бичиг. тав дахь хэвлэл. (Орчуулга). Улаанбаатар, 2008, 143 дахь тал.

[13] Тєрийн мэдээлэл. Тусгай дугаар. II боть. Монгол улсын олон улсын гэрээ. Улаанбаатар. 2005. 412-413 дахь тал.

[14] Богуславский М.М. Олон улсын хувийн эрх зүй. Сурах бичиг. тав дахь хэвлэл. (Орчуулга). Улаанбаатар, 2008, 172-173 дахь тал.

[15] Косм Аруна. Дурдсан зохиол. С.12.

[16] Materials on jurisdictional immunies of states and their property. P.251-252.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
Уржигдар 10 цаг 39 мин
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23
ХУУЛЬЧДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН АЯЛЛЫН НАМРЫН БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ
2024-10-30 16:49
“WHY MEDIATION? ” АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА" СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛНО
2024-10-30 16:34
"ШҮҮХИЙН ЦАХИМЖИЛТ БА ЦАХИМ ХАВТАСТ ХЭРЭГ"
2024-10-30 11:24