Өнгөрсөн 2014 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Хуульчдын холбооны зөвлөлийн ээлжит хурал хуралдлаа. Тус хурлаар нийтдээ 11 асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байснаас дараах асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргажээ.
Хурлаар хэлэлцэж, шийдвэрлэсэн асуудлуудыг тоймлон хүргэвэл:
1. Хуульчдын холбооны зарим чиг үүргийн хорооны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцсэн бөгөөд хурлын явцад гишүүдийн дунд явуулсан санал хураалтын дүнгээр Рагчаагийн Очирбалыг тус холбооны Сургалтын хорооны гишүүнээр, Нацагдоржийн Чимгээг Хууль зүйн шинжлэх ухаан, боловсролын хөгжлийг дэмжих хорооны гишүүнээр, Цэрэнжавын Алтанцэцэгийг Магадлан итгэмжлэлийн хорооны гишүүнээр тус тус томиллоо.
2. Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 71 дүгээр тушаалаар өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон болон хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж чадаагүй байсан нэр бүхий 5 хуульчийг хуульчдын нэгдсэн бүртгэлд бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн байна.
3. Хуульчдын холбооны гишүүнээр элсэхэд авах хураамжийн хэмжээг 150 000 /зуун тавин мянга/, өмгөөллийн хуулийн этгээдийн бүртгүүлэх хураамжийн хэмжээг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд заасан жишгээр, Холбооны бүртгэлээс лавлагаа, мэдээлэл өгөх үйлчилгээний хөлсийг Шүүхийн архивын үйлчилгээний хураамжийн үнийн тарифын жишгээр тус тус тогтоов.
4. Холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооноос боловсруулсан “Хуульчийн мэргэжлийн дүрмийн хэрэгжилтийн тайлан”-г мөн хэлэлцсэн байна.
5. Хуульчдын холбооны 2014 оны үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын хүрээнд Холбооноос хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааны тайланг хэлэлцэж, зохих түвшинд хийгдсэн гэж үнэлжээ.
6. Холбооны чиг үүргийн болон сайн дурын хороодоос ирүүлсэн саналын хүрээнд боловсруулагдсан “Хуульчдын холбооны 2015 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөө“-г хэлэлцэж, баталсан байна.
7. Хурлын төгсгөлд Хуульчдын холбооны 2015 оны төсвийн төслийг хэлэлцэн баталснаар хурал өндөрлөв.
ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ,
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС