Монголын Хуульчдын холбоо, Шүүхийн сахилгын хорооноос санаачлан “Хуульчийн ёс зүйн асуудал, шинэчлэл” сэдэвт хуульчдын симпозиумыг 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Симпозиумыг нээж Шүүхийн сахилгын хорооны дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, дэд профессор Ц.Давхарбаяр, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл нар үг хэлсэн бол Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх симпозиумын оролцогчдод илгээлт ирүүлсэн бөгөөд илгээлтийг Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал уншиж танилцуулсан. Мөн нээлтийн үеэр Төрийн соёрхолт, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл хуульчийн ёс зүйн гэж юу болох, хуульч хэрхэн ёс зүйтэй байх талаар хуульчдад хандан үг хэллээ.
Симпозиумын нээлтэд Улсын их хурлын гишүүн Х.Баасанжаргал, Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал, Төрийн соёрхолт, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, академич С.Нарангэрэл, Улсын дээд шүүхийн шүүгчид, Шүүхийн сахилгын хорооны гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Н.Баасанжав, Р.Онончимэг, А.Отгонцэцэг, Улсын Ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын шадар зөвлөх О.Машбат, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Д.Данзанноров, Ханнс зайдел сангийн Монгол дахь төлөөгчийн газрын тэргүүн Феликс Гленк, IDLO Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын хөтөлбөрийн менежер Н.Одонтуяа, Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн төслийн менежер О.Соёлмаа, Төрийн албаны зөвлөл, Нээлттэй нийгэм форум, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, “Шихихутуг” их сургуулийн төлөөлөл болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчдын төлөөлөл болсон 250 гаруй хүн оролцсон.
Энэхүү симпозиумаар хүний эрх, эрх чөлөө, ардчилсан нийгмийн үнэт зүйлсийг сахин хамгаалагч хуульчид эрхэлж буй ажил, албан тушаалаас үл хамаарах нийтлэг ёс зүйн хэм хэмжээний талаар нэгдсэн ойлголтод хүрэхийг зорьсон бөгөөд мэргэжлийн хариуцлагын тогтолцооны нэгдмэл байдлыг хангах асуудлаар үзэл бодлоо хуваалцаж, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны эрх зүйн зохицуулалт, одоогийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал болон шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатчдын ёс зүйн асуудлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, шинэчлэл хийх арга замыг эрэлхийлсэн юм.
Тодруулбал, үндсэн илтгэлийг Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны дарга, Хууль зүйн ухааны доктор Д.Батболд “Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны ёс зүйн хэм хэмжээ: одоогийн нөхцөл байдал, тулгамдсан асуудал” сэдвээр, Шүүхийн сахилгын хорооны дарга, Хууль зүйн ухааны доктор Ц.Давхарбаяр ““Шүүгчийн ёс зүй: анхаарал хандуулах асуудал”сэдвээр, ХНБГУ-ын Вюрцбургийн их сургуулийн эрүүгийн эрх зүй, эрүүгийн процессын эрх зүй, эрх зүйн онол, мэдээллийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч профессор, доктор Эрик Хилгендорф “Герман улс дахь хуульчдын ёс зүйн хариуцлага” сэдвээр тус тус тавьсан.
Мөн Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтын газрын дарга, Хууль зүйн ухааны доктор Т.Сосорбарам “Төрийн албан хаагчийн ёс зүйн эрх зүйн шинэчлэл” сэдвээр, Оюуны инновац ТББ-ын Гүйцэтгэх захирал Б.Төрболд “Шүүгчийн ёс зүй ба хариуцлага:Шүүхийн индекс-2023” сэдвээр танилцуулга мэдээлэл өглөө.
Үүний дараа Монголын Нотариатчдын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн дарга Х.Хосжаргал “Нотариатчдын ёс зүйн асуудал” сэдвээр, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн Д.Оросоо “Өмгөөлөгчийн ёс зүйн асуудал” сэдвээр илтгэл тавьж, өмгөөлөгч, нотариатчдын ёс зүйн асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Энэхүү хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн захирал Б.Амарсанаа ажиллаж, хэлэлцүүлэгчээр Улсын их хурлын гишүүн Х.Баасанжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг, БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Болормаа, Прокурорын ёс зүйн зөвлөлийн гишүүн О.Мөнхбаатар, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны дарга Д.Мөнгөнцэцэг, Монголын Нотариатчдын Танхимын дэргэдэх Сахилгын зөвлөлийн гишүүн, Нийслэлийн тойргийн нотариатч Д.Одгэрэл, ”Ийгл” телевизийн сэтгүүлч Г.Улсболд нар оролцож, өөрсдийн санал, шүүмжлэлийг хуваалцсан.
Хоёр дахь хэлэлцүүлгийг шүүгч, прокурорын ёс зүйн асуудлаар өрнүүлсэн бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл “Шүүгчид ёс зүйн хувьд тулгамдаж буй асуудал, цаашид шийдвэрлэх арга зам” сэдвээр, Прокурорын ёс зүйн зөвлөлийн гишүүн Н.Ганболд “Прокурорын ёс зүйн асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлгийг Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Монголын Хуульчдын холбооны Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хорооны гишүүн О.Номуулин чиглүүлж, Улсын их хурлын гишүүн Х.Тэмүүжин, Шүүхийн сахилгын хорооны гишүүн, Хууль зүйн ухааны доктор Д.Мягмарцэрэн, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Дотоодын хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн дарга С.Хишигжаргал, ШЕЗ-ийн Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албаны дарга Х.Бүлгүнзаяа, Монголын Өмгөөлөгчдийн холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүн Г.Тамир, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Хууль зүйн ухааны доктор, дэд профессор Т.Золбоо, Нээлттэй нийгэм форумын Эрх зүйн хөтөлбөрийн менежер П.Бадамрагчаа, Хэвлэлийн Хүрээлэнгийн Гүйцэтгэх захирал М.Мөнхмандах нар хэлэлцүүлэгчээр оролцож, санал, шүүмжлэлээ хуваалцлаа.
Симпозиумд оролцогчдын зүгээс “Хуульчийн мэргэжлийн хариуцлага” гэдэг гуравхан үгний цаана ёс зүй, үүрэг хариуцлага, хүн чанар, нэр төр, олны өмнө биеэ авч явах байдал, сэтгэл зүйн тогтвортой байдал, мөн үйлчлүүлэгчийн төдийгүй өөрийнх нь амьдралын утга учир, жаргал, зовлон гээд олон зүйлс багтаж байдаг учраас хуульчийн мэргэжлийн ёс зүйн зөрчил, түүний бүрэлдэхүүн, төрөл, хэлбэрийн талаар нэгдсэн ойлголттой болох, мэдлэг олгох, ёс зүйн зөрчлөөс сэргийлэх, мэргэжлийн хэм хэмжээг баримтлах хандлага төлөвшүүлэх, хуульчийн ёс зүйн дадалд сургах шаардлагатай байгааг онцолсон. Мөн хуульчийн нийтлэг ёс зүйн хэм хэмжээ болон эрхэлж буй ажил, албан тушаалд хамаарах ёс зүйн зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ёс зүй, харилцаа, хандлага, сэтгэл зүйн эрүүл мэндийн сургалтын хөтөлбөрийг ерөнхий болон мэргэшлийн агуулгаар боловсруулж нэг жилд хангах шаардлагатай үргэлжилсэн сургалтын багц цагийн сургалтад заавал судлах хичээлээр оруулах, эрх зүйч бэлтгэдэг их, дээд сургуулиуд хуульчийн ёс зүй, хуульчийн сэтгэлзүйн сургалтын хөтөлбөр боловсруулж, заавал сонгон судлах хичээлийн нэг болгох, Ёс зүйн хариуцлага хүлээсэн хуульчийг өөрийн зардлаар ёс зүйн сургалтад заавал хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг ач холбогдолтой олон саналыг хуваалцлаа. Энэ симпозиумын илтгэгч, хэлэлцүүлэгч, оролцогчдын саналыг тусгасан зөвлөмжийг гаргасан бөгөөд тус зөвлөмжийг Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс танилцуулсан. Энэхүү зөвлөмжийг хэрэгжүүлэх хүрээнд Монголын Хуульчдын холбооноос холбогдох байгууллагуудтай хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллах болно.
Энэхүү симпозиумыг хамтран зохион байгуулсан Шүүхийн сахилгын хороо, хамтран оролцсон Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, Монголын Өмгөөлөгчдийн холбоо, Монголын Нотариатчдын танхим, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль, “Шихихутуг” их сургууль, дэмжин ажилласан Ханнс Зайделийн сан, IDLO-Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага, Нээлттэй нийгэм форумын хамт олонд талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.