Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл Дэлхийн шударга ёсны төсөл (WJP) -ийн Ази номхон далайн бүсийн захирал, доктор Шрирак Плипатыг хүлээн авч уулзлаа.
Тэрбээр Монгол Улсад Хууль дээдлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай уулзаж, Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульчдаас хууль дээдлэх чиглэлээр судалгаа авах, мөн хууль дээдлэх чиглэлийн олон талт санаачилга төсөл, хөтөлбөрийн талаар мэдээлэл өгч, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан.
Мөн тэрбээр Монгол Улс хууль дээдлэх ёсны индексээр сүүлийн 5 жилд буурсан үзүүлэлттэй байгаад санаа зовниж буйгаа илэрхийлээд эрх зүйн шинэчлэлт хийх үйлсэд Монголын Хуульчдын холбооны гүйцэтгэх үүрэг өндөр болохыг онцлон тэмдэглэсэн юм.
Энэхүү уулзалтад МХХ-ны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Судалгааны төвийн эрхлэгч Ц.Одонжав, Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Номин нар оролцлоо.