Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл АНУ-ын Ютагийн их сургуулийн Квинни (Quinney) хуулийн коллежийн Ерөнхийлөгч Стефани Петерсон тэргүүтэй төлөөлөгчдийг 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад АНУ-ын Ютагийн их сургуулийн Квинни (Quinney) хуулийн коллежийн Захирал, профессор Элизабет Кронк Уорнер, Эрчим хүч, байгалийн нөөц, байгаль орчны хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Линкольн Дэвис, захирлын туслах Артуро Томпсон, Олон улсын харилцааны газрын ахлах ажилтан Рэнди МакКриллис, элсэлт, маркетингийн захирлын туслах Брайн бюн болон Монголын Хуульчдын холбооны Судалгааны төвийн эрхлэгч Ц.Одонжав, Захиргааны эрх зүйн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Д.Номин, Захиргааны эрх зүйн хорооны дэргэдэх Байгаль орчны эрх зүйн дэд хорооны зохицуулагч Р.Лхагвабаяр, хуульч Б.Номуундарь нар оролцсон.
АНУ-ын Ютагийн их сургуулийн Квинни (Quinney) хуулийн коллеж нь БНСУ-ын Инчон хотын Сонду дүүрэгт байрлах Азийн кампустаа олон улсын хуульчдад зориулсан “Global JD” хөтөлбөрийг нээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрт суралцсан хуульчид АНУ-ын аль ч мужид хуульчийн шалгалт өгөх эрхтэй болох юм.
Уулзалтын үеэр энэхүү хөтөлбөртэй холбоотойгоор монголын хуульчдын боловсрол, тэдний гадаад улсад суралцах боломж, сонирхож буй хөтөлбөрүүд, АНУ-ын хуульчийн шалгалтад оролцох боломжийн талаар ярилцсан. Мөн тус кампуст нээхээр төлөвлөж байгаа хууль зүйн магистр (LLM), хууль зүйн магистр болон JD хосолсон хөтөлбөрийн талаар санал солилцлоо.