Монголын Хуульчдын холбоо нь АНУ-ын Төрийн департаментын санхүүжилтээр Фулбрайтын мэргэжилтний хөтөлбөрт хамрагдан “Хуульчийн мэргэжлийн шалгалтын арга зүйг шинэчлэн, боловсруулах нь” төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Монгол Улсын хувьд 2002 онд АНУ-ын Олон Улсын хөгжлийн агентлаг (USAID)-ийн дэмжлэгтэйгээр хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах, шалгалтын даалгавар /сорилго, бодлого/-ын агуулга, хэлбэрийн талаар арга зүйн зөвлөгөө авч, хэрэгжүүлж ирсэн.
Монголын Хуульчдын холбоо 2016 оноос хойш 9 дэх жилдээ Хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулж байгаа бөгөөд тус шалгалтын агуулга /сорилго боловсруулах, бодлого дүгнэх/-д зохих шинэчлэлтийг хийх шаардлагатай гэж үзэж олон улсын мэргэжилтнээс зөвлөх үйлчилгээ авах зорилгоор АНУ-ын Фулбрайтын хөтөлбөрт хамрагдах хүсэлтийг 2023 оны зургадугаар сард илгээж, хөтөлбөрт амжилттай шалгарсан.
Энэ хүрээнд 2023 оны есдүгээр сард АНУ-ын Фулбрайтын хөтөлбөрийн төлөөлөгчид Монголд Улсад ирж Монголын Хуульчдын холбоонд зөвлөж ажиллах мэргэжилтнийг сонгон шалгаруулах ажиллагааг эхлүүлж, сонгон шалгаруулалтыг үе шаттай зохион байгуулж, Калифорнийн их сургуулийн профессор, хатагтай Мэй Лин Спенсер шалгарсан.
Тус төслийн хүрээнд профессор Мэй Лин Спенсер нь 2024 оны тавдугаар сарын 27-ноос зургадугаар 29-ний өдрийг дуустал нэг сарын хугацаанд хамтран ажиллах бөгөөд тэрбээр 2024 оны тавдугаар сарын 27-ны өдөр Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Хуульчийн мэргэжлийн шалгалтын хорооны дарга, гишүүдтэй уулзаж, манай улсын хуульчийн мэргэжлийн шалгалтын зохион байгуулалтын талаар мэдээлэл авч, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг гаргалаа.
Сонирхуулахад, Фулбрайтын мэргэжилтний хөтөлбөр нь АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй олон улсын боловсролын хөтөлбөр бөгөөд дэлхий даяар мэргэжлийн болон академик салбарын мэргэжилтнүүдийн солилцоог дэмждэг Тухайн салбарын мэргэжилтнүүдийг хүлээн авч буй орнуудын хэрэгцээнд нийцсэн зөвлөх үйлчилгээ, сургалт, судалгаа хийх боломжийг олгодог. Фулбрайтын мэргэжилтнүүд нь тухайн салбарынхаа шилдэг мэргэжилтнүүд байдаг бөгөөд олон улсын харилцааг хөгжүүлэх, мэдлэг солилцох, хамтын ажиллагааг дэмжих зорилготой ажилладаг.