Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг АНУ-ын Аризона Мужийн Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Роберт М.Брютинел, тус мужийн Шүүхийн захиргааны дарга Дейв Байерс, тус улсын элчин сайдын яамны төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Энэхүү зөвлөлдөх уулзалт, хэлэлцүүлэгт Монгол Улсын шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдийн төлөөлөл, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Ажлын албаны дарга, нэгжийн дарга нар, шүүхүүдийн тамгын газрын дарга, мэдээлэл технологийн ажилтнууд танхимаар болон цахимаар оролцсон.
Уулзалтыг нээж Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Л.Энхбилэг “Монгол Улсын шүүхийн цахимжуулалтын шинэ бодлого хэрэгжиж буй энэ цаг үед та бүхэнтэй уулзаж буйдаа талархаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 онд Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээ, удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх нэгдсэн бодлогыг баталсан. Өнөөдөр бид энэхүү бодлогыг хэрэгжүүлэх хариуцлагатай үүргийг хүлээж буйн хувьд хүндэт зочдын хуваалцах туршлага, санал санаачилга туйлын үнэ цэнтэй байх болно гэдгийг дуулгахад таатай байгааг онцлон хэлэв.
Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг Монгол Улсын шүүхийн цахимжуулалтын өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцууллаа. АНУ-ын Аризона Мужийн шүүхийн цахимжуулалтын туршлагаас хуваалцан Монгол Улсад шүүхийн цахимжуулалтын бодлого хэрхэн хэрэгжиж буй талаар мэдээлэл хүргэсэн.. Түүнчлэн хүний нөөцийг тогтвортой ажиллуулах, кибер аюулгүй байдлыг хангах, улмаар гарах үр дүнгийн талаар санал солилцсон.