Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.2 дахь заалтад заасан “Хуульчдын холбооны гишүүн байж, гишүүний татвар төлөх” үүргийн зөрчилтэй 254 хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл болон гишүүнчлэлийн эрхийг Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 85 дугаар тушаалаар хүчингүй болгож, холбогдох байгууллагуудад мэдээлэх ажлыг зохион байгуулж байна.
Хуульчдын холбооны зүгээс 2024 онд гишүүний татварын үлдэгдэлтэй болон хуульчийн үргэлжилсэн сургалтад хамрагдаагүй хуульчдын зөрчлийг арилгуулах чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч байна.
Энэ ажлын хүрээнд хуульчдад 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн зөрчлөө арилгахыг сануулсан мэдэгдэл хүргүүлж ажилласан бөгөөд эхний ээлжинд 2 сая төгрөгөөс дээш татварын үлдэгдэлтэй 254 хуульчийн зөвшөөрлийг хүчингүй болголоо.
Хуульч Та mglbar.mn хаягаар хуульчийн эрхээрээ нэвтрэн хуулиар хүлээсэн нийтлэг үүргийн биелэлтээ шалгах, цахим сургалтад хамрагдах, татвар төлөх талаар мэдээлэл авах боломжтой.
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО
Хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг хүчингүй болгосон тушаал болон нэрсийн жагсаалттай ЭНД дарж танилцана уу.