Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хороо, Нээлттэй нийгэм форум хамтран “Ашигт малтмалын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлгээр шинэчлэн боловсруулж буй хуулийн төслийн танилцуулга, түүний үзэл баримтлалын тухай мэдээллийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны төлөөлөл хийв. МХХ-ны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн Т.Мөнх-Эрдэнэ Захиргааны ерөнхий хууль ба Ашигт малтмалын тухай хуулийн системчлэл: Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлэв.
Уг хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр Нээлттэй нийгэм Формын засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг ажиллаж МУИС-ийн ХЗС-ийн зөвлөх профессор, хууль зүйн доктор Х.Сэлэнгэ “Монгол Улсын Үндсэн хууль ба Ашигт малтмалын тухай хуулийн төслийн үзэл баримтлал” сэдвээр, МХХ-ны Захиргааны эрх зүйн хорооны Байгаль орчны эрх зүйн дэд хорооны зохицуулагч, хуульч, судлаач Р.Лхагвабаяр, “Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ ба орон нутгийн оролцоо”, хуульч, өмгөөлөгч Б.Түвшинжаргал “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл ба шүүхийн шийдвэр”, МХХ-ны Захиргааны эрх зүйн хорооны УЗ-ийн гишүүн, хуульч Б.Баттогтох “Уул уурхайн компани болон нутгийн захиргааны байгууллага хооронд байгуулах гэрээ”, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Хууль эрх зүйн хорооны дарга И.Ганбат “Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дэх аж ахуйн нэгжийн оролцоо”, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооны гүйцэтгэх захирал Б.Цэрэнчунт “Бичил уурхайн зохицуулалт эрх зүйн шинэчлэлд” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлэв. Хэлэлцүүлэгт Монголын Хуульчдын холбооны гишүүн хуульч, өмгөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, иргэд оролцож хуулийн төслийн талаар саналаа хэлэв.
Хэлэлцүүлгээс гарсан саналуудыг нэгтгэж, эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр тогтлоо.