Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос санаачлан зохион байгуулсан “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын цахимжилт ба шинэчлэлт” хэлэлцүүлэг 2023 оны гуравдугаар сарын 02-ны өдөр амжилттай болсон билээ.
Тэгвэл энэхүү цахимжих үйл явцын түүчээ нь болж, шүүх эрх мэдлийн байгууллагуудыг манлайлж, Монгол Улсын шүүхийн цахимжуулалтыг улам бүр хөгжүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл, Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, Шүүхийн сахилгын хороо, Улсын Дээд шүүх зэрэг байгууллагууд хамтран олон улсын бага хурлыг 2023 оны 3 сарын 23, 24-ний өдрүүдэд “Холидэй Инн” зочид буудалд зохион байгууллаа.
Олон улсын бага хуралд оролцохоор Европын Холбооны Улсаас Итали Улсын Писа дахь шүүхийн ерөнхийлөгч, Шүүхийн үр нөлөөт байдлын төлөөх Европын комиссын зөвлөл /CEPEJ/-ийн “Кибер шүүх” ажлын хэсгийн ерөнхийлөгч Марияа Жулиана Сивинини, Австри Улсын Вена хот дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Гернот Пош, Эстони Улсын Хууль зүйн яамны зөвлөх, Цаасгүй шүүх төслийн менежер Маргит Лаури нар хүрэлцэн ирсэн байна.
Хэлэлцүүлэг хэсэгт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Хууль зүйн доктор А.Бямбажаргал, Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооны тэргүүн, “Шүүхийн инноваци, цахимжуулалтын хороо”-ны ахлагч, шүүгч Г.Даваадорж, Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Баатарсайхан нар оролцлоо.
Хэлэлцүүлгийн үр дүнг нэгтгэн дүгнээд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Р.Онончимэг, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин Сайд Аксель Никэйз нар хаалтын үг хэллээ.