Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч асан, хууль зүйн доктор Б.Гүнбилэгээр ахлуулсан ажлын хэсэг 2018 оны есдүгээр сарын 07, 08-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт явуулсан. Тодруулбал, Хууль зүйн доктор, судлаач Б.Гүнбилэг “Үндсэн хуулийн эрх зүй”, “Олон улсын хүмүүнлэгийн эрх зүй” сэдвээр, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга “Зөрчлийн тухай хууль”, “Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” сэдвээр, АШУҮИС-ийн багш, доктор, Хууль зүйн магистр М.Цэрэнбат “Стресс менежмент”, “Шинжээчийн дүгнэлтийг үнэлэх нь” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Завхан аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 45 хуульч хамрагдсан юм.
Энэ үеэр Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лхамжавын Эхлэлт, аймгийн Ерөнхий прокурор Норовсүрэнгийн Ганбаатар, өмгөөлөгч Ванчингийн Содномцэрэн, хуульч Лувсансамбуугийн Пүрэвжаргал, хуульч Бадамсэдийн Ариунаа нарыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.
Мөн Хуульчдын холбооны Завхан аймагт дахь салбарын зохицуулагч Н.Гүнчинсүрэнгийн бүрэн эрхийн хугацаа дуусвар болсонтой холбогдуулан Ажлын хэсэг нь салбарын зохицуулагч шинээр сонгох сонгуулийг зохион байгуулсан. Салбарын зохицуулагчид төлөөлөл бүрээс нэг хуульч нэрээ дэвшүүлсэн бөгөөд өмгөөлөгч Б.Энхжаргал олонхын санал авч Монголын Хуульчдын холбооны Завхан аймаг дахь салбарын зохицуулагчаар сонгогдлоо. Түүнд Ажлын хэсгийн ахлагч Б.Гүнбилэг баяр хүргэж, Хуульчдын холбооны тугийг гардуулан өгсөн юм.
Түүнчлэн ажлын хэсэг нь Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран Завхан аймгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг зохион байгуулсан.