Монголын Хуульчдын холбоо нь Монгол Улсын хууль, эрх зүйн орчинг сайжруулах, хуульчдыг мэргэшүүлэх, олон нийтийг мэдээллээр хангах ажлыг дэмжих зорилгоор ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэх ёслолын ажиллагаа өнөөдөр /2018.07.10/ болж, Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Тэргүүн Ц.Сарантуяа нар гарын үсэг зурж баталгаажуулсан юм.
Санамж бичгийн хүрээнд Үндсэн хуульт ёсыг бэхжүүлэх чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх бөгөөд Үндсэн хууль, эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр судалгаа явуулах, хууль санаачлагч болон бусад байгууллагын хүсэлтээр хуулийн хэрэгжилтэд мониторинг, үнэлгээ хийх, эрдэм шинжилгээ, онол-практикийн хурал, хэлэлцүүлэг, семинар хамтран зохион байгуулахаар тохиролцсон.
Түүнчлэн Холбооны гишүүн хуульчдыг мэргэшүүлэх зорилгоор төсөл хэрэгжүүлэх, хуульчийн үргэлжилсэн сургалтын тогтолцоог боловсронгуй болгох, сургалтын чанар, үр өгөөжийг дээшлүүлэх хүрээнд сангийн “Эрх зүйн боловсрол” академитай хамтарч ажиллахын зэрэгцээ хуульчдыг ХБНГУ-ын хууль, эрх зүйн тогтолцоотой танилцах айлчлалд хамруулахаар ярилцлаа.
Мөн талууд нь олон нийтэд чиглэсэн ажлын хүрээнд хууль тогтоомжийг өргөн хүрээтэй мэдээлэх, тайлбарлан таниулах, хялбаршуулсан ном, гарын авлага, асуулт-хариултын товхимол гаргах, цахим хуудсаар мэдээлэл хүргэх чиглэлээр хамтран ажиллах юм.