ОХУ-ын Буриадын нийслэл Улан-Үдэ хотод 2018 оны 06 дугаар сарын 27-29-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Ази Номхон далайн улс орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт 7 дахь удаагийн ээлжит онол-практикийн олон улсын бага хуралд Буриадын их сургуулийн урилгаар Монголын Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны тэргүүн Л.Энхсайхан, МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш О.Чулуунцэцэг нар оролцоод ирлээ. Мөн тус хуралд Монгол Улсаас Хууль сахиулахын их сургуулийн багш нарын төлөөлөл оролцсон юм.
"Ази Номхон далайн улс орнуудын харьцуулсан эрх зүй” сэдэвт олон улсын онол практикийн бага хурлын 2018 оны зургадугаар сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаан Буриад Улсын Засгийн газрын ордонд болсон бөгөөд хурлыг Буриадын их сургуулийн ректор, техникийн шинжлэх ухааны доктор, профессор Мошкин Николай Ильичийн нээж, нэгдсэн хуралдааныг ОХУ-ын нэрт эрдэмтэн, ОХУ-ын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Скуратов Ю.И болон БИС-ийн Хуулийн факультетийн декан хууль зүйн шинжлэх ухааны дэд эрдэмтэн, доцент, Монгол Улсын боловсролын хүндэт ажилтан Раднаева Элвира Львовна нар удирдан явуулж, олон сонирхолтой илтгэлийг хэлэлцүүлсэн.
Онол практикийн бага хурлын нэгдсэн хуралдааны үеэр ОХУ-ын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Скуратов Ю.И, БНХАУ-ын Харьцуулсан эрх зүйн Судлалын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ван Чжи Хуа, Москвагийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн Үндсэн хуулийн болон Захиргааны эрх зүйн тэнхимийн эрхлэгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Комарова В.В, Эрхүүгийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн профессор ОХУ-ын гавьяат хуульч, хууль зүйн шинжлэх ухааны доктор Репецкая А.Л болон БИС-ийн Хуулийн факультетийн профессор Ази Номхон далайн бүсийн орнуудын харьцуулсан эрх зүйн судлалын лабораторийн эрхлэгч, хууль зүйн шинжлэх ухааны доктор Гармаев Ю.П нар асуудал хөндсөн сонирхолтой илтгэлүүдийг хэлэлцүүлж, таван сэдвийн хүрээнд салбар хуралдаан зохион байгуулсан юм.
Бага хурлын үеэр болсон онцлох нэг үйл явдал бол Монголын Хуульчдын холбоо, ОХУ-ын Буриадын их сургуультай хамтран эрдэм шинжилгээний олон талт төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллах санамж бичиг үзэглэж, БИС-ийн Хуулийн факультетын дэргэд "Орос-Монголын эрх зүйн судлалын төв"-ийг байгуулах ажлын эхлэлийг тавьсан явдал бөгөөд тус төвд Монголын Хуульчдын холбоо, Хүний эрхийн Үндэсний комисс, Хууль зүйн үндэсний хүрээлэн, "Билиг" их сургууль, "Орхон" их сургууль, Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас 200 гаруй номыг хандивлалаа. Санамж бичиг ТАТАХ