Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны зургадугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт явуулсан. Тодруулбал, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдвээр, Монголын Хуульчдын холбооны гишүүн, анагаах ухааны доктор, хууль зүйн магистр М.Цэрэнбат “Шүүх ДНХ”, “Хүн амын эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг” сэдвээр, “Хан голомт” группийн захирал, хуульч Ц.Азбаяр “Хуульчийн харилцаа, хандлага” сэдвээр тус тус хичээл заасан. Сургалтад Хөвсгөл аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 50 орчим хуульч хамрагдсан юм.
Энэ үеэр Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Хөвсгөл аймгийн өмгөөлөгч Д.Доржхандыг Монголын Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс гардуулан өгсөн. Мөн Хөвсгөл аймгийн салбарын зохицуулагч, өмгөөлөгч Б.Отгонцэцэгт Хуульчдын холбооны тугийг гардуулан өглөө.