Монголын Хуульчдын холбоо нь шүүгч, прокурор, өмгөөлөгч, гишүүн хуульчдын олон улсын хөдөлмөрийн эрх зүйн талаарх мэдлэг, чадварыг дээшлүүлэх, олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээг хэрэглэх чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай /ОУХБ/ 2017 оноос хамтран ажиллаж ирсэн.
Өнгөрсөн оны наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд “Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ” сэдэвт 5 өдрийн вакум сургалтыг гишүүн хуульч, сургагч багш нарт явуулж байсан бол 2018 оны зургадугаар сарын 27-28-ны өдрүүдэд тус сургалтыг хоёр дахь удаагаа Европын холбоо, ОУХБ-ын дэмжлэгтэйгээр зохион байгуулж байна.
Энэ удаагийн сургалтын зорилго нь оролцогчдын олон улсын хөдөлмөрийн эрх зүйн эх сурвалжийг үндэсний түвшинд ашиглах мэдлэг, чадварыг дээшлүүлэхээс гадна хүүхдийн хөдөлмөр, албадан хөдөлмөрийн тухай олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний талаар гүнзгий мэдлэг олгох бөгөөд шүүгч, прокурор, өмгөөлөгч, сургагч багш, нотариатч нар оролцож байна. Түүнчлэн орон нутгийн хуульчдыг хамруулж буйгаараа энэ жилийн сургалт онцлогтой.
Сургалтыг явуулахаар ОУХБ-ын Бангкок дахь товчооны Зохистой хөдөлмөрийг дэмжих багийн Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээ, хөдөлмөрийн хуулийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Алэйн Пэльс, ОУХБ-ын Бангкок дахь товчооны Зохистой хөдөлмөрийг дэмжих багийн Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим, эрхийн асуудал хариуцсан Ахлах мэргэжилтэн Барати Флаг нар хүрэлцэн ирсэн.
Өнөөдөр эхэлж буй тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Хуульчдын холбооны Хөдөлмөрийн эрх зүйн дэд хорооны тэргүүн Н.Баасанжав, ОУХБ-ын Үндэсний зохицуулагч П.Болормаа нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ. Тус сургалтад оролцогчдод гэрчилгээ гардуулах бөгөөд хаалтын үйл ажиллагаанд Европын Холбооны Монгол Улс дахь Төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Марко Фэрри хүрэлцэн ирэх юм.