Засгийн газраас иргэдийн эрх зүйн боловсрол, чадавхыг дээшлүүлэх, эрх зүйн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулж хуулиар олгогдсон эрх, боломжийг үр дүнтэй ашиглах, хуулийн үйлчилгээг сайжруулах зорилгоор “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Энэхүү хөтөлбөр нь 2018-2022 оны хооронд 3 зорилтын хүрээнд 105 үйл ажиллагаа хэрэгжүүлэх юм.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэх Үндэсний зөвлөлийн анхдугаар хурал 2018 оны тавдугаар сарын 28-нд Хууль зүй, дотоод хэргийн яамны хурлын танхимд боллоо. Уг хурлаар Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн, дүрмийг баталсан Засгийн газрын тогтоол, Үндэсний зөвлөлийн чиг үүрэг, эрх хэмжээ, ажиллах журмыг танилцуулсан юм.
Мөн хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл, "E-khutuch" портал цахим хуудасны ажлын явц, Үндэсний зөвлөлийн тэмдэг албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, Үндэсний зөвлөлийн тогтоолын төслийн танилцуулан батлах гэх мэт асуудлыг хэлэлцлээ.
Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд Сангийн яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Монголын Хуульчдын холбоо, Хууль зүйн туслалцааны төв, "Нээлттэй нийгэм" форум зэрэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл багтаж буй юм.