Монголын Хуульчдын холбоо
Mongolian Bar association
Утас
70116364, 70116007
И-мэйл
info@mglbar.mn
ХОХИРОГЧИЙН ГЭМ БУРУУ БОЛОН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭГДЭХЭД НӨЛӨӨЛСӨН ШАЛТГААН НӨХЦЛИЙГ СУДЛАХ НЬ ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ, ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ХҮНД ЯЛ ШИЙТГЭЛИЙГ ЗӨВ ОНОГДУУЛАХАД АЧ ХОЛБОГДОЛТОЙ

Гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судлах хүрээлэнг сэргээн байгуулах болсны ач холбогдол юу вэ? 30 гаруй жилийн өмнө байсан хүрээлэнг татан буулгах ямар шалтгаан байсан юм бол?

Хариулт: Эхлээд би танд уг хүрээлэнгийн талаар товч түүх танилцуулъя. ГХШНСХүрээлэнг МАХН-аас гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж уг ажлын шинжлэх ухааны үндэслэлийг боловсруулах эрдэм шинжилгээний байгууллага байгуулахыг чухал ач холбогдолтой гэж үзэж МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1972 оны 96 дугаар тогтоолоор БНМАУ-ын прокурорын газрын дэргэд Гэмт хэргийн шалтгаан нөхцөл судлах хүрээлэнг 1973 оны 3 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан байна. Тус хүрээлэн нь БНМАУ-ын Прокурорын Газрын системд багтаж, МАХН-аас гэмт хэрэгтэй тэмцэх талаар тавьж байгаа бодлогыг хэрэгжүүлэн биелүүлэх, түүнээс урьдчилан сэргийлэх ажлыг сайжруулахад туслах зорилгыг хэрэгжүүлж Монгол улсын дотор гарч байгаа гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээг боловсруулах эрдэм шинжилгээний байгууллага байв.

ГХШНСХүрээлэн нь 1973-1983 оны хооронд БНМАУ-д гарч байсан гэмт явдлын шалтгаан нөхцлийг судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах асуудлыг шийдвэрлэх зорилгын үндсэн дээр

  • гэмт хэрэгтэй тэмцэх онол арга зүйн үндсэн асуудал;
  • тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл судлах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ боловсруулах;

- хуулийн байгууллагуудаас зохиож буй гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг судлан боловсронгуй болгох гэсэн 3 үндсэн сэдвийн хүрээнд 12-15 дэд сэдвээр судалгааг явуулсан бөгөөд 1983 онд татан буугдсан байдаг.  ГХШНСХүрээлэн нь:

  1. Гэмт явдалтай тэмцэх онол, арга зүйн үндсэн асуудал судлах
  2. Тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан нөхцөл судлах

Прокурорын хяналт, урьдчилан мөрдөн байцаалтын ажлыг боловсронгуй болгох асуудлыг судлах секторуудтай ажиллаж хүрээлэнгийн захирлаар ерөнхий прокурор Ж.Авхиа, орлогч захирлаар Л.Рэнчин ажиллаж байсан бөгөөд 1975 оноос хүрээлэнгийн захирлаар С.Бүдрагчаа ажиллаж захирал, орлогч захирал, секторын 4 эрхлэгч, эрдэм шинжилгээний ажилтан 5, туслах ажилтан 3, бичээч 1 нийтдээ 15 орон тоотой ажиллаж байв. Хүрээлэнгийн орлогч захирлаар Л.Рэнчин, Ц.Бүжинлхам, секторын эрхлэгч Б.Эрдэнэбилэг, Д.Сэвиддорж, эрдэм шинжилгээний ажилтан Н.Жанцан, Н.Ринчиндорж,  Н.Туяа, Р.Сүхбаатар, С.Наранбулаг гээд манай улсын шилдэг хуульч, судлаач нар ажиллаж Криминологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан байдаг.

ГХШНСХ нь Монгол улсад 1983 оноос өмнөх 20 гаруй жилийн хугацаанд гарсан гэмт явдлын статистик, тоо бүртгэлийн материалд боловсруулалт хийгээд зогсохгүй Монгол улсад гарч байсан гэмт явдлын гаралтын байдал, бүтэц, хөдөлгөөн, хандлагад дүгнэлт гаргаж байжээ. Тухайн үедээ манай улсад түгээмэл үйлдэгддэг, нийгмийн хор аюул ихтэй, хүний бие, эрүүл мэнд, социалист өмч, нийгмийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг гэмт хэргүүдийг дагнан судалж, тэдгээртэй төрийн байгууллага, иргэд, хууль сахиулах байгууллагууд хэрхэн тэмцэх, урьдчилан сэргийлэх арга замыг боловсруулан төрийн эрүүгийн бодлогод тусгуулж байсан боловч гэмт явдлын шалтгаан судлалын хүрээнд хүрээлэнгийн судлаачид социалист нийгэмд бодитойгоор оршин байсан ажилгүйдэл, ядуурал,согтуурал зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдийг судалгаагаар илчлэн засаж залруулах арга замын талаар төрийн эрх барих, засаглах байгууллагуудад судалгааны тайлан (үр дүн) хэлбэрээр хүргүүлж байсан нь яваандаа төр, засгийн эрх баригч хүчнүүдэд таалагдахгүй болж ирсэн гэдэг. Ингээд ийм хүрээлэнг цаашид байлгах шаардлагагүй гэж үзээд 1983 онд 10 жилийн ойн босгон дээр татан буулгасан байдаг.

 Улсын Ерөнхий прокурорын 2018 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн А/03 тоот тушаалаар УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн дэргэд Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэнг байгуулсан. Тус хүрээлэнг байгуулах хэд хэдэн үндэслэл байсан. Прокурорын байгууллага 2017 онд “Монгол улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдол”ын суурь судалгааг сүүлийн 5 жилд шалгасан бүх эрүүгийн хэргийг харуулж хийсэн. Урьд нь энэ тохиолдлыг эрүүгийн хэрэг бүрийг уншиж судалж байгаагүй бөгөөд судлаачид болон зарим олон нийтийн байгууллага тандалт, асуулга, тоон мэдээг үндэслэж судалсан байдаг. Дээрх судалгаагаар бид Монгол улсад хүн ямар учир шалтгааны улмаас амиа хорлож байна вэ гэдгийг хувь хүний төлөвшил, амьдралын орчин, сэтгэлзүй, боловсрол, газарзүйн байршил, нийгэм, эдийн засгийн нөлөөлөл, тухайн хүнийг амиа хорлох үйлдлээ хийхээс аварч болох байсан уу гээд гээд олон талаас гаргаж ирсэн, судалгааны үр дүн цочролд орохоор байсан. Ерөнхий прокурор Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд танилцуулга, мэдэгдэл, тодорхой ажил зохиох тухай санал зэргийг хүргүүлсний үр дүнд Монгол улсад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн дэргэд Амиа хорлох тохиолдлыг бууруулах ажлын хэсэг байгуулагдсан. Дээрх судалгаанд тулгуурлан хэвлэл мэдээллийн байгууллагууд ч онцгой анхаарч нарийвчилсан судалгаа, мэдээлэл гаргаж байна. Цаашид гарч буй гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг бодит эрүүгийн хэрэг дээр тулгуурлан судалснаар бид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг массын төвшинд биш эрсдэлтэй бүс, хүн лүү чиглүүлэх мөн төрийн бодлогыг хэрэгжүүлэх ажил хаанаа уялдахгүй хангалтгүй байна, эсхүл хуулийн зохицуулалтад хийдэл байна уу гэдгийг судалж, гаргаж ирэх маш том боломж бий болж байгаа юм. 

-Энэ хүрээлэнг цагдаа, прокурорын байгууллагын дэргэд бус, Засгийн газрын агентлаг маягаар ажиллуулбал илүү үр дүнтэй юм биш үү?

Хариулт: Олон улсын жишгийг судлаад үзэхэд прокурорын байгууллага нь Хууль зүйн яамандаа харъяалагддаг бүтэц, зохицуулалттай улс оронд Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах хүрээлэн нь Хууль зүйн яамандаа харьяалагддаг. Хаана харъяалагдаж байгаагаасаа шалтгаалж судалгаа үр дүнтэй болох эсэх хамаарна гэвэл үгүй юм. Монгол улсын Прокурорын байгууллага дэргэдээ Эрүүгийн хэргийн төв архивтай, судалгааны үндсэн том бааз гэсэн үг. Мөн Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төв буюу тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийдэг төвтэй бөгөөд тэндээс гэмт хэргийн өссөн буурсан  тоон мэдээллийг аймаг, нийслэл, дүүргээр нь аваад судалгаа хийх хэргийн төрлөө сонгох боломжтой.  Мөн прокурорын байгууллага Сургалт, судалгааны төвтэй бөгөөд бид зарим тохиолдолд судалгааны үр дүнг үндэслэж тодорхой сургалт явуулдаг. Эрүүгийн хэргийн архивд байгаа хэрэгтэй хүн бүр танилцах боломжгүй, учир нь эрүүгийн хэрэг болон хувь хүний нууцлал гээд судлаач бүрт хэрэгтэй танилцах зөвшөөрөл өгөх боломжгүй байдаг. Манай хүрээлэнгийн зорилго нь гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлах, нөлөөллийн болон бодлогын шинжтэй санал, дүгнэлт гаргах чиг үүрэгтэй тул бид эрүүгийн хэргийг судлах бүрэн боломжтой. Тэгэхээр Эрүүгийн хэргийн архив, Дүн шинжилгээ хийх төв, Сургалт, судалгааны төв нь манай хүрээлэнгийн үйл ажиллагаатай шууд уялдаа холбоотой тул хүрээлэнг прокурорын байгууллага дэргэдээ байгуулсан нь зөв юм.  Бид дангаараа болон бусад судалгааны байгууллага, судлаачтай хамтран ажиллаж олон төрлийн суурь болон хавсарга судалгаануудыг бүрэн хийх боломжтой юм.   

-Олон судлаач, эрдмийн зэрэг хамгаалах гэж буй хуульч, эрхзүйчид гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг судалсан байдаг. Танай хийж буй судалгаа тэднийхээс юугаараа өөр вэ?

Хариулт:Бид бодит эрүүгийн хэрэг дээр тулгуурлаж судалгаа хийдэг. Өөрөөр хэлбэл шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэргүүд, хэрэгсэхгүй болгосон, түдгэлзүүлсэн эрүүгийн хэрэг буюу тодорхой төрлийн гэмт хэргийн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүн, хохирогчийг судалж байгаагаараа ялгаатай. 

Криминологийн шинжлэх ухааны арга, аргачлалыг ашиглан гэмт хэрэг үйлдсэн хүнийг судлах асуудал буюу гэмт хэрэг үйлдсэн хүний хөргийг тодорхойлох түүнчлэн хохирогч судлал буюу хохирогчийн гэм буруутай ажиллагаа гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцлийг судлах мөн хүчин төгөлдөр үйлчилж буй Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад салбар хуулийн зохицуулалт, хэрэгжилт, нөлөөллийг судлах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд төдийгүй гэмт хэрэг үйлдсэн хүнд ял шийтгэлийг зөв оногдуулахад зохих ач холбогдолтой юм.

Гэмт хэрэгтэн бие хүний цогцолбор судалгааг хийж байж гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны оновчтой арга хэлбэрийг боловсруулах, тохирсон ял шийтгэл оногдуулах, нийгэмшүүлэх, соён гэгээрүүлэх ажлыг оновчтой, зөв шийдлээр хэрэгжүүлж чадах юм.

Хохирогчийн судлал нь гэмт хэргийн хохирогчийн зан төлөв, гэмт хэрэгтэн хохирогчийн хоорондын харилцааны онцлог, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн нөлөөллийн тухай судалгааг хийхдээ бид бодит эрүүгийн хэргийг уншиж судалдаг. Тухайлвал манай хүрээлэн Сэтгэл, судлалын үндэсний төв, Криминологийн Холбоотой хамтран томоохон судалгаануудыг эхлүүлсэн байна. Бид энэ удаа байга насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн хүний хөргийг тодорхойлох буюу тухайн хүний талаар түүхчилсэн судалгаа хийж байна. Хүчингийн гэмт хэрэг үйлдсэн хүний амьдралын хэв маяг, төрсөн өссөн орчин, боловсрол, нас, зан суртахууныг тодорхойлно гэсэн үг л дээ. 

 -Улсын хэмжээнд гарч буй гэмт хэргийг ихэвчлэн архидалт, ядууралтай л холбож үзээд байдаг. Нарийвчлан судлахад “зүүн хойд талын хар овоохой болсон” архидалт, ядуурлаас үнэхээр болж байгаа нь ажиглагдах юм уу?

Хариулт:Ажилгүйдэл, ядуурал, архидалт гэсэн энэ “малгай” нэр томъёоны доор тухайн хүний гэмт хэрэг үйлдэхэд шууд нөлөөлсөн олон шалтгаан, нөхцөл тодорхой бус үлдэж ирсэн. Монгол улсад үйлдэгдэж буй гэмт хэрэг өсөхөд  ажилгүйдэл, ядуурал, архидалт нөлөөлж буй хүчин зүйл мөн үү гэвэл мөн, гэхдээ яг бодит тодорхой төрлийн хэрэг судлахад “Монгол улсын ажилгүйдэл эсхүл ядуурлаас болоод би энэ хэргийг үйлдсэн”  гэх тохиолдол огт байдаггүй. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шийтгээд явуулах нэг асуудал. Харин яагаад энэ гэмт хэрэг гарах болов, тухайн хүнийг ийм үйлдэл хийхэд юу нөлөөлөв гэдгийг тогтоох нь өөр асуудал юм. Тухайн хувь хүний хүмүүжил, зан төлөв, харьцаа тэр ч бүү хэл сэтгэл зүйн байдал, амьдралын буруу хэвшил мөн хохирогчийн буруутай үйлдэл гээд гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн олон шалтгаан нөхцөл байна. Тухайлбал: амиа хорлолтын судалгаагаар амь хохирогчдын 80 гаран хувь нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай, хаана хэнд хандахаа мэдэхгүй, 70 гаран хувь нь нээлттэй биш, асуудлаа хүнд ярьдаггүй нь тогтоогдсон. Тэгвэл Монгол улсын хүн амын эрүүл мэндийн үйлчилгээний нэг хэсэг болох сэтгэл зүйн тусламж үйлчилгээ иргэндээ бүрэн хүрч чадахгүй, сэтгэл зүйч гэдэг мэргэжил манайд үнэгүйдсэн, боловсролын салбар мэдлэг олгох хичээлд хэт анхаарснаас хүүхэд төлөвших, бэрхшээл даван туулах чадварт сургах, асуудлаа ярьж чаддаг болгох асуудал хаягдсан гэж судлаачийн хувьд дүгнэсэн. Хүн эхээс төрөхдөө алуурчин, хулгайч эсхүл хэнийг ч хайрлах сэтгэлгүй, зэрлэг балмад төрдөггүй. Тэгвэл тэр хүн ямар орчинд яаж өссөн бэ, гэр бүлийн хайр халамж, дулаан уур амьсгалд байж чадсан уу эсхүл гэр бүлийн хүчирхийлэл дунд, дутуу дулимаг өссөн үү, сургуульд сурч байхдаа бусдад ад үзэгдэж дээрэлхүүлдэг байсан уу асуудлыг хүчирхийллийн аргаар шийддэг аргыг хаанаас сурав гэх мэт өнөөдөр зүгээр байсан хүн маргааш гэмт хэрэг үйлдэх болсон шууд шалтгаан нөхцөлийг бид бие хүнийг судалснаар гаргаж ирнэ. Криминологийн шинжлэх ухааны ач холбогдол, нөлөөлөл нь гэмт явдал, гэмт явдлын шалтгаан, нөхцөл, гэмт хэрэгтний хувийн шинж, төрх, гэмт явдлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ буюу бодлого, гэмт хэргээс учирсан хор хохирол зэргийг судалдагаараа онцлог юм.  

-2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн шинэ хуульд зарим төрлийн хэргийн ялыг багасгасан. Иргэдийн зарим нь ялын бодлогыг зөөлөн болгосноор гэмт хэрэгтнүүдийг өөгшүүлж байна гэж үзэж байгаа. Танай хүрээлэн энэ талаар судалгаа хийж байгаа болов уу?

Хариулт:Энэ асуултыг би асуултаар хариулмаар байна л даа. Жишээ нь ямар төрлийн хэрэгт ял шийтгэл хатуу байгаад зөөлрүүлснээс болж хэдэн хувиар өссөн бэ? 2002 оны ЭХ-ийн тийм төрлийн хэрэгт оногдуулах ял шийтгэл нь хатуу байгаад 2017 оны хуулиар зөөлрүүлснээс болж тэд дахин эсхүл тэдэн хувиар өссөн гэдэг бодит судалгаан дээр үндэслэсэн, шалтгааныг нь судалсан судалгаа байхгүй бол бид таамгаар ярьж болохгүй ээ. Манай хүрээлэнгээс  бага насны хүүхэд хүчиндсэн гэмт хэргийн судалгааг сүүлийн 5 жилийн байдлаар судалж байна мөн ял шийтгэлийг нь ч давхар судалж байна. Судалгааны үр дүн 5 сарын сүүлээр гарах болов уу. Шинэ хууль үйлчилж эхлээд жил гаран л болж байна. Тэгэхээр 2016 онд тодорхой төрлийн хэрэгт шүүхээр ял шийтгүүлсэн хүмүүст оногдуулсан ял, хэргийн төрлийг 2018 оны жилийн эцэст шүүхээр шийдвэрлэсэн байдалтай харьцуулахад нэг тоо гарна. Зөвхөн ганц тоон үзүүлэлт бас бодитой судалгаа байж чаддаггүй гэдгийг бид бас бодолцох ёстой болов уу.  

-Зарим төрлийн гэмт хэрэгт, тэр дундаа бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгтнүүдийг цаазлах хэрэгтэй гэж төрийн тэргүүн үзэж хуулийн төсөл санаачлахаар болж байсан. Цаазын ялыг сэргээн хэрэглэх шаардлага үнэхээр байгаа юм уу?

Хариулт:Цаазын ялтай байх үед Монгол улсад хүчингийн гэмт хэрэг, хүн амины хэрэг гарч л байсан, аливаа асуудлыг нэг өнцгөөс харж дүгнэлт хийх нь өрөөсгөл шийдвэр гарахын үндэс болов уу. Цаазын ялтай байх хугацаанд энэ төрлийн хэрэг хэд гарч байсан одоо хэд болж өсөөд байгаа вэ, цаазын ялгүй болсон нь гэмт хэргийн гаралтад шууд нөлөөлсөн үү эсхүл өөр хүчин зүйл байна уу гэдгийг бид бодитоор судалж байж дүгнэлт өгөх ёстой болов уу. Одоогоос хэдэн жилийн өмнө сошиалаар мэдээлэл өнөөдрийнх шиг цацагддаггүй байсан, тухайн үед энэ төрлийн хэргүүд гарч шалгагдаж байсан боловч өнөөдрийнх шиг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлдэггүй байсан. Өнөөдөр гэмт хэрэг гэлтгүй нийгэмд болж буй сайн муу үйл явдлыг сошиалаар түгээж байна. Мэдээж энэ нь нэг талаараа сайн талтай нөгөө талаараа бас нийгмийг нэг талын мэдээллээр хангах, зарим тохиолдолд айдаст автуулах, бодлогогүй, судалгаагүй мэдээллээр бусдыг төөрөгдүүлэх сөрөг үр дагавартай байдаг.

-Монгол Улсад гарч буй нийт гэмт хэргийн дийлэнхийг хулгай эзэлдэг. Хулгай, архидалт, мансууралтай тэмцэх чиглэлээр төрөөс янз бүрийн хөтөлбөр хэрэгжүүлсэн ч үр дүнд хүрээгүй, гэмт хэрэг ихэссэн үү гэхээс буураагүй шалтгаан юу байна вэ?

Хариулт:Ажилгүй, орлогогүй байна гэдэг гэмт хэрэг үйлдэх шалтгаан биш шалтаг. Амар хялбар аргаар мөнгө олох хүсэл, хувь хүний залхуу, ухамсар дорой байдал гээд олон зүйл нөлөөлж байна. Мөн амьдралын буруу хэвшил, хэрэглээ ч нөлөөлж байна. Өнөөдөр залуучуудын дунд мансууруулах бодисын хэрэглээ нэмэгдэж байгаа зарим тохиолдолд бусдыг уруу татан оролцуулах түүгээр дамжуулж ашиг олох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн явцуу ухамсар, үйлдэл, гэр бүлийн үр хүүхдэдээ тавих хараа хяналт муу материаллаг хэрэгцээнд тулгуурласан хүмүүжлийн буруу арга барил бас л нөлөөлж байна. Өнөөдөр бид нар олон нийтийн телевиз, сайтаар үзүүлж байгаа киноны агуулга, нөлөөлөлд анхаарахгүй бол өсвөр насны хүүхэд залууст бас буруу сэдэл өгч байна.  Мансууруулах төрлийн бодистой холбоотой гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах ялын бодлогыг шинэ хуулиар чангатгасанг дурдах нь зөв болов уу. 

-Авлига, албан тушаалаа ашигласан, хээл хахуулийн гэмт хэрэг манай үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрээд байгаа шалтгааныг та судалсан байсан. Яаж энэ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гаргахгүй байх боломжтой бол?

Хариулт:Шинэ Эрүүгийн хуулинд авлигын төрлийн хэргийг НҮБ-ын конвенцод нийцүүлж баталсан нь манай улсын хувьд дэвшил юм. Байгалийн баялаг дагаж хөрөнгө оруулах, санхүүжүүлэх олон улсын сонирхол их байгааг бид бүгд мэднэ. Хамтын зарчим нэрийн доор шийдвэр гаргаж ашиг олдог бодлогын төвшний авлига нь тухайн улсын эдийн засаг цаашилбал үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх хэмжээний үр дагавартай байдаг. Улс төрийн хууль бус лобби, ашиг сонирхол мэдээж хувь хүний шунал, албан тушаалтны ёс зүйгүй байдал гээд олон шалтгаан байдаг. Гол нь албан тушаалтныг томилохоос эхлээд ажиллаж байх хугацаанд нь тавих хяналт хангалтгүй байна. Авлигын гэмт хэрэг үйлдэх арга нарийсч, сүлжээ нь өргөжиж байгааг өнөөдөр олон улсад ч ярьж сэрэмжлүүлж байна.

Өндөр төвшний авлига, албан тушаалын гэмт хэрэг, олон улсын байгууллага, банк, гадны хөрөнгө орууллалтай аж ахуйн нэгжүүд, санхүүгийн эх үүсвэр тодорхойгүй сан, буяны байгууллага, татвар төлөхөөс зайлсхийх, хар зах зээл дэх бэлэн мөнгөний эргэлтийг зогсоох, хууль бус эсхүл халхавчилсан үнэт цаасны арилжаа зэрэг зохион байгуулалттай үйлдэгддэг гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэх арга нь дээрх гэмт хэргийн улмаас олсон орлогыг илрүүлэх бөгөөд энэ бүх нөхцөлийг харгалзаж Монгол улс эрх зүйн орчиндоо мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоо оновчтой тодорхойлох, авлигын гэмт хэрэг шалгах тохиолдол бүрд мөнгө угаах гэмт хэргээр давхар шалгадаг практик тогтоох, мөнгө угаах гэмт хэргийн суурь гэмт хэргийг нэрлэж өгөх шаардлагатай гэж судлаачийн хувьд боддог.

Учир нь өндөр төвшний авлигын гэмт хэргээс олсон хууль бус хөрөнгөний төрөл хэлбэр маш олон янз байдаг ба бэлэн болон бэлэн бус хэлбэрээр тухайлбал банк юм уу томоохон аж ахуйн нэгж, орд газрын хувь эзэмших эрх бэлгэнд авах үүнийгээ хүний нэр дээр шилжүүлэх улмаар уг олсон эрхээр дамжуулж ашиг олох эсхүл уг хувьцаагаа бусдаар заруулах, оффшор дансанд байршуулах, гэр бүл, хамаатан садан, найз нөхдийн нэр дээр хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, хувьцаа, лиценз  зэргээр авилгын хэлбэр дүрсийг хувиргаж байдаг ба энэ нь зохион байгуулалттай явагдаж байдаг.

-Хүнийг бага балчраас нь ерөнхий боловсролын сургуульд сайтар хүмүүжүүлж чадаагүйгээс хэрэг, зөрчилд холбогдох гээд байдаг гэж үзэх хүн бий. Ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар юуг тусгавал үр дүнтэй байх бол гэдгийг танай хүрээлэн судалсан уу?

Хариулт:Амиа хорлох тохиолдлын судалгаанаас гарсан дүгнэлтээ товч хэлье. Өнөөдөр хүүхэд аюулгүй байх хамгийн найдвартай орчин бол сургууль, гэр. Хамгийн итгэлтэй, найдвартай аль ч үед тусалж дэмжих ёстой хүн нь багш, эцэг байх ёстой атал хүүхэд энэ орчинд хамгийн их ганцаардаж, тулгарсан асуудал, бэрхшээлээ хэнд ч ярьж чадахгүй байна. Хүүхэд төвтэй сургууль, эцэг эхийн харилцаа бодит бус, бие биедээ хэтэрхий найдаж хүүхдийг анхаарлын төвөөс алдчихсан, амьдралд хөл тавих гэж тэмүүлж байгаа хойч үедээ бэрхшээлийг даван туулах арга ухаан, асуудлын гарцыг зөв олж харах алсын харааг заахын оронд “дуугүй, томоотой эсвэл эрдэмтэй мундаг” хүн болгох гэж оролддог хүмүүжлийн буруу арга барил эргээд хүүхдийг нээлттэй бус болгож байгааг өөрчлөх болсон. Өсвөр насны хүүхдүүд нь зан төлөв, сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшиж амжаагүй байдаг учраас тэдэнтэй ярилцаж, тэднийг ойлгох, сэтгэл зүйн хямрал, гутрал, тогтворгүй байдлыг даван туулахад чиглэгдсэн сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байх нь эрсдэлтэй үйлдлээс урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм. Хүүхэд бүр эрдэмтэн болох албагүй. Магадгүй 10 жилийн сургуульд амьдралын ухаан тухайлбал гар урлал, техникийн сонирхолтой хөтөлбөрийн цагийг нэмэгдүүлбэл тухайн хүүхдийн ирээдүйд эерэгээр нөлөөлнө гэдэгт би итгэдэг. Медалийн төлөөх олон янзын тэмцээн уралдаан, түүнд түрүүлсэн эсэх нь хүүхдийн чадварыг үнэлэх үнэлэмж биш. Хүүхдийн зан төлөв, чадварт суурилсан сургалт их чухал гэж боддог. Хүнтэй харьцах, асуудлыг шийдэх гарцыг багас нь зааж сургаагүйгээс асуудлыг хүчирхийллийн аргаар шийддэг эсхүл асуудлаас зайлсхийдэг, өөртөө итгэлгүй хүн болоход нөлөөлж байна гэж судлаачийн хувьд хэлмээр байна.  

УЕПГ-ЫН СУРГАЛТ, СУДАЛГААНЫ ТӨВИЙН ГЭМТ ХЭРГИЙН ШАЛТГААН НӨХЦЛИЙГ СУДЛАХ ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРАЛ Ph.D Б.ӨНӨРМАА

 Эх сурвалж: Өнөөдөр сонин.

Холбоотой мэдээлэл
0 Сэтгэгдэл
ШИНЭ МЭДЭЭ
ХАТАГТАЙ ГРИШМА ПРАДХАНЫГ МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ "ХҮНДЭТ ТЭМДЭГ"-ЭЭР ШАГНАЛАА
5 мин
ХУУЛЬЧИД ШАГНУУЛЛАА
28 мин
ШИНЭ ХУУЛЬЧИД ТАНГАРАГ ӨРГӨЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАН АВЛАА
1 цаг 0 мин
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТ БОЛЛОО
2024-11-20 10:39
ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ӨГНӨ
2024-11-19 10:49
ӨМГӨӨЛӨГЧ ЦЭДЭНГИЙН ДЭЛГЭРНЯМД ТАЛАРХАЛ ИРҮҮЛЛЭЭ
2024-11-19 09:55
“Хиймэл оюун ухаан ба Шүүх эрх мэдэл” сэдэвт олон улсын хуралд Иргэний эрх зүйн хороо тэргүүн Г.Даваадорж оролцлоо
2024-11-18 11:06
“НИЙТИЙН ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГЦЭЭГ ҮНДЭСЛЭН ГАЗАР ЧӨЛӨӨЛӨХ ХАРИЛЦААНЫ ЭРХ ЗҮЙН ЗОХИЦУУЛАЛТ” СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2024-11-15 15:49
“ОЛОН УЛСЫН АРИЛЖААНЫ АРБИТР” СЭДЭВТ СЕРТИФИКАТ ОЛГОХ СУРГАЛТАД БҮРТГЭЖ БАЙНА
2024-11-14 15:57
ШИНЭ БҮТЭЭЛ МЭНДЭЛЛЭЭ
2024-11-13 12:39
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН НЭРЭМЖИТ ШАТРЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН БОЛНО
2024-11-13 09:55
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА
2024-11-11 14:57
МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО, ЖЕНДЭРИЙН ҮНДЭСНИЙ ХОРОО ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА
2024-11-08 11:54
ХУУЛЬЧИЙН МЭРГЭЖЛИЙН ДҮРЭМ, ЁС ЗҮЙН АСУУДАЛ ЭРХЭЛСЭН ХОРООНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛ БОЛЛОО
2024-11-08 11:19
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ  ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМ БОЛЛОО
2024-11-07 14:34
ЭМНЕСТИ ИНТЕРНЭШНЛИЙН ОЛОН УЛСЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА НАРЫН ГАЗРЫН БОДЛОГО, ЭРХ ЗҮЙ ХАРИУЦСАН ДЭД ЗАХИРАЛ ЯН ВЕТЦЕЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2024-11-07 12:51
“ХУУЛЬЧИЙН ЁС ЗҮЙН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛ” СЭДЭВТ ХУУЛЬЧДЫН СИМПОЗИУМЫН ХӨТӨЛБӨР
2024-11-05 16:02
“WHY MEDIATION? АРИЛЖААНЫ ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛЫН ТАЛААРХ КАНАД УЛСЫН САЙН ТУРШЛАГА” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА БОЛЛОО
2024-11-05 11:02
ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ УРЬЖ БАЙНА
2024-11-04 15:12
ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГА БОЛОН СЭТГҮҮЛЧДЭД ЗОРИУЛСАН ЭРХ ЗҮЙН МЭДЛЭГ ОЛГОХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ЗӨВЛӨХ БАГ СОНГОН ШАЛГАРУУЛНА
2024-10-31 15:23