Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсаар ахлуулсан ажлын хэсэг 2018 оны 05 дугаар сарын 03,04-ний өдрүүдэд Төв аймагт ажиллалаа. Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, шинээр батлагдсан хууль тогтоомжийг сурталчлах, Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажилласан бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, Хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалтыг зохион байгуулсан юм.
2018 оны тавдугаар сарын 03-ны өдөр Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунболд “Зөрчлийн тухай хууль”, ”Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль” сэдвээр, Анагаах ухааны доктор, хууль зүйн ухааны магистр, АШУҮИС-ийн ахлах багш М.Цэрэнбат “Стресс-менежмент” сэдвээр, тавдугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр “Худалдах, худалдан авах гэрээ” сэдвээр, “Хан голомт” консалтингийн захирал Ц.Азбаяр “Хуульчийн хөгжил”, “Хуульчийн харилцаа, хандлага” сэдвээр тус тус хичээл заасан бөгөөд сургалтад Төв аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 40 орчим хуульч хамрагдсан.
Мөн Хуульчдын холбоо нь төлбөрийн чадваргүй иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх ажлыг Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран зохион байгуулж, 30 гаруй иргэнд зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Түүнчлэн Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн тушаалаар Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа, Аймгийн прокурор С.Алимаа, өмгөөлөгч А.Мөнхтулга, аймгийн Цагдаагийн газрын Төлөвлөлт, зохион байгуулалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Х.Цэндсүрэн нарыг Хуульчдын холбооны “Хүндэт тэмдэг”-ээр шагнасныг гардуулан өглөө.