Монголын Хуульчдын холбооны Захиргааны эрх зүйн хорооноос 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр “Захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас учирсан хохирол, түүнийг шийдвэрлэх арга зам хэлэлцүүлэг” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлгийг Захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас учирсан хохирлыг барагдуулахад тулгарч буй бэрхшээлийг тодорхойлох, Захиргааны эрх зүйн хорооны гишүүд, хуульчдийг оролцуулан тэдгээрийн санал, шүүмжлэлийг сонсож мэргэжлийн хэлэлцүүлэг өрнүүлэх зорилготойгоор зохион байгуулсан.
Хэлэлцүүлгийг нээж Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, хууль зүйн доктор Ц.Цогт үг хэлсэн бөгөөд “Захиргааны байгууллагын шийдвэрийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэх эрх зүйн орчин, шүүхийн практик” сэдвээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна, “Захиргааны байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирлыг нэхэмжлэх эрх зүйн орчин ба тулгамдаж буй асуудал” сэдвээр хуульч (LLM, University of California, Berkeley) Ж.Эрхэмбаатар, “Төрийн жинхэнэ албан хаагчийг хууль бусаар чөлөөлсний улмаас төрд учирсан хохирлыг барагдуулах нь ” сэдвээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Нийтийн эрх зүйн тэнхимийн багш Э.Мөнхдаваа, “Захиргааны албан тушаалтны буруутэй үйл ажиллагааны улмаас нийтийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэх стратегийн өмгөөллийн төслийн тухай” сэдвээр хуульч Ө.Эрдэнэ-Очир нар тус тус илтгэл хэлэлцүүлцлээ.
Мөн Авлигатай тэмцэх газар, Үндэсний аудитын газар, Төрийн албаны зөвлөл зэрэг байгууллагаас төлөөлөл оролцон хуулиар хүлээлгэсэн өөрсдийн чиг үүргийн тухай санал солилцсон юм.
Хэлэлцүүлгийг Хуульчдын холбооны фэйсбүүк хуудсаар шууд дамжуулсан бөгөөд бичлэгийг https://www.facebook.com/MongolianBarAssociation/ хуудас руу орж үзнэ үү.