Монголын Хуульчдын холбооны Иргэний эрх зүйн хорооноос санаачлан Тамгын газартай хамтран "Цэвэр агаар-Эрүүл хуульч" өдөрлөгийг 2025 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр Манзуширын аманд байрлах "Овооны энгэр" жуулчны баазад зохион байгууллаа.
Хуульчдын эрүүл мэнд, бие бялдрыг чийрэгжүүлэх, амьдралын зөв дадал, хэвшил олгох зорилгоор зохион байгуулсан тус өдөрлөгт 60 гаруй хуульч оролцсон. Тэднийг сугалаагаар 6 багт хувааж, хөгжөөнт тэмцээн, уралдаанууд зохион байгуулсан бөгөөд хуульч Г.Даваанямаар ахлуулсан "Зүгээр л..." баг нэгдүгээр байрт, хуульч О.Билгүүнээр ахлуулсан "Нил ягаан" баг хоёрдугаар байрт шалгарсан.
Тус өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч П.Одгэрэл, Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Иргэний эрх зүйн хорооны тэргүүн Г.Даваадорж болон тус хорооны удирдах зөвлөлийн гишүүд хүрэлцэж ирж, оролцогчдод амжилт хүссэн юм. Мөн өдөрлөгт өмгөөллийн "Легал гайд", "Анта партнерс", "Монгол өмгөөлөгч" нөхөрлөлийнхөн идэвхтэй оролцсон.
Энэ удаагийн өдөрлөгийг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж ажилласан "Легал гайд" ХХН-ийн захирал Ч.Отгонбаатар болон залуу хуульч Г.Халиун, Г.Нямбаяр, Г.Чингүүн нарт талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.