Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хуульчдын холбоотой хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах тухай албан бичиг ирүүлсэн билээ. Энэхүү албан бичгийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс МХХ-ны Захиргааны эрх зүйн хорооны тэргүүн, шүүгч Т.Мөнх-Эрдэнэ нарыг хүлээн авч уулзлаа.
Тус уулзалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь Хуульчдын холбоотой хамтран хуулийн төсөл дээр хамтран ажиллах, хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгад хуульчдын оролцоог нэмэгдүүлэх, санал авах, тодорхой сэдвүүдээр хэлэлцүүлэг, уулзалт, семинар зохион байгуулах, хөдөлмөр, нийгэм хамгааллын чиглэлээр мэргэшсэн хуульч бэлтгэх талаар ярилцав. Мөн иргэн, төрийн албан хаагч хоорондын харилцааг сайжруулах чиг үүргийн хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр тодорхой ажлуудыг үе шаттай хийх талаар санал бодлоо солилцож, хамтын ажиллагааны санамж бичгийн төсөлд нийт 6 үндсэн ажлыг тусгалаа.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хөдөлмөрийн асуудал хариуцсан зөвлөх Г.Гантөгс, ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Алимаа болон бусад холбогдох албаны хүмүүс оролцов.