Өнөөдрийн танилцуулах зочин маань залуу үеийн шилдэг хуульчдын нэг Б.Солонгоо юм. Нийслэлийн 11-р сургууль, Унгар улсад Өөтвөш Лорандын шинжлэх ухааны их сургуулийг хууль эрх зүйгээр төгссөн тэрээр ажлын гараагаа MCS Холдинг компаниас эхлүүлж, дэлхийн топ хуулийн фирмүүдийн нэг Hogan Lovells-д 6 жил ажиллажээ. Энэ хооронд Чевенингийн тэтгэлгээр Шотланд улсын Дандийгийн их сургуульд уул уурхайн эрх зүй, бодлогоор магистр, мөн 2015 онд Харвардын хуулийн сургуульд магистрын зэрэг хамгаалж, Англи болон АНУ-ын Нью Йорк мужийн хуулиар зөвлөгөө өгөх эрхтэй болжээ. Б.Солонгоо хуульч 2017 оны сүүлээр Avinex Partners хуулийн фирмийг хамтран байгуулж, дотоод гадаадын компаниудад санхүү, бизнесийн эрх зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа юм. Ингээд эзэмшсэн мэргэжлээрээ дамжуулан нийгмээ сайн сайхан болгохын төлөө зорьж яваа түүнтэй та бүхнийг уулзуулъя.
Байршил: Улаанбаатар
Эрхэлж буй ажил, албан тушаал: Avinex Partners ХХН-ийн үүсгэн байгуулагч, партнер; Монголын Бизнесийн Зөвлөлийнудирдах зөвлөлийн гишүүн, Монголын Бадминтоны Холбооны удирдах зөвлөлийн гишүүн
Хэрэглэдэг компьютер: Dell Inspiron
Хэрэглэдэг гар утас: iPhone 8
Сошиал хуудсууд: Solongoo Bayarsaikhan
ТА АЖЛАА ЯМАР АРГА БАРИЛААР ХИЙДЭГ ВЭ?
Ажилдаа 9 цагт ирж, ажлуудаа яаралтай, чухлаар нь эрэмбэлэн хийж эхэлдэг. Бид хэд хэдэн хэлцэл дээр зэрэг ажилладаг болохоор хурдтай, үр дүнтэй ажиллах шаардлагатай. Ер нь өдөр болгон өөр шүү. Тухайн өдөр хэр их уулзалттай байгаагаас хамааран ажлаа төлөвлөнө. Сүүлийн үед өдөртөө дор хаяж 2-3 уулзалт хийдэг болсон байна. Гэрээний төсөл боловсруулах, хянахад, илүү төвөгтэй хууль зүйн асуудлаар зөвлөгөө өгөхөд нэлээн төвлөрч суух шаардлагатай. Түүнчлэн, ажлаа хийхээсээ өмнө сайн бодож явж байгаад цаасан дээр буулгах тохиолдол бий. Ер нь өдөрт олон уулзалт хийж, имэйлээр харилцах шаардлагатай байсан ч ажилдаа төвлөрч суух цаг заавал гаргадаг. Зарим өдөр оройн 6 цагаас хойш ингэж төвлөрч суудаг.
Хуулийн фирм ер нь багаар ажилладаг. Туршлага багатай хуульчид илүү олон тоогоор, тэдний ажлыг хянаж удирддаг партнер буюу нөхөрлөлийн гишүүд цөөн тоотой байдаг. Тийм болохоор ажлын оновчтой хуваарилалт хийх чухал байдаг.
ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АЖЛЫН ХЭРЭГСЭЛ, ПРОГРАМ, АППЛИКЭЙШНЭЭСЭЭ НЭРЛЭНЭ ҮҮ?
Outlook-ийг имэйлд болон цаг нартай ажлуудаа тэмдэглэхэд ашигладаг. Word зэрэг оффисийн програмууд бол ойлгомжтой. Хуулийн фирмүүдэд ашигладаг цаг бүртгэлийн гэх мэт мэргэжлийн зарим нэг програм бий. Хуулийн фирмүүд ашигт ажиллагаагаа цагаар бүртгэж, үйлчилгээний хөлсөө цагаар хэмжиж гаргадаг л даа. Бусдаар бол хуулийн фирмүүд нэлээн уламжлалт арга барилтай. Шинэ технологиудыг тэр болгон хурдан нэвтрүүлээд байдаггүй.
Мэдээллийг News.mn, Gogo.mn, UB Info, The Financial Times, The Guardian, BBC зэрэг сувгуудаас авдаг. Сошиал медиагаас Фэйсбүүк, ЛинкэдИн, Инстаграм ашигладаг юм байна.
ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?
Хуулийн фирмийн хувьд загвар гэрээнүүдийг олноор үүсгэх ёстой байдаг. Ингэж байж цаг хэмнэж хурдан ажиллах боломж бүрдэнэ. Мөн ажиллаж буй салбаруудынхаа хууль эрх зүйн орчныг нарийн сайн мэдэх, бизнесийн орчныг нь ойлгох шаардлагатай байдаг болохоор сүүлийн үед болж өрнөж буй үйл явдлуудаас хоцрохгүй байх нь эргээд цаг хэмнэдэг.
ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ТА ЮУН ДЭЭР ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?
Дэвтэр дээрээ бичээд, хийж дуусмагцаа дараад явдаг. Мөн Outlook-ийг сануулга тавих, уулзалтууд зооход ашигладаг.
ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?
Мэргэжлийнхээ ажилд өөрийгөө сайн гэж итгэдэг. Гэрээний төсөл, хөрөнгө оруулалтын загвар боловсруулах, хууль зүйн гаргалгаа гаргах зэрэгт туршлагажсан. Хэлцэл хийж буй талууд эхлээд Term Sheet гэх харилцан ойлголцлын баримт бичиг дээр тохиролцсон гол зүйлсээ оруулдаг юм. Түүнийг гэрээнд логиктойгоор, зөрчилгүйгээр шингээж оруулах үйл явц надад их сонирхолтой байдаг.
Мөн найзууд маань тоглоом шоглоомоор намайг эвент, арга хэмжээ сайн зохион байгуулдаг гэж хэлдэг шүү. Бас хоол хийхдээ дажгүй байх. Ажлын стрессийг хоол хийж гаргах дуртай болсноо анзаарсан.
ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?
Бидний ажил бол мэргэжлийн зөвлөх үйлчилгээний нэг төрөл юм. Байгууллагууд бидэнд хандан хууль зүйн мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа авдаг. Тийм болохоор их хариуцлагатай ажил. Хэдийгээр бид ашгийн төлөө хуулийн этгээд ч гэсэн хамгийн түрүүнд мэргэжлийн хариуцлага, ёс зүйг тавьдгаараа бусад бизнесийн байгууллагуудаас ялгаатай. Ашиг сонирхлын зөрчлөөс зайлсхийх, үйлчлүүлэгчийн нууцыг хамгаалах зэрэг ёс зүйтэй холбоотой олон зүйлс бий. Нэгдүгээрт үйлчлүүлэгчийн эрх ашиг, хоёрдугаарт ашиг тавигдах ёстой.
Мэргэжлийн зөвлөх үйлчилгээний салбар нь Монголд одоо хөгжиж л явааг бас дурдах хэрэгтэй болов уу. Консалтинг үйлчилгээг зардал гэж хардаг байгууллагууд олон байна. Үүнээсээ болоод хийж буй гэрээнүүдээ сайн хянахгүй байх, гэрээгээ сайн уншилгүй байгуулах тохиолдол их ажиглагдах юм. Ялангуяа олон хуудас бүхий, өндөр үнийн дүнтэй гэрээнүүдийг маш сайн хянах шаардлагатай. Гол арилжааны нөхцөлүүд нь зөв байлаа ч үйл ажиллагаанд нь нөлөөлөх бусад хязгаарласан зүйл заалтуудыг нарийн анзаарах хэрэгтэй. Нэгэнт гэрээнд гарын үсэг зурчихсаныхаа дараа эргэж буцах нь маш мэргэжлийн бус харагдана. Тэгэхээр энэ талын ойлголтыг нэмэгдүүлэх, зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг таниулах нь бидний бас нэг сорилт байдаг.
Нөгөөтэйгүүр, сайн хуульч байхын тулд маш их хөдөлмөрлөх ёстой байдаг. Их сууж, байнга уншиж судалж, өөрийгөө сорьж, ур чадвараа цаг ямагт ахиулж байж өрсөлдөөнд ялгарна. Хувь хуульчид мэргэжлийн буюу техник чадвартай байх ёстой бол өөрөө фирм байгуулаад явахаар менежментийн ур чадварууд мэдээж хэрэг болж байна. Захиргаа, хүний нөөцийн асуудлууд гарч ирнэ. Ялангуяа хуулийн фирмд хүний нөөц маш чухал тул хүмүүсээ сургахад их ач холбогдол өгч, цаг зарцуулахыг эрмэлзэж байгаа.
ТА ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРЧ АЖИЛЛАЖ БАЙГАА ВЭ?
Одоо хэд хэдэн томоохон хэлцлүүд дээр ажиллаж байгаа ч мэдээж үйлчлүүлэгчдийн нууцлалыг хадгалах ёстой болохоор ярих боломжгүй байна. Үндсэн ажлаас гадна хэд хэдэн байгууллагын удирдах зөвлөлд ажиллаж байна. Энэ жил Монголын Бизнесийн Зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллан Хууль, татвар, ёс зүйн ажлын хэсгийг даргалах үүргийг хүлээгээд байгаа. Бизнесүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд хууль эрх зүйн орчинд тулгарч буй асуудал ямар байна, ямар шийдэл, өөрчлөлтүүд хэрэгтэй байгааг тодорхойлох платформыг бий болгож, энэ жил хийх ажлын төлөвлөгөөг гаргахаар ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд татварын багц хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлгүүдэд оролцож, Монголын бизнесийн зөвлөлийг төлөөлөн саналаа хэлж байгаа. Татварын багц хууль батлагдвал бизнесийн орчинд эергээр нөлөөлж, татварын бааз суурь өргөжиж, цаашлаад эдийн засгийн өсөлтийг дэмжих хүлээлт байгаа. Ер нь бизнесийн орчныг сайжруулахын тулд хувийн хэвшил нь төртэйгөө сайн хамтарч, шийдлүүдээ гаргаж ирэх ёстой л доо. Аливаа зохицуулалт ойлгомжгүй юм уу асуудалтай байна гэхээс илүү тодорхой шийдэл нь юу байх вэ гэдэг дээр анхаарах нь зүйтэй байх. Эрх зүйн орчин нь тодорхой, ойлгомжтой байж л манай бизнес орчны өрсөлдөх чадвар сайжирч, эрсдэлүүд буурна. Бизнесийн орчинд хууль эрх зүйн зохицуулагдаагүй буюу зохицуулалтыг сайжруулах шаардлагатай асуудлууд цөөнгүй байгаа. Жишээ нь гэхэд одоо хурдтай хөгжиж буй финтек салбар байна. Зохицуулалтгүй байгаа үед бол бидэн шиг хуульчид боломжит гаргалгаануудыг гаргах ёстой.
Өнгөрсөн жил манай фирм Хөгжлийн Банк 500 сая долларыг олон улсын зах зээлээс босгоход зөвлөсөн юм. Мөн Frontclearсангаас репо, своп хэлцлүүдийг Монголын томоохон хоёр банктай ISDA, GMRA зэрэг олон улсын жишиг стандарт гэрээний дагуу хийхэд зөвлөгөө өгсөн. Санхүүгийн зах зээлийн хэлцлүүд надад сонирхолтой бөгөөд цаашид сайн хөгжүүлэх ёстой юм шиг санагддаг. Санхүүгийн үүсмэл бүтээгдэхүүний хэрэглээ тэлснээр валютын захын хөрвөх чадвар сайжирч валютын ханшны хэт савлагаа, хэлбэлзлийг бууруулах, төгрөгийн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой. Хүмүүс одоо хөрөнгийн зах зээл чухал гэдгийг мэддэг болж байна, үүнийг дагаад санхүү, мөнгөний зах зээл ч хөгжих ёстой гэж боддог. Энэ чиглэлийн ажлыг цаашид хийх сонирхолтой байгаа .
Мөн Монголын Хуульчдын Холбоонд дээр хуульчдын үргэлжилсэн сургалтын хүрээнд хичээл заадаг. Эрх авсан хуульчид жилд 4 кредитийн сургалтад хамрагдах үүрэгтэй байдаг юм л даа. Энэ жил хоёр хичээлийн хөтөлбөр шинээр боловсруулахаар ажиллаж байна.
ТА ХЭР ИХ УНШДАГ ВЭ? ОДОО ЯМАР НОМ/НИЙТЛЭЛ УНШИЖ БАЙНА?
Номыг голдуу Kindle дээр татаад уншдаг. Сүүлд "Хөрөнгө оруулагч үндэстэн" чуулганы "Дижитал Трансформаци" гэсэн хэлэлцүүлэгт орохдоо энэ чиглэлийн номуудыг сонирхож уншсан юм байна. Түүнийн өмнө хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой номуудыг сонирхож харсан. Ер нь сүүлийн үед хийж байгаа ажилтайгаа холбоотой номуудыг уншиж, дэлхийн улсуудын чиг хандлагыг их сонирхдог болсон.
Урьд нь уран зохиолын ном их уншдаг байсан, одоо харин цаг зав гарахгүй болсон байна лээ. Маргарет Атвүүдийн зохиолууд болон Шотландын Уиллиам Далримпл гэх зохиолчийн In Xanada: A Quest", "City of Djinns" зэрэг номуудад дуртай. Мөн аяллын тэмдэглэлүүд унших их сонирхолтой байдаг.
ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ТӨРЛИЙН ХӨГЖИМ СОНСОХ ДУРТАЙ ВЭ?
Одоо бол жазз хөгжим илүү сонсоод байх шиг байна. Ажиллаж байх үедээ заримдаа хөнгөн, сүүлийн үе рок, поп дуунуудыг тавьчихдаг. Олон жанраар дуулдаг Пинк Мартини гэх хамтлагт дуртай байлаа. Америкийн фолк рок, инди рок бас их сонсдог байлаа. Гэхдээ хөгжмийн сонирхол, таашаал цагаас цагт өөрчлөгдөөд байгаа мэт санагддаг.
ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?
Шөнө 12 цагаас хэтрэлгүй амрахыг хичээдэг дээ. Ер нь сүүлийн үед сайн амрахад анхаарах ёстой юм байна гэж боддог болсон. Өдөртөө дор хаяж 7 цаг унтахыг хичээдэг.
ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?
Найзуудтай уулзана, гэрийнхэнтэйгээ хамт байхыг бодно. Түрүүнд хэлсэнчлэн янз бүрийн жор туршин хоол хийх бас их дуртай болоод байгаа. Нэг хэсэг нэлээн их ууланд алхдаг байсан, одоо ойр ойрхон хөдөө явдаг болъё гэж бодоод л байгаа.
Мөн хааяа фитнесст явна, усанд сэлнэ. Бадминтоны холбооны удирдах зөвлөлийн гишүүний хувьд энэ спортыг хөгжүүлэхэд, сурталчлах ажлуудад оролцдог. Бадминтон бол манайд сайн хөгжих бүрэн боломжтой гоё спорт. Өнгөрсөн жил би 7-р сард Азийн Бадминтоны Холбооны эмэгтэй гишүүдэд зориулсан сургалтад суусан юм. Ингээд нэг жилийн дотор сурагч охидод зориулан арга хэмжээ зохион байгуулах үүрэг хүлээсэн, энэ хавар 5-6 сарын үед зохион байгуулахаар төлөвлөж байна. Ер нь дунд сургуульд зөвхөн сагс, воллейбол гэх мэт цөөн тооны уламжлалт спортыг заагаад байх биш олон спортыг нийтэд таниулж, нийтийн биеийн тамирыг хөгжүүлбэл зүйтэй санагддаг.
ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ИЛҮҮ ДОТОГШОО ЮУ?
Энийг хүн их ярихаар энергиэ алддаг уу, үгүй юү гэдгээр бас тооцоод байдаг даа. Түүгээр бодвол интроверт хүн ч юм шиг. Гэхдээ хуульч хүн бусадтай нээлттэй байж сайн ярилцах ёстой байдаг. Аль аль нь хосолдог байх.
ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?
Сурч байх үедээ багш нараасаа их үлгэр дууриал, урам зориг авдаг байв. Хуульч хүн өөрийгөө яаж хөгжүүлэх ёстой, нийгэмд ямар үүрэгтэй байх талаар багш нараасаа ихийг сурсан шүү. Одоо бол мэдээж хийсэн ажил үр дүнтэй болж, үйлчлүүлэгчдэдээ хэрэгтэй зөвлөгөө өгч чадсан бол их урам авдаг.
Мөн өвөө эмээ хоёрыгоо харахаар улам л идэвхтэй амьдрах юм сан гэж бодогддог. Манай эмээ ялангуяа маш сэргэлэн, идэвхтэй хүн байдаг юм.
За тэгээд өдөр тутам хүний амьдрал үргэлжилнэ, өөрчлөгдөнө. Олон хүнтэй уулзаж танилцаж, хүн болгоноос суралцаж, сайн чанаруудыг нь өөртөө шингээх юм сан гэж хүсдэг.
ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?
Хүн ажлаа сайн хийгээд явж байхад өөрийнх нь огт бодож төсөөлж байгаагүй зүйлс бодит болдог юм билээ. Би Унгарт сурч байхдаа Harvard Law Review их уншдаг, судалдаг байлаа. Харвардад сурна гэж бодож төлөвлөж байгаагүй ч Нью Йоркийн хуульчийн шалгалтыг өгөхийн тулд АНУ-д заавал нэг жил сурах болоод, сургуулиудад өргөдөл явуулж, улмаар тус сургуулийг сонгосон юм. Тэнд сурч байхад АНУ-ын Төрийн департментийн нарийн бичгийн дарга буюу Гадаад хэргийн сайд асан Мадлин Олбрайт нэг бүтэн өдөр бидэнтэй дурсамжаа хуваалцсан юм. Тэгтэл ярьж байсан зүйлсийг нь 90-ээд оны сүүлээр телевизээр их сонсдог байсан маань тодроод ирсэн. Энэ хүнийг өөрийг нь ярихыг дэргэдээс нь сонсоод сууна гэж хэзээ ч бодож төсөөлж байгаагүй.
Эндээс үүдээд хүн ирээдүйгээ харж чадахгүй ч хичээж шамдаж явбал хүрэх амжилт бол зөвхөн өөрийн төсөөллөөр хэмжигдэхгүй юм байна гэж бодох болсон. Мэдээж хэрэг хүнийг орчин нөхцөл нь тодорхой хэмжээгээр хязгаарлах хэдий ч өөрийн боломж, ур чадварыг байнга нэмэгдүүлж, нөхцөл байдлаа хэрхэн өөрчилж шинэ орчин үүсгэх вэ гэж боддог байвал хязгаараа тэлдэг юм байна гэж итгэдэг.
ГАДААД ХЭЛ СУРСАН АРГА, ТУРШЛАГААСАА ХУВААЛЦВАЛ?
Миний хувьд их л уншиж байж, их л сууж байж гадаад хэл сурсан даа. Ер нь гадаад хэл сурна гэдэг ихээхэн цаг зарцуулах шаардлагатай зүйл гэж боддог. Тийм ч амархан сурчихгүй. Ялангуяа мэргэжлийн чиглэлийн номууд уншвал бичгийн чадвараа үр дүнтэй сайжруулах боломжтой гэж боддог. Уран зохиолын ном уншихаар үйл явдалд нь автаад хэлний бүтэц, логикийг анзаарахгүй өнгөрдөг тал байдаг шүү дээ. Харин мэргэжлийн ном нь энгийн хэлээр бичигдсэн тул логик, бүтцийг нь ойлгоход тустай, бас хүний мэргэжлийн суурь мэдлэг тухайн номыг уншихад дэм болдог гэж боддог юм. Хадмал орчуулгатай кино үзэх бас тун зүгээр арга гэж боддог. Миний хувьд Унгарт 6 жил унгар хэл сураад мэргэжлийн улсын шалгалтаа унгаруудаас илүү дүнтэй өгч байсан шүү. Одоо даанч хэрэглэх нь бага байна. Харин одоо бол өдөр тутмын ажлаа монгол, англи хэлээр явуулж байна. Өөр хэл үзэх хүсэл байдаг ч цаг зав үнэхээр боломжгүй юм. Уг нь герман, франц, хятад хэлүүдийг үзэхээр эхлүүлж л байсан.
ЗАЛУУ МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ХАНДАН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?
Бакалаврын нэг багш маань аль болох залуудаа мэдлэг чадвараа ахиулахын чухлыг их захидаг байсан юм. Одоо эргээд бодоход энэ нь маш чухал юм шиг санагддаг. Ялангуяа гадаад хэлийг эртхэн л сайн сурах ёстой юм шиг. Жил ирэх тусам хүний амьдрал тогтворжиж, чөлөөт цаг багасдаг. Оюутан байхдаа, ажил дээр гараад удаагүй байхдаа маш идэвхтэй суралцах ёстой юм байна гэж боддог.
За тэгээд шаргуу хөдөлмөрлөх, тууштай байх хэрэгтэй гэдэг бол ойлгомжтой. Хүн чинь өөрөө өөртөө л эзэн байх ёстой гэж боддог. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг үгэнд би дуртай. Өөрийн туршлагаас харахад, өөрт сонирхол төрүүлэх, цааш судлах хүслийг бадраах тийм талбар, чиглэлээ олох нь их чухал юм шиг санагддаг. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн болж, ажлыг хийсэн шиг хийдэг болох шиг сайхан зүйл гэж байхгүй болов уу.
ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?
Deloitte-ийн Шанхай дахь оффисийн бизнес консалтингийн стратеги, үйл ажиллагааны зөвлөх салбарт партнераар ажилладаг Н.Энхзаяа эгчийг санал болгоё. Хятадын зах зээлд хятадуудтай мөр зэрэгцэн амжилттай ажиллаж буй чадварлаг эмэгтэй.
Lifehacker сайтаас санаа аван эхлүүлсэн “Би хэрхэн ажилладаг вэ?” булангаараа бид лхагва гараг бүр амжилттай яваа, бүтээлч хүмүүсийн ажиллах арга барил, дадал хэвшлийг танилцуулдаг. Та хэн хэний ажлын арга барилтай танилцмаар байгаагаа editor@unread.today рүү бичээрэй.
Эх сурвалж:http://www.unread.today/