Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарсаар ахлуулсан ажлын хэсэг 2019 оны хоёрдугаар сарын 25, 26-ны өдрүүдэд Хэнтий аймагт ажиллалаа.
Ажлын хэсэг нь Монголын Хуульчдын холбооны үйл ажиллагааг таниулах, хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах зорилготойгоор орон нутагт ажиллаж байгаа бөгөөд орон нутгийн хуульчдаас санал болгосон сэдэвт тулгуурлан сургагч багшийг сонгож, хуульчийн үргэлжилсэн сургалтын 3 багц цаг олгох сургалт явууллаа. Тодруулбал, УЕПГ-ын Сургалт, судалгааны төвийн хяналтын прокурор Г.Оюунбаяр “Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулийг хэрэглэхэд тулгамдаж буй асуудал” сэдвээр, Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зохицуулалт” сэдвээр, АШУҮИС-ийн багш, анагаах ухааны доктор, дэд профессор, хууль зүйн ухааны магистр М.Цэрэнбат “Стресс менежмент” сэдвээр тус тус хичээл заасан бөгөөд сургалтад Хэнтий аймагт хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа явуулж буй 40 гаруй хуульч хамрагдсан юм.
Мөн сургалтын үеэр Тамгын газрын дэд дарга Ш.Жолбарс Хуульчийн үргэлжилсэн сургалт зохион байгуулах, багц цаг тооцох журамд орсон нэмэлт, өөрчлөлт болон Монголын Хуульчдын холбооны 2018 онд хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2019 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, Хуульчдын холбооноос нэвтрүүлж буй “хуульч” аппликэйшний талаар танилцуулга, мэдээлэл өглөө.
Хуульчдын холбоо нь хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх, төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг. Энэ хүрээнд Хуульчдын холбооны Хуульчийн нийтэд тустай мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлсэн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн З.Алтангэрэл хорооны үйл ажиллагаагаа танилцуулж, сурталчлахын зэрэгцээ Хууль зүйн туслалцааны төвтэй хамтран Хэнтий аймгийн иргэдэд хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгсөн юм.