Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны 2019 оны анхдугаар уулзалт боллоо
Монголын Хуульчдын холбооны Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны 2019 оны анхдугаар уулзалт нь 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн “Хуульчдын танхим”-д боллоо. Уулзалтад Монгол Улсад үйл ажиллагаагаа эрхлэн явуулж буй 41 өмгөөллийн нөхөрлөлөөс 50 гаруй хуульчид оролцож санал солилцсон.
Тус уулзалт нь Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны гишүүдийн тоог нэмэгдүүлэх, Өмгөөллийн нөхөрлөлүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх, хорооны 2019 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төлөвлөгөөт ажлууд дээр санал солилцох зорилготой байсан бөгөөд дараах асуудлуудыг хэлэлцлээ.
- Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүн асан Б.Баяр өмнөх онд хэрэгжүүлсэн арга хэмжээний тухай товч танилцуулж хэлэлцүүлэв.
- Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны тэргүүн Б.Батзаяа 2019 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөт ажлуудыг танилцуулж, хуралд оролцогчдын зүгээс өөрийн саналыг илэрхийлж төлөвлөгөөт ажлуудад хамтран ажиллах бүрэн боломжтой тухай тус тусын саналыг хүргүүллээ.
- МХХ-ны гишүүн, ТЕГ-ын хуулийн хэлтсийн дарга Б.Болдбаатар “Өмгөөллийн нөхөрлөлүүдийн татвар” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, хуульчдын дунд Өмгөөллийн нөхөрлөлийн татварын асуудлаар хэлэлцүүлэг өрнөлөө.
- Монголын Хуульчдын Холбоонд бүртгэлд ороогүй байгаа Өмгөөллийн нөхөрлөлүүдийг бүртгэлжүүлэх талаар хэлэлцлээ.
Тус хурлын үеэр нийт 38 хуульч Өмгөөллийн нөхөрлөлийн хөгжлийг дэмжих хорооны гишүүн болох хүсэлтээ илэрхийллээ.
ӨМГӨӨЛЛИЙН НӨХӨРЛӨЛИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ХОРОО