Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгчийн 2019 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн 18 дугаар тушаалаар тус холбооны гишүүнээр элссэн 36 шинэ хуульчийн тангараг өргөх ёслолын ажиллагааг 2019 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр “Хуульчдын танхим”-д зохион байгууллаа.
Тангараг өргөх ёслолын ажиллагаанд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Зоригтбаатар, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, Хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Бат-Орших, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, доктор, дэд профессор Д.Сүнжид, Хуульчдын холбооны Зөвлөлийн гишүүн, хуульч, өмгөөлөгч З.Сүхбаатар, Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ц.Ганболд нарын зочид оролцсон. Тэд тангараг өргөх ёслолын үеэр шинэ хуульчдад мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээ гардуулж, баяр хүргэсэн юм.
Хуульчдын холбооны гишүүнээр элссэн эдгээр шинэ хуульч нь хүний эрх, иргэний хууль ёсны ашиг сонирхлыг хүндлэн дээдэлж, хуульчийн үүрэг, мэргэжлийн дүрмээ чанд сахиж, шударга ёсны манаанд хоёргүй сэтгэлээр зогсож чадахаа төр, ард түмэндээ ийнхүү батлан тангараглалаа.
Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасны дагуу хуульчийн мэргэжлийн шалгалтад тэнцэж батламж авсан иргэн нь батламжаа авсан өдрөөс хойш 90 хоногийн дотор Хуульчдын холбоонд гишүүнээр элсэх өргөдлөө гаргах ёстой. Үүний дагуу Хуульчдын холбооны гишүүнээр элсэх өргөдлийг тус холбооны Тамгын газар 2018 оны аравдугаар сарын 24-ний өдрөөс авч эхэлсэн бөгөөд гишүүнээр элсэх өргөдлийг хүлээн авах хугацаа 2019 оны нэгдүгээр сарын 26-нд дуусгавар болно.
ТАНГАРАГ ӨРГӨХ ЁСЛОЛЫН ЗУРГИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!